ЛЯОНИН МУЖИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

МҮХАҮТ-ын удирдлагууд Ляонин мужийн Худалдаа, аж үйлдвэрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан Монгол Улс, Ляонин мужийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн түншлэлийг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцов.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав Ляонин мужийн 70 гаруй аж ахуйн нэгж манай улсад зохион байгуулагдаж буй үзэсгэлэнд оролцож байгааг онцолж, бүтээгдэхүүнийг зах зээлд илүү өргөн хүрээнд нэвтрүүлэх боломжтойг тэмдэглэлээ. Мөн ирэх есдүгээр сарын 23-нд Ляонин мужид болох үзэсгэлэнд Монгол Улсыг онцгойлон урьсанд талархал илэрхийлэв.

Ляонин мужийн төлөөлөгч Жан Вэй Дун хоёр талын хамтын ажиллагааны үр дүнд худалдааны хэмжээ өмнөх онд 150 сая ам.доллар байсан бол өдгөө 590 сая ам.долларт хүрснийг дурдав.

Түүнчлэн манай улсын барилга, бүтээн байгуулалтын салбарын хөгжилтэй холбогдуулан Ляонин мужийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх тал дээр МҮХАҮТ-ыг хамтран ажиллахыг хүслээ.