(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Европын Холбооны зах зээлд хөл тавих Оюуны өмчийн талаарх зөвлөмж

2021/08/20 0

Др. Дэлгэрийн Уянга

Та бүхэнд 2021 оны 4-р сарын 26-ны өдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулсан “Экспорт ба Оюуны өмч” сэдэвт вебинарт тавьсан илтгэлийг толилуулж байна.

ЕВРОПЫН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛ

Юуны өмнө энэ арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байгаа илэрхийлье. Илтгэл маань европын ноос, ноолуурын бүтээгдэхүүний зах зээлд хөл тавьж байгаа, хөл тавих төлөвлөгөөтэй байгаа монголын жижиг, дунд бизнесийнхэнд зориулсан зөвлөмж юм. Тус зөвлөмжийг нарийн шалгаж, хянаж бэлтгэсэн хэдий ч энэ нь хуулийн зөвлөгөө биш, харин нийтийн ярилцлага өрнүүлэх, мэдээлэл санаа өгөхөд чиглэсэн гэдгийг анхаарна уу.

Европын Холбооны зах зээл нь 500 сая хэрэглэгчтэй, 21 сая жижиг, дунд бизнесүүдтэй. Европын Холбооны 28 улс нийлээд дэлхийн экспорт, импортын 16%-ийг эзэлдэг. Европын Холбооны зах зээл нь илүү нэмүү өртөг шингэсэн бизнесийг урт удаан хугацаанд тогтвортой хийх хүсэлтэй бизнес эрхлэгчдийн хувьд ач холбогдолтой зах зээл юм.

Европын Холбоо нь 28 улсыг нэгтгэсэн нэгдсэн зах зээл. Тус зах зээлд бараа, хөрөнгө, үйлчилгээ, хүн гэсэн дөрвөн зүйлийн чөлөөт хөдөлгөөнийг хангасан байдаг тул ямар нэг хил гаалийн хязгаарлалтгүйгээр нэг улсын дотор байгаа мэт Европын Холбоо даяар худалдаа арилжаа эрхлэх боломжтой, нэгдмэл нэг зах зээл юм. Ром-германы Иргэний хууль суурилсан бизнесийн орчин нь гэрээний эрх чөлөө, хэлбэрийн шаардлага тавихгүй байх зарчимд үндэслэдэг. Бизнес эрхлэгчид бичгээр тусгайлан гэрээ хийх шаардлагагүйгээр, тамга, нотариат гэх мэт “цаасны” ажилд дарагдалгүйгээр компанийнхаа э-мэйл хаягаар гэрээний саналаа солилцоод арилжаагаа шууд хийдэг. Мөн банкны шилжүүлгийн хураамж байхгүй, төлбөрийн шаардлага хангуулах шуурхай үйлчилгээг өмгөөлөгчид, шүүхийн байгууллагууд үзүүлдэг тул Европын Холбоо дотроо бизнес эрхлэх хялбар байдаг. Өмч, бизнесийг хамгаалсан Европын Холбоог үүсгэн байгуулах суурь гэрээнүүд, гишүүн улсуудын Үндсэн хуулийн тогтолцоо нь тогтвортой, олон жилээр ажлаа төлөвлөж, ирээдүйг бодож ажиллах бизнесийн орчныг бүрдүүлдэг.

Хэдийгээр ихээхэн боломжийг санал болгож байгаа ч Европын зах зээлд хөл тавих, бизнесээ өсгөнө гэдэг бол өндөр сорилт. Энэ сорилт бол чанарт суурилсан хатуу ширүүн өрсөлдөөнд өндөр хүлээлттэй хэрэглэгч, худалдан авагчийн сэтгэл, шаардлагад нийцнэ гэсэн үг юм. Үүний тулд таныг дэмжих, тантай хамтарч ажиллах Европын хөрөнгө оруулагч, импортлогч түнш хэрэгтэй болж магадгүй. Гэхдээ европын импортлогчийн зүгээс хүлээж авах боломжтой хамгийн бага тооны захиалгын хэмжээ нь монголын нэг жижиг, дунд үйлдвэрийн чадамжаас хэд дахин их байж болно. Иймээс монголын жижиг, дунд үйлдвэрүүд хүчээ нэгтгэж нэгтгэл, холбоо байгуулах замаар европын импортлогчид бараа нийлүүлэх шаардлагатай байж магадгүй. Энд европын импортлогч гэдэг европт бүртгэлтэй монголчуудын бизнес, компаниудыг ч хамруулан ойлгож байгааг энэ дашрамд дурдъя.

Ноос ноолууран бүтээгдэхүүний хувьд европын зах зээлд хөл тавих, бизнесээ илүү өргөн хүрээнд явуулах бол европын стандартын шаардлагуудыг хангах хэрэгтэй болно. Хэдийгээр Европын Холбооны нэгдсэн зах зээлийн ‘CE’ чанарын стандартыг монголын ноос, ноолуурын худалдаачид жишээ нь хүүхдийн тоглоом, хивс гэх мэтэд хамааралгүй бол хувцас, гэр ахуйн ноос ноолууран бүтээгдэхүүний хувьд биелүүлэх үүрэг ерөнхийдөө хүлээхгүй ч бизнесээ өргөжүүлэх, европын томоохон импортлогч нартай арилжаа хийхэд анхаарах шаардлагатай болж магадгүй.  Энэхүү ‘CE’ стандартын дагуу бүтээгдэхүүн нь Европын хэрэглэгчийн аюулгүй байдал, эрүүл мэнд, байгаль орчны хамгааллын шаардлагыг хангасан байх ёстой байдаг. Үүний дээр жишээ нь ECOTEX, FAIR TRADE гэх мэт хувийн санаачилгад тулгуурласан бизнесийн стандартуудыг хангах нь энэ чиглэлийн худалдааны сүлжээнд нэвтрэх үүд хаалгыг нээнэ.

Европын зах зээлд хөл тавьсан, хөл тавихыг төлөвлөж байгаа монголын бизнесийнхэн зорилтот зах зээлээ сайтар судлах, салбарын мэдээг байнга дагах зайлшгүй шаардлагатай. Жишээ нь ХБНГУ-д Жижиглэн худалдаачдын холбоо гэж байдаг.  Голланд Улсад хөгжиж буй орнуудын экспортлогчдод үйлчилдэг төрийн байгууллага гэж байдаг.  Эдгээр байгууллагууд вэб хуудастаа салбарын трэнд, статистик, хуулийн мэдээлэл гэж олон чухал мэдээллийг нийтэлдэг.

Оюуны өмчийн эрх зүйн талаасаа ноос, ноолуурын салбарын жижиг, дунд бизнес эрхлэгчид цаг гаргаж, судалж үзэж сонгох хэрэгтэй зүйл бол бараа бүтээгдэхүүнээ ямар нэр, логотой худалдах тухай асуудал юм. Үүнтэй холбогдож “барааны тэмдэг” гэсэн хуулийн нэр томъёог хэрэглэдэг. Чингэхдээ барааны тэмдэг (trade mark) бол брэндийн хэрэгсэл, хэрэглэгчтэй харилцах хэл гэдгийг, оновчтой нэр, логогүйгээр бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлэх, сурталчлах бараг боломжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

БИЗНЕС, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НЭРЭЭ СОНГОХДОО АНХААРАХ ЗҮЙЛ

Бизнес, бүтээгдэхүүндээ зориулж нэр, лого сонгохдоо тухайн нэр, лого нь ялгагдах чадвартай байх барааны тэмдгийн хамгаалалтын хуулийн шаардлагыг анхнаас нь хангахыг анхаарах хэрэгтэй. Ялгагдах чадвартай байх гэдгийг Европын Холбоонд нийтээр хэрэглэдэг нэр, томъёог хэн нэгэн өөртөө өмчилж авахгүй олон нийтийн ашиг сонирхол, өрсөлдөгчид бараагаа чөлөөтэй тодорхойлж сурталчлах боломжтой байх бизнесийн өрсөлдөгчдийг хамгаалах ашиг сонирхлын үүднээс тодорхойлдог. Иймээс жишээ нь Монгол Улс ноолуурын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч мөн, түүхий ноолуурын дэлхийд хоёрдугаарт бичигдэх нийлүүлэгч тул Монголын ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч буюу өрсөлдөгчдийн эрх ашгийг хамгаалах ашиг сонирхлын үүднээс өөр ялгагдах чанар өгөх элемент нэмэхгүйгээр дан ганц “Mongolian Cashmere” гэсэн нэрээр бүтээгдэхүүнээ гаргавал, барааны тэмдгийн бүртгэлд авах боломжгүй буюу бүртгэлийг дараа аливаа гуравдагч этгээд хүчингүй болгуулах боломжтой.

Үүний дээр сонгосон бизнес, бүтээгдэхүүний нэр, лого бусдын барааны тэмдгийн эрхийг зөрчөөгүй байх ёстой. Европын Холбоонд аливаа бүтээгдэхүүний нэр, логог худалдаанд хэдий чинээ идэвхтэй хэрэглэнэ холбогдох барааны тэмдгийн хамгаалалтын хүрээ төдий чинээ өргөждөг. Энэ нь хөрөнгө оруулалтыг хамгаалж байгаа нэг логик юм.

Жишээ нь Huawei компани компьютер, гар утасны хэрэгслийн хувьд бүртгүүлэхээр гаргасан тэмдгийнх нь эсрэг Chanel компани өөрийнх нь алдартай тэмдгийн сайн нэрийг шударга бусаар ашиглах гэж байна гэж гомдол гаргаж, дөрвөн жил заргалдсаны эцэст Европын Холбооны шүүхийн шийдвэр өнгөрсөн долоо хоногт Huawei компанийн талд гарсан.   Тус хуулийн маргаан нь зурагт үзүүлж буй хоёр тэмдэг хоорондоо төсөөтэй юу? гэдэг тухай асуудал байв. Энэ тохиолдол нь брэндийн хамгаалалтыг ямар өргөн хүрээнд ойлгож болохыг, бүтээгдэхүүнийхээ нэр, логог сонгохдоо үүнийг анхаарах хэрэгтэй гэдгийг харуулсан нэг жишээ юм.

БАРААНЫ ТЭМДГИЙН БҮРТГЭЛ ХЭДИЙД ХИЙЛГЭХ ВЭ?

Европын зах зээлд дөнгөж гарч, худалдан авагчдын байдлыг тандаж байгаа, тус зах зээлд гарах төлөвлөгөөтэй байгаа бол яаравчлан барааны тэмдгийн бүртгэл хийлгэх асуудлыг сайтар тунгааж үзэх хэрэгтэй болно. Юуны өмнө Европын Холбооны улсуудын зах зээл нь бусдын хийж бүтээснийг шударга бусаар авах, ашиглахын эсрэг хуулийн хүчтэй хамгаалалттай, шударга өрсөлдөөний дүрэм журамтай. Хэрэв нэг бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаад борлуулалт нь гайгүй байгаад эхэлмэгц үүнийг ажигласан өөр нэг бизнес эрхлэгч ижил, төсөөтэй нэр, логотой бүтээгдэхүүнийг зах зээлд гаргавал барааны тэмдгийн бүртгэлгүй хэдий ч жишээ нь ХБНГУ-ын Шударга өрсөлдөөнийг хангах тухай хуулийн § 5-р зүйлийн 1-р заалтын № 1-ийн дагуу зөрчлийг Иргэний шүүхийн журмаар таслан зогсоолгуулах эрх бизнес эрхлэгчид бий. Гэхдээ энд барааны тэмдгийн бүртгэл хийлгээгүй бол бизнес эрхлэгчийн бүтээгдэхүүний нэр, логоны тухай олж мэдэх боломжгүй байсан өөр нэг хүн ижил, төсөөтэй нэр, логотой бүтээгдэхүүн зах зээлд гаргасан бол барааны тэмдгийн бүртгэлгүй байсан хүн ийм нэр, логоны эсрэг эрхийн шаардлага тавих боломжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй (ийм зүйл амьдрал дээр маш ховор тохиолдох ч, гарахыг үгүйсгэхгүй).

Нөгөө талаас барааны тэмдгийн бүртгэлгүй байсан ч гэсэн амжилттай бизнес хийх замаар худалдан авагч, хэрэглэгчид танигдсан бөгөөд цаашлаад алдартай барааны тэмдгүүд барааны тэмдгийн эрх зүйн хамгаалалт буюу өмчлөгчийн онцгой эрхийг эдлэх боломжтой.  Энд алдартай барааны тэмдгээс гадна, хэрэглэх замаар ялгагдах чадвар олж авсан бүртгүүлээгүй барааны тэмдгийн хамгаалалт жишээ нь ХБНГУ-д байдаг гэдгийг нэмж тэмдэглэе.  Хэрэглэх замаар ялгагдах чадвар олж авах тэмдгийн хамгаалалт Европын Холбоо даяар шууд үүсэхгүй, харин түүний гишүүн улс тус бүрийн хуулийн дагуу үүсдэг.  Ингэхээр Европын Холбооны гишүүн улсуудын түвшинд барааны тэмдгийн бүртгэл бол эрхийн хамгаалалт эдлэх цорын ганц зам биш, бүртгэл хийлгэх нь тухайн бизнес эрхлэгчийн бизнесийн стратегиас шалтгаална.

Энэ дашрамд Монголын бизнес эрхлэгчдэд зөвлөхөд бизнесийн түншүүд хоорондоо, Монгол Улс дотроо маргалдах явдал эхэндээ илүү гарах тул эхний ээлжид Монгол Улсад бүтээгдэхүүнийхээ нэр, логог барааны тэмдгээр бүртгүүлсэн нь илүү оновчтой байж магадгүй. Мөн таны бүтээгдэхүүн Европын Холбоонд гарах бол та Монгол хэл дээрх сошиал шугамаар бүтээгдэхүүнээ сурталчлах хэрэгтэй юу? эсвэл нууцалсан нь дээр үү? гэдгийг ч бодож үзэх хэрэгтэй.

Нөгөө талаас Европын импортлогч нарт бараагаа үзүүлэх, үнийн санал илгээхдээ нууцын гэрээ урьдчилан байгуулбал зүгээр. Нууцын гэрээ гэдэг нь маш энгийн ганц хуудас ч байж болох ба үүнд нөгөө талынхаа гарын үсгийг зуруулсан, гарын үсэг зурсан газар, он сар өдрийн мэдээлэлтэй PDF хуудсыг компанийнх нь албан ёсны э-мэйл хаягаас авахад л хангалттай.

Бүтээгдэхүүнээ Европын зах зээлд гаргаад, худалдан авагч хүлээж авч, худалдаагаа үргэлжлүүлэн эрхлэх нь тодорхой болж ирэх үед барааны тэмдгийн бүртгэл хийлгэх талаар бодож эхлэх, шийдвэр гаргах нь бизнес талаасаа илүү оновчтой шийдвэр байх болов уу. Бүртгэлийг Европын Холбооны нэг гишүүн улсад эсвэл Европын Холбоо даяар хийлгэж болно. Европын Холбоо даяар интернэт худалдаа эрхлэх бол интернэт зөрчилтэй тэмцэхийн тулд Европын Холбооны барааны тэмдгийн бүртгэл хийлгэсэн нь илүү хямд, үр дүнтэй байх болно. Монголын бизнес эрхлэгчдийн хувьд барааны тэмдгээс гадна, хамтраад нэгтгэл маягаар ажиллавал хамтын тэмдэг (collective mark) гаргаж, түүнийгээ бүртгүүлж болох юм.

Барааны тэмдгээ бүртгүүлсний гол давуу тал бол энэ нь жнь: лиценз, фрайнчайзингийн замаар дэлгүүрийн салбаруудаа нээх, бизнесээ тэлэх боломж олгоно. Түүнчлэн санаатай хуулсан эсэхээс үл хамааран аливаа гуравдагч этгээд ижил, эсвэл төсөөтэй тэмдэгтэй бүтээгдэхүүн худалдаанд гаргах, санал болгох, экспортлох, импортлоход хориг тавих өмчлөгчийн эрх буюу хөрөнгө оруулалтын хамгаалалтыг өргөн хүрээнд эдлэх боломжтой болно.

БАРААНЫ ТЭМДГИЙН БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ

Бүртгэлийн хураамжийн тухайд Европын зах зээлд бүтээгдэхүүн гаргаад, бүтээгдэхүүн нь сайн борлогдох чигтэй байгаа нөхцөлд тийм ч их биш. Тэмдгээ хэдэн ангилалд бүртгүүлэхээс хамаарч бүртгэлийн хураамжийн хэмжээ ихэснэ. Тэмдгийн бүртгэл нь арван жилийн хугацаанд хүчинтэй. Энд зарим нэг жишээг харуулъя.

Улс Бүртгэлийн үндсэн хураамж Нэмэлт хураамж  Хүчинтэй хугацаа
ХБНГУ суурь үнэ €300  (3 хүртэл ангилалд) €100 (4 ба түүнээс дээш тооны ангилалд ангилал тус бүрд) 10 жил
Бенелукс (Бельги, Голланд, Люксембург) суурь үнэ €244 (1 ангилалд) €24 (2 дахь ангилал); 
€ 81 (3 ба түүнээс дээш тооны ангилалд ангилал тус бүрд) 
10 жил
Европын Холбоо суурь үнэ €850 (1 ангилалд) €50 (2 дахь ангилал); 
€150 (3 ба түүнээс дээш тооны ангилалд ангилал тус бүрд) 
10 жил

Хамтын тэмдгийн тухайд олон бизнесүүд нийлээд хамтын баталгаа гаргаж байгаа тул бүртгэлийн хураамж нь жирийн барааны тэмдгээс өндөр байдаг.

Улс Бүртгэлийн үндсэн хураамж Нэмэлт хураамж  Хүчинтэй хугацаа
ХБНГУ суурь үнэ €900   10 жил
Бенелукс суурь үнэ €379 (1 ангилалд) €42 (2 дахь ангилал); 
€126 (3 ба түүнээс дээш тооны ангилалд ангилал тус бүрд) 
10 жил
Европын Холбоо суурь үнэ €1800 (1 ангилалд) €50 (2 дахь ангилал); 
€150 (3 ба түүнээс дээш тооны ангилалд ангилал тус бүрд) 
10 жил

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАГВАРЫН ХАМГААЛАЛТ

Дараагийн шатанд загвар зохион бүтээх буюу илүү оюуны агууламж шингэсэн шинэ, өвөрмөц хувцас, ахуйн хэрэглэлийн хувьд бүтээгдэхүүний загварын хамгаалалт (industrial design) хийлгэж болно. Шинэ байна гэдэг бол орчин үеийн дизайн байх шаардлага. Орчин үеийн бөгөөд өвөрмөц дизайн нь илүү өндөр өртөг шингэсэн бизнесийн боломж юм.

Бүтээгдэхүүний загварын хамгаалалтыг мөн Европын Холбоо даяар эсвэл зөвхөн холбогдох улсад жишээ нь ХБНГУ-д хийлгэж болно. Бүтээгдэхүүний загварын хувьд мөн бусдын хийсэн зүйлийг санаатайгаар хуулахын эсрэг хуулийн хамгаалалт үйлчилнэ. Хуулахаас хамгаалах хуулийн хамгаалалт гурван жилийн хугацаанд хүчинтэй. Энэ гурван жилийн хугацааны хамгаалалтыг авахын тулд бүртгэл хийлгэх шаардлагагүй. Хамгийн гол нь он сар өдөртэй баримтаа хадгалах чухал.

Бүтээгдэхүүний загварыг бүртгэлд авснаар өмчлөгчийн онцгой эрх үүснэ. Бүтээгдэхүүний загварын хамгаалалтад хуулиар загвар нь шинэ байх, мөн өөрийн гэсэн онцлогтой буюу өвөрмөц шинжтэй байх шаардлага тавьдаг. Гэхдээ Европын Холбооны болон жишээ нь ХБНГУ-ын оюуны өмчийн газрууд загварыг бүртгэж авах явцад энэ хоёр шалгуурыг шалгахгүйгээр загварыг шууд нийтэлдэг.

Бүтээгдэхүүний загвараа бүртгүүлэх хамгийн оновчтой цаг нь эхлээд худалдаанд гаргаад сайн борлогдох эсэхийг нь тандах хэрэгтэй. Бүтээгдэхүүний загвараа анх худалдаанд санал болгосон өдрөө буюу бүтээгдэхүүний нээлтийн ёслолоо баримтжуулж авч хадгалж авна. Энэ өдрөөс хойш нэг жилийн дотор бүтээгдэхүүний загвараа бүртгүүлбэл анх бүтээгдэхүүнийг худалдаанд гаргасан өдрөөс өмнөх цаг хугацаагаар шинэ байх, өвөрмөц байх шалгуурыг хангасан эсэхийг шалгана.

Бүтээгдэхүүн нь Европын зах зээлдээ эхний нэг жилийн хугацаанд амжилттай борлогдоод, цааш худалдаанд байх нь тодорхой бол бүртгэлийн хураамж, бүртгэлийн жилийн хураамж зах зээлийнхээ чадамжтай харьцуулбал өндөр биш. Бүтээгдэхүүн нь зах зээлд цаашид худалдаанд байвал бүртгэлийн хугацаагаа сунгуулах замаар нийт 25 жилийн хугацаанд бүтээгдэхүүний загварын өмчлөгчийн онцгой эрхийг эдлэх боломжтой.

Бүтээгдэхүүний загварын бүртгэлийн хураамж

Европын Холбоо

ХБНГУ

€230 мэдүүлэг гаргахад

€120 бүртгэсэн талаар нийтлэхэд

5, 5 жилээр хүчинтэй байх хугацаагаа сунгаад, сунгасны хураамжаа төлнө. Жилийн хураамж эхний таван жил жил бүр €90

€40 мэдүүлэг гаргахад

€210 эхний 3 жилийн бүртгэлийг хүчинтэй байх хураамж

ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ХАМГААЛАЛТ

Эцэст нь бүтээгдэхүүний загварын хажуугаар оюуны өндөр агууламжтай загварын бүтээгдэхүүний хувьд зохиогчийн эрхийн (copyright) хамгаалалт үүснэ. Зохиогчийн эрхийн хамгаалалт эдлэхэд бүртгэл хийлгэх шаардлагагүй. Хамгийн гол нь зохиогчийн эрхийн бүтээлийн оюуны агууламжийн шалгуурыг давсан урлагийн бүтээл байх ёстой. Зохиогчийн эрхийн хамгаалалт нь зохиогчийн бүх насанд болон нас барснаас нь хойш 70 жилийн хугацаанд хүчинтэй.

ПАТЕНТЫН ЭРХИЙН ХАМГААЛАЛТ

Технологи шингэсэн даавуу, материалын хувьд шинэ бүтээлийн патент (patent) авах боломжтой. Патент авах шаардлага нь дэлхий даяар урьд нь хэн ч шинээр зохион бүтээгээгүй шинэ байх, мөн салбарын дундаж мэргэжилтэн мэргэжлийн мэдлэгээ ашиглаад бодоод олох хэмжээнээс давсан буюу шинэ бүтээлийн түвшин агуулсан гэсэн өндөр шаардлагыг хангах хэрэгтэй байдаг.

Анхаарал тавьсанд баярлалаа.


I. Үүнд холбогдож Нидерландын Засгийн газрын холбогдох агентлагаас гаргасан мэдээллийг энд дарж үзнэ үү,
II. Энд олон тооны тусдаа журмууд үйлчилдэг тул тухайн бүтээгдэхүүний хувьд мэдээлэл авах шаардлагатайг анхаарна уу. 
III. Handelsverband Deutschland (HDE),
IV. The Centre for the Promotion of Imports from developing countries (CBI),
V. Үүнд холбогдож жишээ нь Европын Холбооны шүүхийн дараах шийдвэрүүд татгалзах үндэслэл болох боломжтой: T-207/13-The Spirit of Cuba, T-230/05-Golf USA, T-776/15-MEISSEN KERAMIK. Эдгээр шийдвэрүүдийн эхийг дараах вэб хуудсаар орж үзэж болно
VI. Chanel v EUIPO – Huawei Technologies, T-44/20.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
2024/04/18
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
2024/04/18
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
2024/04/17
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
2024/04/16
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2024/04/15
Залуу энтрепренерүүдийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо
Залуу энтрепренерүүдийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо
2024/04/15
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
2024/04/12
“Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
“Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
2024/04/12
МҮХАҮТ шинэ гишүүдээ хүлээн авлаа
МҮХАҮТ шинэ гишүүдээ хүлээн авлаа
2024/04/11
“10000 залуу”: Бизнесийн сургалт энэ сарын 20-нд МҮХАҮТ-д эхэлнэ
“10000 залуу”: Бизнесийн сургалт энэ сарын 20-нд МҮХАҮТ-д эхэлнэ
2024/04/11
Хамтын ажиллагааны санал солилцлоо
Хамтын ажиллагааны санал солилцлоо
2024/04/11
Экспортоо нэмэгдүүлэх боломж
Экспортоо нэмэгдүүлэх боломж
2024/04/11
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ДАРААХ 25 ТЕХНОЛОГИЙГ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ДАРААХ 25 ТЕХНОЛОГИЙГ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА
2024/04/10
Олон Улсын Худалдааны Төвийн зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил, дижиталчлал болон санхүүгийн хүртээмж” онлайн сургалт
Олон Улсын Худалдааны Төвийн зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил, дижиталчлал болон санхүүгийн хүртээмж” онлайн сургалт
2024/04/10
Монгол-Японы бизнес форумыг зохион байгуулна
Монгол-Японы бизнес форумыг зохион байгуулна
2024/04/10
Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө уулзалт хэлэлцүүлэг
Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө уулзалт хэлэлцүүлэг
2024/04/10
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны төлөөлөлүүдтэй уулзлаа
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны төлөөлөлүүдтэй уулзлаа
2024/04/10
MNS 5021-1:2024,
MNS 5021-1:2024, "Жижиглэн худалдааны газар,түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага" стандартын төсөлд санал авч байна
2024/04/10
Инклусив хамтын ажиллагаа
Инклусив хамтын ажиллагаа
2024/04/09
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин Бүгд найрамдах Куба улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг ноён Хорхе Феррер Родригесийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин Бүгд найрамдах Куба улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг ноён Хорхе Феррер Родригесийг хүлээн авч уулзлаа
2024/04/09