МҮХАҮТ-ын дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлийн ээлжит уулзалт зохион байгуулагдлаа
МҮХАҮТ-ын дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлийн ээлжит уулзалт 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “Юнител групп” ХХК-ийн оффис дээр зохион байгуулагдлаа.
“Юнител групп” ХХК нь бизнесийн үйл ажиллагаандаа ISO37301|2021 стандартаар комплаенсийн засаглалийг нэвтрүүлэн амжилттай ажиллаж байгаа цөөн тооны компаниудын нэг юм. Зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, тус компанийн Эрсдэл, хууль, комплаенс хариуцсан Дэд захирал Л.Пагмасүрэн уулзалтын үеэр гишүүдэд комплаенсийн үйл ажиллагааны процесс хэрхэн яаж явагддаг талаар товч танилцуулж туршлага, мэдээлэл солилцсон юм. Тэрээр “Комплаенс тухайн аж ахуйн нэгжийн соёл болох ёстой. Компанийн буруу, алдаатай засаглалаас болж ажилтанд, бизнест хохирол учрахгүй байх нь маш чухал” хэмээн онцлов.
Уулзалтаар Зөвлөлийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, зөвлөлийн гишүүдийг идэвхижүүлэх, чадавхижуулах чиглэлээр бизнесийн эрх зүйн салбарын олон улсын конференс, сургалт, үзэсгэлэнгүүдэд хамрагдаж байх нь олон талын ач холбогдолтой талаар хэлэлцэж энэ онд хэрэгжүүлэх талаар үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгалаа.










