(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Гарал үүслийн гэрчилгээ

Шинэчлэгдсэн огноо: 2024.04.08 өдөр

Ажлын өдрүүд: Даваа - Баасан
Цагийн хуваарь: 09:00 - 17:00 цаг
Цайны цаг: 12:30 - 13:30 цаг

 

Гарал үүслийн гэрчилгээ нь тухайн бараа бүтээгдэхүүн бүхэлдээ болон хэсэгчлэн Монгол Улсад үйлдвэрлэгдсэн болохыг албан ёсоор баталгаажуулсан үнэт цаас юм. Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын тухай Монгол Улсын хуулийн 6.2.3 дахь заалтыг үндэслэн МҮХАҮТ нь экспортын барааны гарал үүслийг гэрчлэх бүрэн эрхийнхээ хүрээнд гарал үүслийн гэрчилгээг олгодог. Гарал үүслийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа нь “Монгол Улсаас гарал үүсэлтэй экспортын бараанд гарал үүслийн гэрчилгээ олгох, баталгаажуулах журам”-аар зохицуулагддаг.

Гарал үүслийн гэрчилгээний төрлүүд:

1. ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ FORM A

Дэлхийн өндөр хөгжилтэй 40 гаруй улсаас Хөнгөлөлтийн Ерөнхий Систем (GSP) болон (GSP+)-ийн дагуу гаалийн тарифын хөнгөлөлтийг гарал үүслийн гэрчилгээ (FORM A)-ын үндсэн дээр эдэлдэг.

Европын Холбоо (ЕХ)-ны “GSP+” Хөнгөлөлтийн Ерөнхий Системийн хүрээнд импортын барааны татварын хөнгөлөлт эдэлж буй бүтээгдэхүүний гарал үүслийн бүртгэлийг цахимжуулж 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ЕХ-ны REX буюу "Бүртгэгдсэн экспортлогчийн систем"- ийг нэвтрүүлсэн. Уг системд аж ахуйн нэгжүүдийг бүртгүүлэх, бүртгэлийн санг хөтлөх үйл ажиллагааг Танхим гүйцэтгэж байна. Тиймээс ЕХ-ны зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортлохоор зорьсон бол тус системд бүртгүүлэх шаардлагатай юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу.

Монгол улсын экспортын бараа, бүтээгдэхүүн дараах орнуудын Хөнгөлөлтийн Ерөнхий Системийн дагуу гаалийн тарифын хөнгөлөлт эдэлнэ. Үүнд:

  • ЕХ-ны орнууд
  • Шинэ Зеланд
  • ЕАЭЗХ-ны гишүүн орнууд
  • Норвеги
  • Австрали
  • АНУ
  • Япон
  • Лихтенштейн
  • Канад
  • Турк
  • Исланд

2. ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ FORM E

Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Танхимаас гарал үүслийн гэрчилгээ (FORM E) -г олгож байна. Уг хэлэлцээрээр БТКУС-ийн ангиллаар Монголын тал 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, Японы тал 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулах боломжтой юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу.

3. ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ FORM APTA

Монгол Улс 2021 оны 01 дүгээр сарын 01-нээс Ази, Номхон Далайн Худалдааны Хэлэлцээрийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан Танхимаас гарал үүслийн гэрчилгээ (FORM APTA)-г олгож байна.

Уг Хэлэлцээрт Монгол Улс, Энэтхэг Улс, Өмнөд Солонгос Улс, БНХАУлс, Шри Ланка Улс, Лаос Улс, Бангладеш Улс зэрэг Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй 7 улс нэгдсэн. Хэлэлцээрт Монгол Улс нэгдсэнээр гишүүн 6 улсын зах зээлд 10,000 гаруй бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой юм.

Харин Монгол Улс хэлэлцээрийн дагуу голчлон дотооддоо үйлдвэрлэдэггүй далайн гаралтай бүтээгдэхүүн, халуун орны жимс ногоо гэх зэрэг 366 бараанд ногдуулдаг татварыг 10-30% хүртэлх хувиар бууруулах үүргийг хүлээсэн байдаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу.

4. ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ FORM B

FORM B гэрчилгээ нь зөвхөн барааны гарал үүслийг тодорхойлдог бөгөөд тухайн улсын зах зээлд гаалийн тарифын хөнгөлөлт эдэлдэггүй бичиг баримт юм. Одоогоор Монгол Улстай худалдааны гэрээ хэлэлцээр хийгдээгүй, хөнгөлөлтөд хамруулаагүй улс орнууд руу экспортлоход ашиглана. Үүнд:

  • Хятад
  • Тайланд
  • Хонг Конг
  • Малайз
  • Солонгос
  • Иран
  • Энэтхэг
  • Арабын орнууд
  • Тайвань
  • Африкийн орнууд гэх мэт

5. ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ FORM D

Монгол Улсаас гарал үүсэлтэй бус бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойлох зорилгоор Танхимаас гарал үүслийн гэрчилгээ (FORM D) -г олгож байна. Үүнд:

Монгол Улсад импортлосон бараа бүтээгдэхүүн, удаан хугацаагаар ашигдагдаж байсан тоног төхөөрөмж, реэкспортын бараа бүтээгдэхүүнийг тооцно.

 

Гарал үүслийн гэрчилгээ авахыг хүссэн хуулийн этгээд, хувь хүн дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

1. Гарал үүслийн гэрчилгээ авах өргөдөл

2. Үнийн нэхэмжлэх, Сав баглаа боодлын жагсаалт /Invoice, Packing list/

Жич: Байгууллагын эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамгатай /Эх хувь байх/

Загварыг эндээс харна уу

3. Гадаад худалдааны гэрээний хуулбар, /захиалгын хуудас, үзэсгэлэнд оролцох урилга, тендерийн урилга гэх мэт/

  • Хэрэв экспортлогч нь үйлдвэрлэгч биш бол тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдаж авсан гэрээ болон баримтыг хавсаргах

4. Тухайн компани, аж ахуйн нэгжийн хүчин төгөлдөр бүхий улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хувь хүн иргэний үнэмлэхний хуулбар
5. Тухайн бараанд авсан тусгай зөвшөөрөл болон чанар, эрүүл ахуйн гэрчилгээний хуулбар, хилээр дээж нэвтрүүлэх зөвшөөрөл гэх мэт.


Гарал үүслийн гэрчилгээ цахимаар авах заавар

1. Шаардлагатай баримт бичгийг бүрдүүлсэн байх

2. Гэрчилгээ авах хүсэлтээ цахимаар илгээх

3. Гэрчилгээний төлбөр төлөх /Таны хүсэлт илгээхдээ оруулсан и-мэйл хаягаар гарал үүслийн гэрчилгээний төлбөр төлөх нэхэмжлэх очно. Та гүйлгээний утга дээр нэхэмжлэхийн 10 оронтой дугаарыг заавал бичнэ үү./

4. Дээрх бүрдүүлсэн баримт бичгийг авчран, гарал үүслийн гэрчилгээг авах /Гэрчилгээ хэвлэгдэж бэлэн болсон үед таны и-мэйл хаягаар мэдэгдэл очих болно/

Холбоо барих:

МҮХАҮТ- Хэрэглэгч, Үйлчилгээний Газар
Утас: (976) 77277070-3
Цахим шуудан: export@mongolchamber.mn