ГАРААНЫ БИЗНЕС, ИННОВАЦЫН САЛБАРТ ТОГТВОРТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛНЭ

Инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдний үйл ажиллагааг сурталчлах, хөгжүүлэх, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар, Нийслэлийн Бизнес, инновацын газрын дарга Ж.Төгөлдөр нар хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ.

Талууд энэхүү санамж бичгийн хүрээнд нийслэлийн хэмжээнд бизнес, инновацын орчны өнөөгийн болон хэтийн төлөвийг судалж, дүн шинжилгээ, зөвлөмж боловсруулах, эрх зүйн таатай орчныг бий болгох санал боловсруулахад хамтран ажиллах бөгөөд ингэснээр бизнесийн үйл ажиллагааг дэмжих, гарааны компаниудын өсөлтийг хурдасгах боломжийг бүрдүүлэх аж.

Мөн бизнес эрхлэгчдийг дотоод, гадаадын үзэсгэлэн, худалдаа болон B2B арга хэмжээнд оролцуулах замаар зах зээлийг өргөжүүлэх, борлуулалтын боломжуудыг нэмэгдүүлэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх юм. Үүний зэрэгцээ гарааны бизнес эрхлэгчдэд шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, бизнес болон инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.