САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРҮҮЛ ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЭХ БОДЛОГЫН АСУУДЛААР ЯРИЛЦЛАА

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны Удирдах зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзан, санхүүгийн салбарын өрсөлдөх чадвар болон бизнесийн орчны тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. Уулзалтад МББСБХ-ны Ерөнхийлөгч С.Мөнхзул, Гүйцэтгэх захирал С.Жавхлантөгс болон Удирдах зөвлөлийн гишүүд болох А.Алтансүх, З.Алтанзул, Д.Баясгалан нар оролцож, ББСБ-ын салбарт үүсээд буй бодит нөхцөл байдлыг танилцуулсан юм.

Талууд ялангуяа татварын ялгавартай зохицуулалтаас үүдэлтэй хүндрэлүүдийг онцолж, энэхүү тэгш бус байдлыг арилгах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар салбарын тогтвортой өсөлтийг хангах боломжуудын талаар санал солилцов. Мөн ББСБ-ууд нь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг учраас салбарын нийтлэг эрх ашгийг хамгаалах, бизнес эрхлэгчдэд тулгарч буй саад бэрхшээлийг хамтын хүчээр даван туулах шаардлагатай байгааг тэмдэглэлээ.