МҮХАҮТ, ШАНХАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДАА ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛИЙН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТЫН АЖИЛЛААГАА ЭХЛҮҮЛНЭ
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Худалдаа, эдийн засгийн сургуулийн Монгол дахь төлөөлөгчийг хүлээн авч уулзан, хоёр байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцов.
Уулзалтанд МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц. Магнайбаатар болон БНХАУ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Худалдаа, эдийн засгийн сургуулийн Монгол дахь төлөөлөгч Шяо Вэй нар оролцов.
Уулзалтын үеэр талууд Монгол Хятадын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжит аргуудын талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Хятадын тал хоёр талын жижиг дунд үйлдвэрүүдийг хооронд нь холбох мөн тус тусын мэдээ, мэдээллийг солилцох дундын платформ нээх, цаашдаа идэвхтэй ашиглах, тус платформын мэдээллүүд дээр үндэслэн хоёр талд худалдааны үзэсгэлэн зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бол МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц. Магнайбаатар саналыг дэмжин ажиллаж уг платформ нь хоёр улсын худалдааны хоорондын чухал холбоос болох боломжтойг дурдав.
Мөн уулзалтын үеэр хоёр талын соёл, боловсролын солилцоог дэмжиж, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, барилгын салбаруудын боловсон хүчинг нэмэх, туршлага солилцох зорилгоор 2 тал хамтран ажиллаж, Монгол иргэдийг Хятадын мэргэжлийн сургуулиудад суралцуулах, Хятадын боловсон хүчинг Монголд авчиран туршлага солилцон ажиллах боломжийг хэлэлцэв. МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц. Магнайбаатар МУ-ын өнөөгийн боловсон хүчний хомсдолын асуудал болон Хятад хэлний хэрэгцээ шаардлага өндөр байгааг дурдан МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес акедемтай хамтран гишүүн байгуулагууддаа бизнесийн хятад хэлний сургалт хийх тухай тохиролцов.
Уулзалтаар талууд боловсрол, худалдааны хамтын ажиллагааг урагшлуулах, урт хугацааны, харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлэх сонирхлоо илэрхийллээ.