ЭРЭЭН ХОТОД МОНГОЛ, ХЯТАДЫН ХУДАЛДААГ ДЭМЖИХ БАЙГУУЛЛАГУУДЫН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО

БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны Эрээн хотын салбар хорооноос Монгол Улсын төлөөлөлтэй мэдээлэл солилцох уулзалт /2026.08.25/ Эрээн хотод зохион байгуулагдлаа. Уулзалтад Хятад-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн захиргааны орлогч дарга Доу Шаопин, Ли Хайлун болон тус бүсийн захиргаа, Чөлөөт худалдааны туршилтын бүсийн захиргаа, Эрээн хотын Гаалийн газар, Гадаад харилцааны газар, Худалдааны хөгжлийн танхим зэрэг төрийн болон холбогдох байгууллагуудын төлөөлөл, бизнес эрхлэгчид оролцсон байна.

Монголын талаас МҮХАҮТ-ын Гадаад худалдааны бичиг баримт баталгаажуулах газрын дарга Э.Бадамхорол Монгол Улсаас экспортод гаргаж буй бараанд гарал үүслийн гэрчилгээ олгох, баталгаажуулах үйл ажиллагаа, Монгол Улсын нэгдэн орсон хоёр болон олон талт худалдааны хэлэлцээрийн талаар танилцуулсан бол Гаалийн ерөнхий газрын Барааны ангиллын хэлтсийн дарга Ч.Чимгэрэл чөлөөт худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд барааны ангиллын ач холбогдол, чөлөөт бүсийн гаалийн зохицуулалтын талаар тус тус мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариулжээ.