ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) 2026 оны аравдугаар сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Кан Ми Гүл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад МҮХАҮТ-ын Гадаад худалдааны бичиг баримт баталгаажуулах газрын дарга Э.Бадамхорол, Эдийн засгийн судалгааны институтын дарга О.Түмэн-Амар болон холбогдох газрын мэргэжилтнүүд оролцож, төлөөлөгчдөд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, бизнесийн орчин, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын боломжийн талаар мэдээлэл өгч, санал солилцов.

Пусан хот нь БНСУ-ын хүн амын тоогоор хоёрдугаарт, бүс нутгийн ДНБ-ий хэмжээгээр зургаадугаарт эрэмбэлэгддэг, тус улсын худалдаа, тээвэр, логистикийн томоохон төв юм. Тус хот нь 3.3 сая гаруй хүн амтай бөгөөд олон улсын далайн боомт, аж үйлдвэр, худалдааны дэд бүтцээрээ БНСУ-ын эдийн засагт чухал байр суурь эзэлдэг.
Уулзалтын үеэр Пусан хотын төлөөлөгчид Монгол улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа тээвэр, логистик, нийтийн тээврийн дэд бүтэц, тэр дундаа хөнгөн галт тэрэг, метро мөн ноос ноолуурын салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Талууд хоёр улсын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих, худалдаа, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр цаашид харилцаа холбоогоо өргөжүүлэн хамтран ажиллахаар тохиролцлоо.