(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“WOMEN OWNED” тохирлын тэмдэг

МҮХАҮТ Голомт банктай хамтран  үйл ажиллагааны зорилго, эрхлэх асуудлын хүрээнд бизнесийн орчныг сайжруулах, жижиг дунд, бичил бизнес эрхлэгчид түүний дотор бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, бүтээмжийг дээшлүүлэх, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх,  тогтвортой санхүүжилтыг дэмжих зорилгоор  “WOMEN OWNED”  эмэгтэй бизнес эрхлэгч гэсэн шошго, тохирлын тэмдэгийг   санаачлан, хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Энэ шошгоор  бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг хөгжүүлэх, дэмжих, тэдэнд тулгарч байгаа зах зээлийн саад бэрхшээлийг арилгах, бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгарлыг бий болгох, эмэгтэй удирдлагатай бизнесийг олон нийтэд таниулах, сурталчлах зорилгыг агуулж байна.

“Women Owned” бизнес эрхлэгч эмэгтэй тохирлын тэмдгээр дамжуулан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтыг ханган ажиллах бодлогынхоо хүрээнд зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжин тэгш бус байдлыг бууруулахад бодит хувь нэмрээ оруулахаас гадна цаашид жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх боломжтой болох юм.

“WOMEN OWNED” ТОХИРЛЫН ТЭМДГИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

Өмчлөл

  • Аж ахуй нэгжийн 50 болон түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоог эзэмшдэг, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр төлөөлүүлэн эзэмшдэг, эсхүл аж ахуйн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлдэг байх; 
  • Тухайн компанид хөрөнгө оруулагч компани нь 51%-иас 100% хүртэл эзэмшдэг бол хөрөнгө оруулагч компанийн 50 болон түүнээс дээш хувь нь эмэгтэй эзэмшигчтэй байх;
  • Бизнесийн хоршооны хувьд нийт саналын 50-иас дээш хувийг эмэгтэйчүүд санал өгдөг, удирдах зөвлөлийн гишүүдийн олонхи нь эмэгтэйчүүд (хэрвээ үйл ажиллагааны бүтцэд УЗ байгаа бол), үйл ажиллагааны бүтцэд удирдлагын баг байгаа бол удирдах албан тушаалын дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байх;
  • Эзэмшигчийн бүртгэл нь байгууллагын албан ёсны бичиг баримт, компанийн бүртгэл, дүрэм, журамд зайлшгүй тусгагдсан байх;

Компанийн үйл ажиллагаа болон менежмент

  • Эмэгтэй удирдлага нь компанид хамгийн өндөр гэж тодорхойлогдсон албан тушаалыг  хашдаг байх;  Жишээ нь: Ерөнхий захирал, Гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн дарга гэх мэт
  • Компани нь Монгол Улсын хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байх бөгөөд хуулийн дагуу тусгай зөвшөөрөл шаарддаг үйл ажиллагаа, үйлчилгээ эрхэлдэг бол холбогдол тусгай зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх;

Тус тохирлын тэмдгийг авахыг хүсвэл  QR кодыг уншуулна уу. 

Бид таны илгээсэн хүсэлтийг хүлээн авч, компанийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагаа нь шаардлага хангасан гэж үзвэл танай байгууллагад “WOMEN OWNED” гэрчилгээг албан ёсоор олгоно.

Холбоо барих:
Гишүүнчлэлийн Газар
Утас: 77277070(2)