МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ВАНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД НОЁН ЭДВИН САМУЭЛТАЙ УУЛЗЛАА

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Эдвин Самуэлтэй уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны бизнесийн орчин, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, Улаанбаатар хотын метроны төсөл, тэргүүлэх технологи, ноу-хау нэвтрүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэв.
Мөн эмэгтэйчүүдийн удирддаг жижиг, дунд бизнесийг дэмжих SheTrades хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн хамтын ажиллагааны үр дүнг эерэгээр үнэлж, цаашид санхүүжилт, дэмжлэгийн шинэ боломжийг эрэлхийлэн хамтран ажиллах талаар санал солилцов.
Талууд цаашид Монгол, Их Британийн худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлж, хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаанд шинэ боломж бүрдүүлэх чиглэлээр харилцан итгэлцэл, ойлголцолд тулгуурласан үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхээ илэрхийллээ.