(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Хөндлөнгийн шинжээчийн үйлчилгээ /Экспертиз/

Экспорт, импортын барааны магадлан шалгах хөндлөнгийн шинжээч /ЭКСПЕРТИЗ/-ийн үйлчилгээ нь Монгол Улсын “Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын тухай хууль”-иар олгогдсон экспорт, импортын барааны тоо, чанарын талаар магадалгаа гаргах бүрэн эрхийнхээ дагуу гадаад худалдааны үйл ажиллагааны явцад гардаг төрөл бүрийн маргааны үед талуудын аль алиных нь эрх ашгийг үл хамгаалах зарчмыг баримтлан хөндлөнгийн шалгалт хийж, нотолгоо гаргаж өгөх зорилготой.

Монголын ба гадаадын байгууллага, хувь хүний захиалгын үндсэн дээр гадаад худалдааны гэрээгээр нийлүүлэгдэж буй төрөл бүрийн бараа, тоног төхөөрөмж, түүхий эдийг экспортлох импортлох явцад элбэг тохиолддог барааны тоо, чанар, иж бүрдэл, марк, тип, артикул зөрөх, нийлүүлэлтийн хугацаа хоцрох зэрэг зөрчлүүдийг илрүүлж сертификат гаргаж өгдөг. Тухайлбал:

  1. Гаалийн экспертизийн үйлчилгээ
  2. Даатгалын экспертизийн үйлчилгээ
  3. Шүүхийн экспертизийн үйлчилгээ  
  4. Банкны экспертизийн үйлчилгээ
  5. Татварын экспертизийн үйлчилгээ
  6. Импортын сертификат олгох үйлчилгээ
  7. Байгууллагын дотоодын хяналтын сертификат олгох үйлчилгээ

Энэ сертификат нь Монгол улсын болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн баримт болж хохирлыг барагдуулахаас гадна, гаалийн болон бусад татвар төлөх хэмжээг үнэн зөв тогтоож, гэмтэлтэй буюу дутуу ирсэн, чанар нь муудсан бараа, тоног төхөөрөмж, түүхий эдийн онцгой болон бусад төрлийн татварыг буцаан олгох мөн даатгалын байгууллагатай тооцоо хийхэд үндэслэх баримт болдог.

Хөндлөнгийн шинжээчийн сертификат нь:

  • Гаалийн татвараас хасалт хийлгэхэд
  • Тээвэрлэгч байгууллагатай хохирлоо тооцох
  • Нийлүүлэгчтэй хохирлоо тооцоход
  • Даатгалын байгууллагаар хохирлоо төлүүлэхэд
  • Шүүхийн захирамж, хариуцагч, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхэд баримт нотолгоог баталгаажуулахад 
  • Байгууллагын дотоод тооцоонд
  • Үнэн бодит татварын хэмжээг тогтоох зэрэгт үндэслэх хөндлөнгийн баримт болдог.

Бид жилдээ давхардсан тоогоор 8000 гаруй байгууллага, хувь хүмүүст үйлчилж холбогдох сертификатыг гаргаж өгдөг ба орон нутаг буюу хилийн боомтуудад ажилладаг.

Хөндлөнгийн шинжээчид нь дараах төрлийн бараанд тоо, чанарын экспертиз хийж байна. 

  • Хүнсний бүх төрлийн бараа 
  • Өргөн хэрэглээний төрөл бүрийн бараа 
  • Мебель эдлэл 
  • Нефть бүтээгдэхүүн 
  • Автомашин, төрөл бүрийн автомашины сэлбэг
  • Барилгын материал 
  • Эм, эмнэлгийн бүтээгдэхүүн 
  • Төрөл бүрийн түүхий эд
  • Компьютер, теле-видео техник
  • Улаан буудай 
  • Агуулахын үлдэгдэл буюу хугацаа дууссан бараа гэх мэт 

Гаалийн экспертизийн үйлчилгээ

Төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг экспортлох, импортлох явцад элбэг тохиолддог тоо, чанар, иж бүрдэл, гэрээгээр тохиролцсон марк, тип, артикул зөрөх нийлүүлэлтийн хугацаа хоцрох зэрэг зөрчлүүдийг илрүүлж нийлүүлэгч ба худалдан авагч хоёрын аль алиных нь эрх ашгийг үл хамгаалах зарчмыг баримтлан хөндлөнгийн экспертиз хийж нотолгоо /сертификат/ гаргаж өгдөг. Энэхүү сертификатыг үндэслэн гаалийн болон бусад татвар төлөх хэмжээг үнэн зөв тогтоож, гэмтэлтэй буюу дутуу ирсэн, чанар нь муудсан зэрэг бараа, тоног төхөөрөмж,түүхий эдийн онцгой болон бусад төрлийн татварыг буцаан олгоход үндэслэх баримт болдог.

Даатгалын экспертизийн үйлчилгээ

Төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжүүд тээвэрлэлт, хадгалалтын явцад тоо хэмжээгээрээ дутах, эвдрэх болон ашиглагдах боломжгүй болсон үед даатгалын байгууллага болон даатгуулагчдын хүсэлтээр хөндлөнгийн экспертиз хийж нотолгоо /сертификат/ гаргаж өгдөг.

Шүүхийн экспертизийн үйлчилгээ

Бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн тоо хэмжээ, чанар болон бодит нөхцөл байдлын талаар тухайн экспертизийн актад тодорхой дурдсан байдаг бөгөөд Захиргааны, Эрүүгийн болон Иргэний хэргийг шүүх байгууллага шүүн хэлэлцэх явцад шаардлагатай үед тухайн шүүхийн хүсэлтээр хөндлөнгийн экспертиз хийж нотолгоо /сертификат/ гаргаж өгдөг.

Банкны экспертизийн үйлчилгээ

Банкны өр барагдуулалт, лизинг болон зээлийн хэрэгжилтэд хяналт тавих үүднээс аливаа нэг банкны хүсэлтээр ямар нэгэн бараа бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмжийн тээвэрлэлт, хадгалалт болон боловсруулалтын үйл явцад банкнаас хяналт тавих шаардлагатай үед уг хөндлөнгийн экспертиз хийж тухайн барааны тоо, хэмжээ, чанарын талаар нотолгоо /сертификат/ гаргаж өгдөг.

Татварын экспертизийн үйлчилгээ

Бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж болон объектод ногдуулах татварын хувь хэмжээг бодитой тодорхойлох зорилгоор уг хөндлөнгийн экспертиз хийж нотолгоо /сертификат/ гаргаж өгдөг.

Олон улсын импортын сертификат олгох үйлчилгээ

Монголын импортлогч нарт гэрээний нөхцөлийн дагуу экспортлогчийн хүсэлтээр барааг зориулалтаар нь ашиглахыг баталж “Олон улсын импортын сертификат” олгодог. Өнөөдрийн байдлаар ТС-1 маркийн онгоцны түлшинд олгож байна.

Байгууллагын дотоодын хяналтын сертификат олгох үйлчилгээ

Нефть импортлогч, борлуулагч болон бусад компаниудын дотоодын ачилтад тоо хэмжээний хэмжилт хийж сертификат олгодог. Уг сертификат нь бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээнд байгууллагын зүгээс дотоод хяналт тавих зорилгоор хийгддэг.

Манайх үйл ажиллагаандаа бараа бүтээгдэхүүний чанарын шинжилгээ хийх орчин үеийн багаж төхөөрөмж ашигладаг

  • 5-аас дээш жил тоо, чанарын хяналтын чиглэлээр ажилласан дадлага туршлагатай экспертүүд байдаг.
  • Манай шинжээчид нийлүүлэгч, худалдан авагчийн аль алиных нь эрх ашгийг үл хамгаалах зарчмыг баримтлан шударга үйлчилгээний ёс зүйг даган ажилладаг.
  • Үйлчилгээ хийгдэх явцад үйлчлүүлэгч, байгууллага хувь хүмүүсийн бизнесийн болон хувийн нууцтай холбоотой мэдээ мэдээллийг чандлан хадгална. 

Та манай байгууллагаар үйлчлүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:

  • Тээврийн баримт /наклад/ 
  • Коммерийн акт /тээвэрлэлтийн явцад гарсан зөрчлийг гэрчлэх тээврийн байгууллагын нотолгоо/
  • Бараа худалдах, худалдан авах гэрээ
  • Барааны чанар, тоо ширхгийг баталгаажуулсан бусад дагалдах бичиг баримт

Та бидэнтэй дараах хаягаар хандана уу. Бид танд үйлчлэхэд хэзээд бэлэн байх болно.

Холбоо барих:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Махатма Гандийн гудамж, МҮХАҮТ-ын байр, 102 тоот өрөө
Утас: 77277070-9
Цахим шуудан: eximcenter@mongolchamber.mn