Шадар сайд С.Амарсайхан Евразийн хэлэлцээрийг хойшлуулах ААН-үүдийн саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна

Энэ сарын 12-нд МҮХАҮТ болон Эдийн засгийн хөгжлийн яам хамтран "Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн төслийн талаар бизнес эрхлэгчидтэй санал солилцох уулзалт" зохион байгуулсан. Энэ үеэр ААН-үүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал хүсэлтийг нь хүлээн авч, Засгийн газарт уламжлахаар болсон.
Тэгвэл Ервазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах эсэхтэй холбоотойгоор бизнес эрхлэгчдийн зүгээс Шадар сайд С.Амарсайхантай уулзах хүсэлт хүргүүлсний дагуу Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс-Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын комиссын Монголын талын даргын хувьд өчигдөр хүлээн авч уулзаж, санал хүсэлтийг нь сонссон байна.
Бизнес эрхлэгчдийн зүгээс хэлэлцээрийг хойшлуулах саналыг уламжлахын сацуу түр хэлэлцээрийн гэрээнд тусгах саналаа гардуулж нааштай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсчээ. Шадар сайд С.Амарсайханы хувьд чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг хойшлуулах бизнес эрхлэгчдийн саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхээ мэдэгдсэн байна. Өнөөдөр Засгийн газар хуралдаж байна.