ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) -ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар, Дэд захирал Ч.Баттулга болон Япон дахь Салбар Танхимын Дарга У.Өлзий нар Японы Сагамихара хотын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (SCCI)-ын дарга Сүгиока Ёшики тэргүүтэй 25 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй бизнесийн төлөөллийг 8-р сарын 3-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар Монгол, Япон хоёр улсын хооронд хэрэгжиж буй Эдийн Засгийн Түншлэлийн Хэлэлцээр (EPA) нь хоёр улсын бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй тариф, татварын нөхцөлөөр худалдаа эрхлэх таатай боломжийг бүрдүүлж байгааг тэмдэглээд энэхүү боломжийг илүү сайн ашигласнаар худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг онцлов.

Уулзалтын төгсгөлд Монгол, Японы хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй МҮХАҮТ-ын Япон дахь Салбар Танхимын хамт олны үйл ажиллагааг сайшаан тэмдэглэв.
Японы төлөөлөгчид Монголын хөдөлмөрийн зах зээл, хүний нөөц, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхлоо илэрхийлж, хоёр Танхимын хамтын ажиллагаа болон гишүүн байгууллагуудын бизнесийн харилцааг бэхжүүлэх асуудлаар санал солилцов. Мөн дараагийн уулзалтыг Сагамихара хотод зохион байгуулах санал гаргаж, МҮХАҮТ-ын удирдлагуудыг бизнесийн төлөөлөгчдийн хамтаар Япон Улсад айлчлахыг урив.