ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газраас дэвшүүлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн дэргэдэх Эрчим хүчний зөвлөл болон эрчим хүчний салбарын холбогдох байгууллагууд хамтран “Эрчим хүчний салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” сэдэвт 7 хоногийн арга хэмжээг 2026 оны 10 дугаар сарын 19–өөс 21-ний өдрүүдэд Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-д зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээ нь зөвшөөрөл олгох үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийг сайжруулах, тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөл олголтын үйл явцыг хялбаршуулах, цахим үйлчилгээг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилготой.
Арга хэмжээг МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим хүчний зөвлөлийн дарга Д.Ганхуяг удирдан зохион байгуулж, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтүвшин нар нээлээ. Тэд эрчим хүчний салбарт зөвшөөрлийн тогтолцооны шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төрийн үйлчилгээг хялбаршуулах, уялдаа холбоог бэхжүүлэх, бизнес эрхлэгчдэд тулгарч буй захиргааны саадыг бууруулах ач холбогдолтойг онцлов.

Долоо хоногийн арга хэмжээний эхний өдөр Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын ахлах мэргэжилтэн Л.Бат-Эрдэнэ “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн гол өөрчлөлт, хэрэгжилт” сэдвээр, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын Хууль, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн Н.Бүжинлхам “Зөвшөөрөл шийдвэрлэлтийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, дүн шинжилгээ” сэдвээр, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Дахин загварчлалын хэлтсийн дарга Э.Түвшинбаяр “Зөвшөөрлийн үйл ажиллагаанд оролцож буй төрийн албан хаагч нарын анхаарах асуудал, сургалтын агуулга” сэдвээр илтгэл танилцуулан зөвшөөрлийн зохицуулалт, хууль эрх зүйн орчны талаар мэдээлэл өглөө.
Түүнчлэн Эрчим хүчний яамны Гэрээ эрх зүйн газрын салбарын хууль тогтоомж хариуцсан мэргэжилтэн Д.Ганбаяр “Эрчим хүчний яамнаас олгох тусгай зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт” сэдвээр, Сэргээгдэх эрчим хүчний инженерүүдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Заяабаатар “Тусгай зөвшөөрөл олгох хүсэлтийг хүлээн авах, цахим системийн ажиллагаа” сэдвээр, Эрчим хүчний яамны Дулаан хангамж хариуцсан ахлах шинжээч Д.Төртулга “Техникийн нөхцөлийн тухай”, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн Мэдээлэл технологийн төвийн дарга Н.Мөнгөнхуягт “Техникийн нөхцөлийн нэгдсэн цахим систем” сэдвээр тус тус илтгэл тавин эрчим хүчний тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөл олгох, хүсэлтийг хүлээн авах, цахим системийн ажиллагааны талаар мэдээлэл өгч асуудлыг хэлэлцлээ.
Арга хэмжээний хүрээнд эрчим хүчний салбарын зөвшөөрөл, үйлчилгээтэй холбоотой асуудлаар иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК болон "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн холбогдох ажилтнууд “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-д байрлан ажиллаж, иргэн, аж ахуйн нэгжүүдэд ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байгааг онцлов.
“Эрчим хүчний салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” сэдэвт хэлэлцүүлэг, арга хэмжээ 2026 оны 10 дугаар сарын 19-өөс 21-ний өдрүүдэд Засгийн газрын XI байрны 1 дүгээр давхарт байрлах “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-д 3 өдөр үргэлжилнэ.
