ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас гишүүн байгууллагуудынхаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн шинэ боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “MEMBER CARE EVENT” арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд 40 гаруй аж ахуйн нэгжид гишүүнчлэлийн гэрчилгээ гардуулсан бөгөөд МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар, Дэд захирал Ч.Баттулга нар шинээр гишүүнээр элссэн байгууллагуудад баяр хүргэж, цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.
Мөн эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдний бизнесийг олон нийтэд таниулах, бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлийн шинэ боломж нээх зорилготой “WOMEN OWNED” тохирлын тэмдгийг гардууллаа. Тэмдгийг МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар, Голомт банкны Жижиг, дунд банкны газрын Байгууллага хөгжлийн хэлтсийн захирал Б.Наранжаргал нар гардуулсан юм.

Арга хэмжээний үеэр “TenderHub” платформын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал С.Чулуунбат “Баталгаатай бизнесээс тогтвортой өсөлт рүү” сэдвээр илтгэл тавьж, тендер, санхүүжилт, хиймэл оюун ухаанд суурилсан шийдэл болон бизнесийн боломжуудыг нэгтгэсэн платформын талаар танилцууллаа.
“Фандиа” ХХК-ийн төслийн менежер Б.Батсуурь “Бизнесийн өсөлтийг олон нийтийн хүчээр” сэдвээр илтгэл тавьж, олон нийтийн оролцоонд тулгуурласан санхүүжилтийн боломж, гарааны болон жижиг, дунд бизнесийг дэмжих краудфандингийн шийдлийг танилцуулав.

Түүнчлэн “GobiDara” брэнд арц, ганганы уламжлалт хэрэглээнд суурилсан шүршдэг бүтээгдэхүүнээ, “BeeDerm” брэнд зөгийн хор болон ургамлын ханд агуулсан байгалийн гаралтай тосоо танилцуулж, бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлан таниуллаа.
Мөн “Нэкст Мебел” ХХК “Tauno” брэндийн бүтээгдэхүүн, “Цагаан Асгат” ХХК “Шимийн охь”, “Ариранг Фүүдс” ХХК бүтээгдэхүүний дээж, “Premium Tea” брэнд цайны иж бүрдлээрээ сугалааны азтануудыг тодруулж, бэлэг гардууллаа.
Хөтөлбөрийн хүрээнд “Chamber Quiz” хөгжөөнт тэмцээн, B2B networking уулзалт зохион байгуулж, гишүүн байгууллагууд харилцан туршлага солилцон, бизнесийн шинэ түншлэл тогтоох боломж бүрдэв.
МҮХАҮТ нь гишүүн байгууллагуудынхаа бизнесийн өсөлт, хамтын ажиллагааг дэмжиж, шинэ түншлэл, боломжуудыг бий болгох чиглэлээр тогтмол ажилладаг бөгөөд энэ удаагийн арга хэмжээг ГСТАХГ-ын мэргэжилтэн Б.Халиун хөтлөн явууллаа.