КЁНГИ ИХ СУРГУУЛИЙН ПРОФЕССОР И ЯН ХО БОЛОН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар Кёнги их сургуулийн профессор И Ян Хо болон төлөөлөгч нартай Монгол Улсад импортлогдон орж ирж буй тусгай хэрэгцээт тээврийн хэрэгслийн чанарын асуудлаар уулзалт хийлээ.
Монгол Улс БНСУ-аас тээврийн хэрэгслийг хамгийн ихээр импортолдог бөгөөд сургуулийн автобус, түргэн тусламжийн машин болон бусад том оврын тусгай зориулалтын машинуудын ихэнх нь олон жил ашиглагдсан, хуучин байдаг нь агаарын бохирдол нэмэгдэх, техникийн эвдрэл, аюулгүй байдлын эрсдэл үүсэх зэрэг нийгмийн олон асуудлын шалтгаан болдог талаар профессор И Ян Хо онцлон тэмдэглэв. Тэрээр чанарын шаардлага хангасан, шинэ загварын тусгай зориулалтын олон төрлийн тээврийн хэрэгслийг Монгол Улсад нийлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар, орчин үеийн тусгай хэрэгцээт тээврийн хэрэгсэл Монгол Улсад нэн шаардлагатай байгааг онцолж, энэ чиглэлээр цаашдын хамтын ажиллагааны боломж, харилцан ашигтай төслийн талаар сонирхон санал солилцов. Мөн тэрээр Танхимын гишүүн байгууллагуудад мэдээлэл хүргэж, энэхүү санаачлагыг өргөжүүлэн ажиллах бүрэн боломжтой гэдгийг дурдав.

Тус уулзалт нь Монгол, БНСУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын бизнес эрхлэгчдийн хоорондын түншлэлийг шинэ түвшинд хүргэх чухал ач холбогдолтой юм.

