МҮХАҮТ БОЛОН БНСУ-ЫН "KINTEX" ТӨВ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ШАТАНД ГАРГАХААР ТОХИРОЛЦОВ

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон БНСУ-ын Олон улсын хурал үзэсгэлэнгийн төв болох "KINTEX" (Korea International Exhibition Center) хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санамж бичиг үзэглэлээ. БНСУ-д болсон тус арга хэмжээнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар нар оролцож, "KINTEX" төвийн Ерөнхийлөгч И Мин Ү болон Бизнесийн хэлтсийн захирал И Жон Хүн нартай албан ёсны уулзалт хийсэн юм.
Талууд олон улсын үзэсгэлэн, бизнес уулзалт, форумыг хамтран зохион байгуулж, хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн холбоог бэхжүүлэн, худалдаа, бизнесийн харилцааг шинэ шатанд гаргахаар тохиролцсоны дотор нэхмэл, материал үйлдвэрлэлийн компаниудын хамтын ажиллагааг бодлогоор дэмжихэд гол анхаарлаа хандуулахаар болов.

Хамтын ажиллагааны эхний алхам болгож ирэх 10 дугаар сард "KINTEX" төвд зохион байгуулагдах "TEX+VISION" нэхмэлийн салбарын олон улсын үзэсгэлэнд МҮХАҮТ-ын зүгээс дотоодын аж ахуйн нэгжүүдээ өргөнөөр оролцуулахаа мэдэгдлээ. Энэ нь Монголын нэхмэлийн салбарыг БНСУ-ын зах зээлд сурталчлах, түншлэлийн шинэ боломжуудыг нээх давуу талтай юм.

Түүнчлэн "KINTEX"-ийн зүгээс Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн үзэсгэлэнгийн төв байгуулах, шинэ бүтээн байгуулалтын төслийн хөрөнгө оруулалт болон санхүүгийн чиглэлээр илүү өргөн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийллээ.
