МҮХАҮТ МОБАРА ХОТЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Япон Улсын Чиба мужийн Мобара хотын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын төлөөлөгчид Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимд зочлон, хоёр талын үйл ажиллагаа, бизнес эрхлэгчдэд үзүүлж буй үйлчилгээ болон цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.

Мобара хот нь Чиба мужийн төв хэсэгт оршдог ойролцоогоор 85 мянган хүн амьдардаг бөгөөд байгалийн хийн арвин нөөцөөрөө онцлог. Иймд Токио шиг улсын хэмжээний эдийн засгийн төв биш боловч Чиба мужийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хөгжилд чухал үүрэгтэй юм. Уулзалтад тус хотын ХАҮТ-ыг эрчим хүч, байгалийн хий, хүнс, маркетинг, барилга, аялал жуулчлал болон ёслолын үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчид төлөөлөн оролцлоо.

Талууд Монгол, Японы бизнесийн харилцааг өргөжүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, B2B уулзалт, бизнес арга хэмжээ, үзэсгэлэнд харилцан оролцох, мөн эрчим хүч, хөдөө аж ахуй, худалдаа болон бусад салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхол, хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.