(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ-аас УИХ, Засгийн газарт Эдийн засгийг эрчимжүүлэх санал хүргүүллээ

2020/07/02 1

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗАРТ ТАВИХ САНАЛ

Өнөөдөр дэлхий дахинд 10 гаруй сая гаруй хүн халдвар авч, 500 мянга гаруй хүн халдварын улмаас амь насаа алдаж, халдварын тархалт буурахгүй байгаа нь үүнээс үүссэн хямралын нөхцөл байдал удаан хугацаанд үргэлжлэхэд хүргэж, улс орнууд эдийн засгийн хувьд асар их хохирол амсаж байна.

2020 оны 6 дугаар сард Олон улсын валютын сангаас дэлхийн эдийн засгийг 4.9 хувиаар буурна гэж үзсэн бөгөөд цар тахлын нөлөө 2020 оны эхний хагас жилд эдийн засагт илүү хүндээр тусах ба цаашид эдийн засгийн сэргэлт удаашралтай байна гэж үзжээ.

Дэлхийн банкнаас 2020 оны 6 дугаар сард гаргасан таамаглалаар 2020 онд Монгол улсын эдийн засаг 0.5 хувиар буурна гэж үзсэн ба энэ нь 1 сард гаргасан таамаглалаас 6 функтээр бууруулсан дүн юм. 2020 оны эхний улиралд Монгол улсын эдийн засаг 10.7 хувиар агшсан ба экспорт 735.9 сая ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 41.5 хувиар, импорт 124.2 сая ам.доллар болж мөн үеэс 9.7 хувиар буурч, нийт  бараа эргэлтийн хэмжээ өмнөх оноос 28.1 хувиар буурчээ.

МакКинзи глобал институтээс гаргасан эрүүл мэнд ба эдийн засгийг хамгаалах хоёр чиглэлийн арга хэмжээний бага, дунд, өндөр зэргээс хамаарч улс орнуудын эдийн засгийн сэргэлт ямар байх төсөөллөөс харахад Монгол улсын эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээ өндөр, эдийн засгаа хамгаалах арга хэмжээ бага түвшинд гэж авч үзвэл эдийн засаг огцом унаж эргээд сэргэх үйл явц нилээд урт хугацаанд үргэлжлэх дүр зурагтай байна.

Олон улсын хэмжээнд улс орнуудыг эрэмбэлдэг гол индексүүдээр Монгол улс нилээд хойгуур байр эзэлж байгаа бөгөөд зарим индексийн хувьд ухарсан үзүүлэлттэй байна.  Бизнес эрхлэлтийн индексээр Монгол улс 190 орноос 81-т, өрсөлдөх чадварын  индексээр 141 орноос 102-т тус тус жагссан байна. Улс орны өрсөлдөх чадварын нэг дэд үзүүлэлт болох институцийн хувьд Монгол улс 90-д орсон бөгөөд хууль эрх зүйн орчинтой холбоотой үзүүлэлтүүдийн хувьд:  хууль эрх зүйн хараат бус байдал  120, засгийн газрын зохицуулалт 117, маргаан шийдвэрлэхэд хууль эрх зүйн хүрээний үр өгөөж 114, өмчийн эрх 113, бодлогын тогтвортой байдал 121-д тус тус  байна.  

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллагаас 2019 оны 10 дугаар сард олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны хэрэгжилтийг сайжруулах явцын талаар мэдэгдэл гарган Монгол улсыг хяналтад байх орнуудын жагсаалт буюу “саарал” жагсаалтад оруулсан. Мөн өнгөрсөн 5 дугаар сард Европын Холбооноос Монгол улсыг өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалтад оруулав.

МҮХАҮТ-аас 2020 оны 3 дугаар сард явуулсан судалгаагаар 2019 оны Бизнес итгэлийн индекс эерэг үр дүнтэй гарсан ч бизнесийн орчны 2020 оны хүлээлтийн хувьд нийт оролцогчдын 31 хувь нь л сайжирна гэж үзсэн нь өмнөх онтой харьцуулахад 35 хувиар буурсан үзүүлэлт боллоо. Бизнес эрхлэгчдийн 2020 оны ашиг орлогын хүлээлт 36 хувь байгаа нь өмнөх оны үр дүнтэй харьцуулахад 2 дахин буурсан бөгөөд хөрөнгө оруулалт хийх хүлээлт нь өмнөх оноос 20 нэгж хувиар буурчээ.

Монгол улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, засаглалын институцийг сайжруулах, бизнесийн орчны бодлого хууль эрх зүйг таатай болгох, бодлогын тогтвортой байдлыг хадгалах, цар тахлын улмаас үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг богино хугацаанд даван туулах, эдийн засгийг сэргээх хариуцлагатай энэ үед МҮХАҮТ-ын зүгээс дараах асуудлуудыг нэн тэргүүнд авч үзэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.

1. Худалдаа, аж үйлдвэрийн асуудлыг хариуцах яамтай болох, худалдааны хуультай болох

Монгол улсад худалдааны асуудлыг хариуцсан яамыг Засгийн газар солигдох бүрт өөрчлөгдөн шинээр байгуулах, татан буулгах, эсвэл аль нэг яамны хавсарсан асуудал болсоор удлаа. Өнөөдрийн байдлаар гадаад худалдааны асуудлыг ГХЯ, дотоод худалдаа, аж үйлдвэрийн асуудлыг ХХААХҮЯ хариуцаж байна.  Худалдаа, түүний дотор гадаад худалдааны бодлогын асуудлыг хариуцах байгууллага, хүмүүс байнга өөрчлөгдсөнөөр гадаад дотоод худалдааны   бодлого алдагдаж, салбарын хөгжил зогсонги байдалд орж, худалдаа тарифын зохицуулалт болон гадаад худалдааны тэнцэл алдагдан эдийн засгийн өсөлтөнд сөрөг нөлөө үзүүлж байна.  Мөн үйлчилгээний худалдааны асуудал орхигдсоноос үйлчилгээний худалдааны алдагдал жилээс жилд өсөх хандлагатай байгааг мэдээллийн технологи, оюуны өмч дээр тулгуурласан олон улсын эдийн засгийн шинэ харилцаа бий болсон өнөө үед зайлшгүй анхаарах нь зүйтэй юм.

Түүнчлэн худалдааны хуулийн төсөл боловсруулах асуудал хэдэн засгийн газрыг дамжин яригдсан боловч одоог хүртэл худалдааны хуульгүй байна. Өнөөдрийн байдлаар ХХААХҮЯ дээр худалдааны хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан боловч дотоод худалдааг зохицуулахаар байгаа нь хэт явцуу, хангалтгүй юм.

Дэлхийн 205 улсын 195 нь худалдааны яамтай, түүний дотор 51 нь гадаад худалдааг дагнан хариуцдаг, 61 нь худалдаа аж үйлдвэрийн яамтай, 32 хувь нь худалдаа эдийн засгийн хөгжлийн яамтай, 50 гадаад харилцаа, худалдааны яамтай байна.

ХХААХҮЯ-ны хувьд хөдөө аж ахуйг илүү анхаарч, худалдаа үйлдвэрийн асуудал нь хаягдсан байгааг энэ хавар ноолуурын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл болон махны олон үйлдвэрүүд экспортын зориулалтаар бэлтгэсэн махаа гаргаж чадахгүй санхүүгийн хувьд хүнд байдалд орсон зэргээс тодорхой харж болно. Иймд худалдаа ба үйлдвэрлэлийг салбар болон экспортыг  бодлогыг зангидах, уялдаа холбоог нь хангахын тулд худалдаа үйлдвэрийн яамтай байх нь Монгол улсын хувьд илүү тохиромжтой гэж үзэж байна.

Худалдаа, аж үйлдвэрийн асуудлыг хариуцсан яамтай байх, худалдааны хуулийг гаргаж бараа үйлчилгээний худалдааг зохицуулах, гадаад эдийн засаг, худалдааны нэгдсэн бодлогыг явуулах, экспортыг бодитоор дэмжих зайлшгүй шаардлагатай байна.

2. Аж үйлдвэрийн салбар, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих

Үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх чиглэлээр 1995 оноос хойш оллон бодлого хөтөлбөр гарсан байдаг. Тухайлбал: Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого /2015/, Үйлдвэрлэлийг  дэмжих тухай хууль /2015 он/, “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөр батлах тухай /2018/,  Жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай /2019 он/ зэрэг болон аж үйлдвэрийн тодорхой салбарын хөтөлбөр бодлогууд хууль тогтоомж гарч байсан. Гэвч төрийн бодлогын залгамж халаа, хуулийг хэрэгжүүлэх төрийн институци тогтворгүй, хяналтгүй, хөтөлбөр бодлогыг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр байхгүй зэргээс үр дүн, хэрэгжилт хангалтгүй явж ирсэн.

Аж үйлдвэр, түүний дотор боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих асуудлыг тогтолцоогоор нь авч үзэх,  төрийн байгууллагуудын гаргаж байгаа бодлого, салбар хоорондын зохицуулалт, үйл ажиллагааг уялдуулах нэн шаардлагатай. Үүний дотор  стратегийн ач холбогдол бүхий нефьт боловсруулах, зэс хайлуулах ба гангийн үйлдвэр боловсруулах, дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, үйлдвэрийг шинээр барих, өргөтгөхөд оруулж байгаа гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрлэлийг  дэмжих үүднээс төрийн ба төрийн өмчит компаниудын худалдан авалтыг нэгдсэн, үр дүнтэй бодлого гаргаж хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарах хэрэгтэй.

3. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдыг дэмжих

Эдийн засгийг тэлэхийн тулд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах ба экспортыг нэмэгдүүлэх гэсэн хоёр арга зам бий. Монгол Улс хэдийгээр хууль, зохицуулалтын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалтад нээлттэй боловч бусад улс орнуудтай харьцуулахад гаднаас орж ирж буй хөрөнгө оруулалтын урсгал хангалтгүй байна. Статистикаас харахад 2012 оноос хойш гаднаас орж ирсэн нийт хөрөнгө оруулалтын 81 хувийг байгалийн нөөц баялаг эрэлхийлсэн хөрөнгө оруулалт эзэлж байгаа нь эдийн засгийн төрөлжилтийн хувьд тун хязгаарлагдмал байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувьд Монгол Улсад тулгарч буй нэг гол бэрхшээл нь улс төрийн ба бодлогын тогтворгүй байдал юм. 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хууль нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад нөлөөлсөн гэх боловч гадаад этгээдийн хувь эзэмшил, үл хөдлөх хөрөнгө эзэмших эрх, ажиллах зөвшөөрөл зэрэгтэй холбоотой эрх зүйн зохицуулалтуудыг эргэн харж, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж зохицуулалтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарах зайлшгүй шаардлагатай.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шинэ хөрөнгө оруулалт татахын тулд хөрөнгө оруулалтын шинэ бодлого, стратегийг хувийн хэвшлийн оролцоотой боловсруулах, хөрөнгө оруулалтыг дэмжин сурталчлах, дэмжих чиг үүрэг бүхий бие даасан институтыг байгуулах асуудлуудыг нэн тэргүүнд шийдвэрлэх нь чухал байна. Мөн төрийн ба хувийн хэвшлийн байгууллагуудын уялдаатай, үр дүнтэй хамтын ажиллагаа нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах нэг чухал хүчин зүйл юм.

4. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих

Жижиг дунд бизнес нь аливаа улсын эдийн засгийг өсгөх ба ажлын байрыг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулдаг. Өндөр хөгжилтэй, хөгжиж байгаа орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний 40-55 хувь,  ажлын байрны 60 орчим хувь, экспортын 30 хүртэл хувь, аж ахуйн нэгжийн 95 хүртэл хувийг жижиг дунд бизнес эзэлж байгаа бол Азийн орнуудын  хувьд энэ үзүүлэлт ДНБ-ний 38 хувь, ажлын байрны 66 хувь, экспортын 30 хувь, аж ахуйн нэгжийн 98 хувь байна. Монгол улсын хувьд нийт ажлын байрны 57 хувь, аж ахуйн нэгжийн 86 хувийг эзэлж байгаагаараа хөгжиж байгаа орнуудад дөхөж байгаа ч ДНБ-ний  20 хүрэхгүй хувь буюу 2 дахин бага, экспортын 2,3 хувь буюу 13 дахин бага байна. Хэдий тийм боловч жижиг дунд бизнес нь  хот хөдөөгийн иргэдийн, түүний дотор эмэгтэйчүүдийн орлогын гол эх үүсвэр болдог.

Жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд олон жилийн туршид зээлийн хүүг бууруулах, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, борлуулалтыг өсгөх гэсэн асуудлыг байнга ярьж ирсэн ч шийдвэрлэгдээгүй өнөөдрийг хүрсэн. Жижиг дунд бизнесийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн сан, зээлийн батлан даалтын тогтолцоог сайжруулах, жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтыг төрийн худалдан авалтаар дэмжих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

5. Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тогтолцоог шинэчлэх

Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн судалгаагаар Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд жилд дунджаар 70 гаруй мянган ажиллах хүчний эрэлт үүсдэг бол сүүлийн 3 жилд 15 орчим мянган ажлын байр ажиллах хүчний хомсдолтой байна.
Танхимаас 2017 онд Бизнес орчны судалгааг үндэсний хэмжээнд анх удаа явуулж, бизнесийн орчныг үндсэн 5 дэд бүлэг үзүүлэлтээр үнэлсэн. Үүний нэг дэд бүлэг үзүүлэлт болох  эдийн засгийн орчны  “Хүний нөөц, ажиллах хүч” гэсэн үзүүлэлт нь 3.25 үнэлгээ авсан нь авах боломжит дээд утга 7–тай харьцуулахад доогуур үнэлгээ байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Төрөөс сайн чанарын суурь боловсрол олгох боломж хязгаарлагдмал байгаа хөгжиж байгаа улсын хувьд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан ур чадварыг хөгжүүлэх, аж ахуйн нэгж, салбарын эрэлт хэрэгцээг хангах үндэсний хэмжээний нэгдсэн хөтөлбөр, арга хэмжээ чухал бөгөөд үүнд хувийн хэвшлийн оролцоо зайлшгүй хэрэгтэй юм. Хувийн хэвшлийн хувьд мэргэжлийн боловсролын сургуулийн дэд бүтэц, тоног төхөөрөмжийн шинэчлэлд хувь нэмэр оруулах, сургалтын хөтөлбөр шинэчлэх, ур чадвар олгох дадлага хийлгэх зэрэг олон боломж байна.  

Эдийн засгийн салбарын өсөлт, гадаад дотоод орчны өөрчлөлт, техник технологи, мэдээллийн технологийн хувьсал өөрчлөлтөнд нийцэх ажиллах хүчнийг бэлтгэхэд  дээд боловсрол болон мэргэжлийн боловсролын тогтолцоог шинэчилж өөрчлөх шаардлагатай байгаа бөгөөд мэргэжлийн боловсролд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд төрийн бодлого зохицуулалт дэмжлэг чухал байна.

6. Төр ба хувийн хэвшлийн хэлэлцлийг хөгжүүлэх

МҮХАҮТ нь  2003 оноос төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн хэлэлцлийг оновчтой механизмыг бий болгох чиглэлээр анхаарч үндэсний хэмжээнд болон аймгийн түвшинд санал санаачилга гарган ажиллаж ирсэн.

Германы техник хамтын ажиллагааны төсөл, Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа төслүүдийн хүрээнд аймгуудад төр хувийн зөвлөлдөх хороог зарим аймгуудад байгуулсан байдаг ч төр засаг, орон нутгийн удирдлага солигдох болон бусад шалтгааны улмаас байгуулагдсан хороодын үйл ажиллагаа тогтвортой явагдаж чадахгүй өдий хүрчээ. 2018 онд ЗГХЭГ-ын даргын тушаалаар “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо”-г үндэсний хэмжээнд байгуулсан ч үйл ажиллагаа төдийлөн идэвхтэй биш, төрийн байгууллагуудын идэвх оролцоо сул байна.  

Төр хувийн хэвшлийн үндэсний хэмжээний зөвлөлдөх хороо, түүний доор эдийн засгийн гол салбар бүрт, аймаг бүрт Төр хувийн хэвшлийн зөвлөлдөх бүтцийг бий болгох замаар тогтолцоог бүрэн болгох, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангаж ажиллах нь чухал юм.

7. Авилга, хүнд суртлын эсрэг төр ба хувийн хэвшил хамтдаа тэмцэх

Азийн сангийн “Бизнес эрхлэлтийн орчин дах авлигын нөхцөл байдал 2018” судалгааны тайлангаас харахад  2016 оноос хойш төрийн албан дах авлигын нөхцөл байдал бага зэрэг сайжирсан үзүүлэлттэй байгаа хэдий ч хувийн хэвшил дэх авлигын түвшинтэй харьцуулахад муу үзүүлэлт хэвээр байгаа дүнтэй байна.  
Төрийн үйлчилгээ нь авлигад хамгийн ихээр өртөмтгий салбарт тооцогдсон хэвээр байна. 2015-2018 оны хооронд уг судалгаанд оролцогчдын бараг тэн хагас нь төрийн албаны авлига тэдгээрийн бизнест “маш ихээр” буюу ”тодорхой хэмжээнд” нөлөөлсөн гэж мэдэгджээ.

МҮХАҮТ-аас тогтмол гаргадаг Хүнд суртлын индекс-2018 судалгаагаар хүнд суртлын ерөнхий үнэлгээг үндсэн 5 асуулгаар тодорхойлоход төрийн бодлого, хууль дүрэм, шийдвэр гаргах үйл явцад бизнес эрхлэгчид оролцох боломж, төрийн байгууллагын ил тод байдал, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо зэрэг үзүүлэлтүүдийн “муу” үнэлгээ нь 2015 онтой харьцуулахад дундажаар 28 орчим хувиар буурч, “дунд” үнэлгээ нь 20 орчим хувиар өссөн дүнтэй байна. Төрийн албан хаагчдын ёс зүй, харилцаа, хандлага, төрийн байгууллагын ил тод байдал, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо зэрэг асуулгад өгсөн “сайн үнэлгээ” нь дундажаар дөнгөж 15 хувьтай гарсан. Хүнд суртлын ерөнхий үнэлгээний индекс нь боломжит дээд утга 5 байхаас 2.51 гарсан.

Бизнесийнхэний хувьд тулгамдсан асуудал болох авилгаас ангид байх, хүнд суртлыг бууруулах нөхцөлийг бүрдүүлэх зөв тогтолцоог бий болгох, өөрөөр хэлбэл төрийн байгууллагуудын ил тод, шилэн байх явдлыг хангах, улам бүр боловсронгуй болгох шаардлагатай бөгөөд үүний төлөө төр хувийн хэвшил хамтран ажиллах нь илүү үр дүнтэй байх болно.

8. Цар тахлын бизнест үзүүлж буй нөлөөллийг саармагжуулах, эрсдэлийг бууруулах

Ковид-19 вирусийн бизнест үзүүлэх нөлөөллийн талаар 3 дугаар сарын 3-нд бизнес эрхлэгчдийн дунд явуулсан асуулганд нийт оролцогчдын 57 хувь нь бизнест маш их нөлөөлсөн гэж үзсэн бол 5 сард энэ үзүүлэлт 73 хувь болж 16 хувиар өссөн.

Өнгөрсөн хугацаанд УИХ, Засгийн газар, Монгол банкнаас цар тахлын бизнест үзүүлсэн нөлөөллийг саармагжуулах, бизнест дэмжлэг үзүүлэх чиглэлээр тодорхой шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлж байна. Мөн УИХ-аас 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан “Коронавирус халдварын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээ”-ний тухай тогтоолоор бизнесийг дэмжих чиглэлд хэрэгтэй  чухал асуудлуудыг шийдвэрлэхээр тусгасан ч одоогоор тодорхой үр дүн гараагүй байна.  

Цар тахлын улмаас эдийн засаг, бизнест учирч байгаа эрсдэлийг бууруулах, бизнесийг дэмжих чиглэлээр дараах асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна. Үүнд:

  • 2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлэн хөрөнгө оруулалтын чухал бус зардлуудыг танах
  • Халдвар хамгааллыг өндөр хэмжээнд хангуулах нөхцөлтэйгөөр гаднаас ажиллах хүч оруулах талаар судлан үзэж, тодорхой арга хэмжээ авах
  • Банкны зээлийн хүүг бууруулах, хөнгөлөлт үзүүлэх, зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах
  • ЖДҮ-ийн хөгжлийн сангаас олгох зээлийн эх үүсвэрийг 2  дахин нэмэгдүүлэх, Засгийн газрын тусгай сангуудын хөнгөлөлтэй эх үүсвэрийг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан ажлын байрыг хадгалах, үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг дэмжихэд чиглүүлэх
  • ЖДҮ-ийг дэмжих зорилгоор зээлийн батлан даалтын сангийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх
  • Үйлдвэрийн импортын тоног төхөөрөмж, түүхий эд, материалыг гаалийн ба нэмэгдсэн өртгийн албан татвараас тодорхой хугацаанд чөлөөлөх
  • Засгийн газраас тогтоосон харьцуулалтын аргаар ба шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх
  • Дотоодын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх, шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх
  • Орон сууцны ипотекийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн нар Эдийн засаг, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
2020 оны 06 сарын 04

Лхам
функт биш, пункт-ээр....
Сүүлд нэмэгдсэн мэдээ
М БАНК ХК-ны үзүүлж буй бизнесийн зээлийн үйлчилгээний мэдээлэл хүргэж байна
2024/03/27
Корпорейт Зочид буудал ХХК-ны гишүүдэд үзүүлж буй үйлчилгээний мэдээлэл хүргэж байна
2024/03/27
ТАПАТРИП ХХК-ны үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл хүргэж байна
2024/03/27
Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, МҮХАҮТ хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2024/03/26
Хөнгөн үйлдвэрийн анхны эмэгтэй баатар
2024/03/26
ХИЛ ДЭЭР ГАЦМААРГҮЙ БАЙНА
2024/03/25
Ногоон үйлдвэрлэл ноос, ноолуурын салбарт
2024/03/21
Ногоон үйлдвэрлэл ноос, ноолуурын салбарт
2024/03/21
Монголын Мэдээ: 10 мянган залууг бизнесийн сургалтад хамруулна
2024/03/21
Монгол Улсад нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүнийг дэмжих бодлого дутагдаж байна
2024/03/21
П.Төмөр-Очир: Бельги улсад компани байгуулах, ажиллуулахад харьцангуй хялбар журамтай
2024/03/21
БИЗНЕСИЙН СЭРГЭЛТ 10000 залуусын сургалт эхэллээ
2024/03/20
Өвөрхангай аймгийнхан МҮХАҮТ-тай хамтран Хөрөнгө оруулалтын чуулганаа хийлээ
2024/03/20
Монгол Тайваний 20 дахь удаагийн бизнес форум Тайпэй хотноо зохион байгуулагдаж байна
2024/03/20
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ази Номхон Далайн бүсийн чуулга уулзалт зохион байгуулагдаж байна
2024/03/20
МҮХАҮТ-аас Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох намуудын мөрийн хөтөлбөрт өгөх санал
2024/03/19
Эдийн засгийн коридор, боомт, тээвэр логистикийн зөвлөл хуралдлаа
2024/03/19
“КIMES Солонгосын эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн”-д МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд амжилттай оролцлоо
2024/03/19
МҮХАҮТ, "Сэтгэлийн мод ТББ"-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2024/03/19
Хан Тэгри Мэд ХХК
2024/03/18