МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар Оросын Холбооны Улсын Шинжлэх Ухааны Академийн дэд ерөнхийлөгч, ОХУ-ын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хөдөө аж ахуйн зөвлөлийн дарга Чекмарев Пётр Александровичийг хүлээн авч ярилцлаа.
Энэхүү уулзалтаар Монгол Улс болон Евразийн Эдийн Засгийн Холбоо (ЕАЭХ)-ны хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийг өргөнөөр таниулах, бизнес эрхлэгчдэд практик дэмжлэг үзүүлэх зорилгоор цахим болон танхимын хэлбэрээр цуврал сургалт, семинар зохион байгуулах санаачилгыг дэвшүүлэн, харилцан тохиролцов. Мөн хоёр талын хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүний харилцан худалдааг өргөжүүлж, нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцсон юм.
Талууд цаашид эдгээр санаачилгыг тодорхой хөтөлбөр, хуваарийн дагуу ажил хэрэг болгон хэрэгжүүлэхээ илэрхийлэв. Тус уулзалтад МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Э.Солонго, ОХУ-ын Буриад Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улстай хамтран ажиллах сайд Чирипов Даба-Жалсан Шагжиевич нар байлцлаа.