“ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР: АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ НЬ” СЭДЭВТ БҮСИЙН СУРГАЛТАД ОРОЛЦЛОО

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр Шри Ланка улсын Коломбо хотноо зохион байгуулагдсан “Худалдаа, хөрөнгө оруулалт ба зохистой хөдөлмөр: Ази, Номхон далайн бүсийн хөгжлийг дэмжих нь” сэдэвт бүсийн сургалтад оролцлоо.

Тус сургалт 2026 оны наймдугаар сарын 18–21-ний өдрүүдэд болж, Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын төлөөлөл худалдаа, хөрөнгө оруулалтыг зохистой хөдөлмөр, хариуцлагатай бизнесийн үйл ажиллагаа, хөдөлмөрийн стандарт болон тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулах асуудлаар туршлага солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Монголын төлөөлөгчид сургалтын үеэр экспортыг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх шаардлагыг онцолсон байна. Мөн худалдаа, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг зохистой ажлын байр бий болгох, ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх бодлоготой уялдуулах нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах чухал нөхцөл болохыг хэлэлцлээ.

Бүс нутгийн улс орнуудын туршлага, хэрэгжүүлж буй бодлогын арга барилтай танилцсан нь Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалт болон хөдөлмөрийн бодлогын уялдааг сайжруулахад ач холбогдолтой байв. Түүнчлэн цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжийг тодорхойлох хүрээнд санал солилцсон байна.