ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА

“Төр, олон нийтийн хяналтын тухай хууль” /Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга/-ийн үзэл баримтлалын төслийг бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжийн төлөөлөлд танилцуулах хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын Дэд захирал Ч.Баттулга, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатар, Эдийн засаг, хөгжлийн сайдын зөвлөх Б.Баярсайхан болон бизнесийн төлөөлөл оролцов.

Уулзалтын үеэр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, холбогдох судалгааны үр дүн, олон улсын сайн туршлага, судалгааны тайланг танилцуулж, “Төр, олон нийтийн хяналтын тухай хууль”-ийн төслийн үзэл баримтлал болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.

Хэлэлцүүлгээр бизнес эрхлэгчид хяналт шалгалтын эрх зүйн орчин, хэрэгжилтэд тулгамдаж буй практик хүндрэл, зохицуулалтын давхардал, шалгуур, шаардлагын тодорхой байдал, хяналтын үйл явцын ил тод байдал зэрэг асуудлаар санал, байр сууриа илэрхийлэв. Мөн бизнесийн орчинд хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан, ойлгомжтой, уялдаатай, ил тод байдлаар хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.