АЖЛЫН БАЙРАН ДАХЬ МАСТЕР СУРГАГЧ БЭЛТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

“Ажлын байран дахь сургагч, дадлагажуулагч” хөтөлбөрийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, сургалтыг удирдан зохион байгуулах чадвартай мэргэшсэн сургагчдыг бэлтгэх зорилготой “Мастер сургагч” бэлтгэх сургалтын эхний үе шат амжилттай зохион байгуулагдлаа.

Ажлын байран дахь сургагч, дадлагажуулагчийг бэлтгэх “Мастер сургагч” хөтөлбөр нь зөвхөн мэргэжлийн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхээс гадна сургагчийн хувь хүний төлөвшил, хамтран ажиллах соёл, манлайлал, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх хандлагыг төлөвшүүлэх зорилготой юм.

Мөн мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн ажлын байран дахь мастер сургагч нь мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон аж ахуйн нэгж, байгууллага хооронд гүүр болох төдийгүй, хосмог сургалт болон ажлын байран дахь сургалтыг үр дүнтэй зохион байгуулах гол түлхүүр болдог.

Сургалтыг МҮХАҮТ-ын Хосмог сургалтын нэгж GIZ “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт–II” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан ба сургалтад нийт 17 оролцогч хамрагдлаа.