(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Патент, барааны тэмдэг, газар зүйн заалт

Шинэчлэгдсэн огноо: 2024.11.11 өдөр

 

МҮХАҮТ нь МУ-ын Оюуны Өмчийн Газраас олгосон №01 дугаартай тусгай зөвшөөрлийн хүрээнд оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөллийн үйл ажиллагаа явуулж байна. 

  • AMIPA - Монголын Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбооны гишүүн 
  • INTA - Олон улсын барааны тэмдэг эзэмшигчдийн холбооны гишүүн

Ихэнх иргэд, аж ахуйн нэгжүүд оюуны өмч, зохиогчийн эрхээ хамгаалуулах, патентжуулах талаар МҮХАҮТ-д хандаж байгаа боловч таны үйл ажиллагаа оюуны өмчийн аль төрөлд хамаарахыг андуурах асуудал их байна. Иймд доорх зурагт үзүүлсэн асуултад хариулж, өөрт тохирох оюуны өмчийн төрлийг сонгоно уу. 

УУЛЗАЛТЫН ЦАГ АВАХ БОЛ ЭНД ДАРНА УУ

БАРААНЫ ТЭМДЭГ

Өөрийн бараа, үйлчилгээг бусад ижил төрлийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх, ялгагдахуйц өвөрмөц илэрхийллийг барааны тэмдэг гэнэ. Өөрөөр хэлбэл энэ бол таны ирээдүйн брэнд нэр юм. 

Барааны тэмдгийн онцгой эрхийн хүчинтэй хугацаа 10 жил /сунгах боломжтой/
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль

Барааны тэмдэгт тавигдах шаардлага болон бүртгэлтэй эсэхийг урьдчилан шалгах тул юун түрүүнд цахимаар илгээж, хайлт хийлгэнэ үү. 
Хайлт хийлгэх хүсэлт илгээх

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Барааны тэмдэг .jpg 
  • Барааны тэмдэгт хамаарах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт
  • Хуулийн этгээд бол Улсын бүртгэлийн гэрчилгээний, хувь хүн бол иргэний үнэмлэхийн сканердсан хуулбар .pdf 
  • Итгэмжлэх (татах) .pdf 
  • Төлбөр төлсөн баримт (дээрх баримт мэдээллийг бүрэн хүлээн авсны дараа, нэхэмжлэх илгээнэ)

ГАЗАР ЗҮЙН ЗААЛТ

Нутгийн байгал, цаг уурын нөхцөл, хүмүүсийн дадал заншилтай холбогдсон онцлог шинж чанартай бүтээгдэхүүнийг ялгахын тулд газар зүйн заалтыг ашигладаг. Тухайлбал Сайханы айраг, Завханы улаан сонгино, Увсын чацаргана г.м. 

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Газар зүйн заалтын тэмдэг 
  • Өргөдөл (газар зүйн заалтад хамаарах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт)
  • Бүтээгдэхүүний тодорхойлолт, бүтээгдэхүүний онцлог шинж чанарыг баталсан лабораторийн шинжилгээ
  • Барааны онцлог шинж чанарын тодорхойлолт болон газар зүйн нөхцөл, хүмүүсийн дадал заншилтай хэрхэн холбогдсон тухай тайлбар
  • Тухайн газар нутагт үйлдвэрлэл эрхэлдгийг нотолсон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Итгэмжлэх (татах)
  • Газар зүйн заалт олгох байгууллагын дүрэм, тэмдэг олгох журам
  • Төлбөр төлсөн баримт

ПАТЕНТ

Тухайн шийдэл нь шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар болохыг тодорхойлж, патент эзэмшигч тодорхой хугацаанд заасан онцгой эрхийг хэлнэ.

Патентын тухай хууль

Шинэ бүтээлийн патентын хүчинтэй хугацаа 20 жил
Ашигтай загварын патентын хүчинтэй хугацаа 10 жил

Шинэ бүтээл, ашигтай загварт тавигдах шаардлага:

  • технологийн түвшин ахиулсан байх
  • үйлдвэрлэх боломжтой байх
  • цоо шинэ байх

Шинэ бүтээл, ашигтай загварын бүрдүүлэх баримт бичиг:

  • Шинэ бүтээлийн (эсвэл ашигтай загварын) тодорхойлолт, томъёолол, товч тайлбар
  • Холбогдох зураг
  • Хүн амын хүнсний хангамж, эрүүл ахуйтай холбогдсон шинэ бүтээл нь хүний эрүүл мэнд, биед хохирол учруулахгүйг нотолсон эрүүл ахуйн, халдвар судлал байгууллагын магадлагаа, тодорхойлолт
  • Хуулийн этгээд бол Улсын бүртгэлийн гэрчилгээний, хувь хүн бол иргэний үнэмлэхийн сканердсан хуулбар .pdf 
  • Зохиогчийн баталгаа (Татах) .pdf
  • Итгэмжлэх (татах) .pdf
  • Эрх шилжүүлэх акт (татах) .pdf
  • Цахим хүсэлт
  • Төлбөр төлсөн баримт

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАГВАР

Бүтээгдэхүүний гадаад харагдах байдалд хамаарах дүрс, хийц, хэлбэр, өнгө, бүтцийн болон хээ чимэглэлийн уран сайхны шийдлийг хэлнэ. 

Патентын тухай хууль

Бүтээгдэхүүний загварын патентын хүчинтэй хугацаа 15 жил 
Нэг төрөл зүйлийн 50 хүртэлх загварыг нэгэн зэрэг мэдүүлэх боломжтой

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Бүтээгдэхүүний загварын тодорхойлолт
  • Холбогдох зураг
  • Хуулийн этгээд бол Улсын бүртгэлийн гэрчилгээний, хувь хүн бол иргэний үнэмлэхийн сканердсан хуулбар .pdf 
  • Зохиогчийн баталгаа (Татах) .pdf
  • Итгэмжлэх (татах) .pdf
  • Эрх шилжүүлэх акт (татах) .pdf
  • Цахим хүсэлт
  • Төлбөр төлсөн баримт

ЗОХИОГЧИЙН ЭРХ
  • Зохиогчийн эрхийн бүтээл гэдэг нь шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн салбар дахь оюуны бүтээлч үйл ажиллагааны бодит үр дүнг хэлнэ. Өөрөөр хэлбэл, зохиогчийн эрхийн бүтээл гэдэг нь зохиолчийн оюуны хөдөлмөрийн үр дүнгээс бүтсэн шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл юм. 
  • Ардын урлагийн бүтээлийг зохиогчийн эрхийн бүтээлд хамааруулахгүй. 
  • Бодит хэлбэрээр илрээгүй аливаа санааг зохиогчийн эрхээр хамгаалахгүй. 

Зохиогчийн эрхийн тухай хууль

Зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээлд тавигдах шаардлагууд:

  • Шинэ буюу эх бүтээл байх 
  • Бодит хэлбэрээр илэрсэн байх 
  • Зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээлийн хүрээнд багтсан байх 

Зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээлүүд:

  • шинжлэх ухаан, утга зохиолын аман болон бичмэл бүх төрлийн бүтээл; 
  • хөгжмийн урлагийн үгтэй болон үггүй бүх төрлийн бүтээл;
  • дүрслэх урлаг, уран баримал, график урлагийн бүх төрлийн бүтээл, эдгээрийн зураг төсөл;
  • уран барилга, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, цогцолбор болон архитектурын бусад бүтээл;
  • жүжиг, бүжиг, уран нугаралт, пантомим зэрэг тайзны урлагийн бүх төрлийн бүтээл;
  • гэрэл зургийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээл;
  • кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээл;
  • газрын зураг, атлас болон архитектурын зураг төсөл, хар зураг, бүдүүвч, диаграмм, гурван хэмжээст илэрхийлэл зэрэг шинжлэх ухаан, техникийн шинжтэй тайлбар зураг;
  • компьютерын программ;
  • мэдээллийн сан;
  • чимэглэх болон хавсарга урлаг, тайз чимэглэлийн бүх төрлийн бүтээл, эдгээрийн зураг төсөл;
  • материалыг нь сонгон түүвэрлэх, байршуулах зэргээр бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон, өөрийн бүтэц агуулгаараа бүтээлд тооцогдох тайлбар толь, лавлах, зохиолын цоморлог, түүвэр зохиол болон эмхэтгэл;
  • үүсмэл бүтээл /үүсмэл бүтээл гэдэг өмнө нь туурвисан бүтээлийг эх зохиолчийн зөвшөөрөлтэйгөөр өөрчлөн найруулах, орчуулах, хөрвүүлэх, хураангуйлах, эмхэтгэх болон бусад хэлбэрээр өөрчлөх бүтээлч үйл ажиллагааны үр дүнд шинээр бий болгосон бүтээлийг хэлнэ/. 

Бүтээл ашиглах онцгой эрхийн хугацаа: 

  • Зохиогчийн амины эрхийг хугацаа хязгаарлахгүй хамгаална. 
  • Зохиогчийн эд хөрөнгийн эрх буюу бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчийн насан туршид болон нас барснаас хойш 50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. 

Бүрдүүлэх баримт бичиг: 

  • Бүтээлийн нэр; 
  • Бүтээлийг нийтийн хүртээл болгосон газрын нэр, нийтийн хүртээл болгосныг нотлох баримт бичиг; 
  • Бүтээлийн тодорхойлолт; 
  • Бүтээлийн танилцуулга (бүтээлийн агуулга, бүтэц, хэлбэр, хэмжээ, зорилго, ач холбогдол, онцлог зэргийг тусгасан 1-5 хуудас товч танилцуулга байна); 
  • Мэдүүлэг гаргагч нь хувь хүн бол иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Зохиогч нь хувь хүн бол иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Үүсмэл бүтээл бол эх бүтээлийн нэр;
  • Эх бүтээлийн зохиогчийн нотариатаар баталгаажуулсан зөвшөөрөл;
  • Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй бол итгэмжлэл; 
  • Бусдын зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх зөрчөөгүй гэдгийг баталгаажуулсан мэдэгдэл; 
  • Мэдүүлэг гаргагчийн гарын үсэг, тамга
  • Төлбөр төлсөн баримт

Дээрх баримт бичгийн файлыг зөвхөн .jpeg, .png эсвэл .pdf хэлбэрээр ирүүлэх бөгөөд файлын хэмжээг 100MB-с хэтрүүлэхгүй.

Холбоо барих:

Патент, барааны тэмдэг, газар зүйн заалтын газар
Утас: (976) 77277070-8
Цахим шуудан: patenttmbur@mongolchamber.mn