(+976) 7585-8282
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монголын эдийн засгийн форум - 2019

2019/10/30 1

2019 оны 10 сарын 30 өдөр, 18:12 минут: МОНГОЛ УЛСАД "БИД" НИЙГМИЙГ БҮТЭЭХ ЦАГ ҮЕ ИРЖЭЭ ГЭВ

"Монголын Эдийн Засгийн Форум-2019" чуулган "Үндэсний эрх ашиг" ерөнхий сэдвийн хүрээнд, "Хариуцлагатай Монгол", "Саарал Монгол", "Бүтээлч Монгол", "Залуу Монгол", "Монголын эдийн засгийн форум: өнгөрсөн ба ирээдүй" гэсэн таван дэд хуралдаантайгаар амжилттай зохиогдож өндөрлөлөө.

Энэ удаагийн чуулганыг МҮХАҮТ, Монголын эдийн засгийн форум ТББ, CEO клуб, Монголын бизнесийн зөвлөл гэсэн бизнесийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 4 ТББ төрийн бус байгууллага хамтран, Засгийн газрын оролцоогүйгээр зохион байгуулснаар онцлого байв.

Чуулганы хэлэлцүүлгүүдээр яригдсан санал дүгнэлт, шүүмжийг нэгтгэн бодлого боловсруулагчдад хүргүүлэх бөгөөд оролцогчид цаашид аливаа асуудалд “БИ биш БИД” хандлагаар хандаж, ганцаараа биш хамтаараа асуудлаа ярьж, бодит шийдлийн төлөө нэгдэцгээе хэмээн санал нэгтэй тохиролцсон нь өнөөдрийн арга хэмжээний үр дүн байлаа.


2019 оны 10 сарын 30 өдөр, 17:49 минут: НИЙТЛЭГ ҮНЭТ ЗҮЙЛЭЭ ОЛСОН ЗАЛУУС ЖИНХЭНЭЭСЭЭ ГАР НИЙЛЭН АЖИЛЛАДАГ

1980-аад оны залуусын төлөөлөл, Бодлогод суурилсан залуусын хяналт ТББ-ын УЗ-ийн гишүүн, сэтгүүлч Т.Амарзаяа: "Залуусын дунд хамтарч ажиллах сэтгэлгээг хэвшүүлэхийн тулд тэднийг холбох нийтлэг үнэт зүйлийг тодорхойлох хэрэгтэй. Түүнийгээ олчихвол хамтын ажиллагаа аяндаа бий болно. Үнэт зүйлсийнхээ төлөө юу хийх ёстойгоо ч тэд өөрсдөө олно" Үүнд харин хэн туслах вэ?


2019 оны 10 сарын 30 өдөр, 17:46 минут: УЛААНБААТАР ЗАЛУУЧУУДЫН ХОТ БИШ БОЛЧИХООД БАЙНА

1970-иад оны төлөөлөл, IRIM судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Батсугар: Тодорхой бүлэг залуус бус нийт 1 сая гаруй залуус нийгэмд хүчтэй нөлөөлөл, үнэт зүйлийг хамтдаа бүтээж байж бид залуучуудын хот болж чадна. Тооны хувьд хангалттай хэрнээ идэвх, оролцоо, санаачилга, манлайллын хувьд Улаанбаатар залуучуудын хот биш юм..


2019 оны 10 сарын 30 өдөр, 17:41 минут: ЗАЛУУ ҮЕЭ ЧАМЛАХ БИШ ДЭМЖИЖ БОЛОМЖ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Монголын эдийн засгийн чуулган-2019 "Залуу Монгол" сэдвийн хүрээнд үргэлжилж байна. 2000-иад оны төлөөлөл болж “ИнвестТрейд” академийн үүсгэн байгуулагч Ү.Батмагнай: "1990, 2000 оны залуучуудыг дэмжиж, тэдний үзэл санааг хүлээн зөвшөөрч чадсанаар нийгэм дэх залуусын оролцоо сайжирч, "би" биш "бид" хандлага руу шилжиж чадна. Нийгэм өөрөө залуучуудын оролцоог хүлээн зөвшөөрөхгүй байна. Жишээ нь, ажлын байран дээр үе үеийн хүмүүс ажиллаж байгаа хэдий ч залуу үеийн хүсэл эрмэлзлийг тоохгүй, "энэ юу чаддаг юм" гэсэн хандлагаар мохоож байгаа нь урам зориг, оролцоог хойш татсаар байна" гэв.


2019 оны 10 сарын 30 өдөр, 17:10 минут: ЗАЛУУЧУУД ШАГНАЛААР БИШ ХИЙЖ БҮТЭЭСНЭЭРЭЭ ГАНГАРЧ БАЙНА

Монголын эдийн засгийн чуулган-2019 "Залуу Монгол" сэдвийн хүрээнд үргэлжилж, 1970, 1980, 1990, 2000 оны төлөөлөл болсон залуучууд үзэл бодлоо илэрхийлж байна.

"1980-аад оны төлөөлөл, "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан: "Залуучууд одон медаль, цаасан өргөмжлөлөөр хэмжигдэхээ больсон. Хэдэн зуун мянгаар хэвлэж шагнадаг шагнал, төмөр тэмдэг үнэ цэнэгүй болж, залуус хийж бүтээснээрээ гангарч, түүгээрээ урамшиж шагнагддаг болсон байгаа нь нийгэмд залуу үеийн оролцоо бага багаар нэмэгдэж байна гэсэн үг. Ийм хандлагыг дэмжих нь маш чухал. Хэдэн зуун сая төгрөгөөр зохион байгуулагдсан хурлын үр дүнгийн шийдэл нь нийгэмд бодитоор хэрэгжих нөлөөлөл болж чаддаггүй. Харин хэдэн мянган хүн нийлээд өдөрт 100 төгрөг, жилд 365 сая төгрөгийг босгож “Ид шидийн орон” бий болгож байгаа нь нийгэм дэх маш том бодит шийдэл, бодит нөлөөлөл юм" гэв.


2019 оны 10 сарын 30 өдөр, 16:41 минут: МОНГОЛ УЛС ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ БОЛОН БОЛОМЖИЙН ҮЗҮҮЛЭЛТЭЭР 183 ОРНООС 5 ДУГААР БАЙРТ ОРЖЭЭ

Залуучуудын оролцоо сэдвийн хүрээнд үе үеийн төлөөлөл болсон залуучуудын хэлэлцүүлэг эхэлж байна. Монгол залуусын нийгэмийн оролцоо болон нийгэмд эзлэх байр суурийн талаар нээлттэй хэлэлцэнэ.

Олон улсын залуучуудын хөгжлийн индексийн судалгаагаар Монгол Улс 0.656 оноогоор 183 орноос 71-р байрт жагссан. Залуучуудын хөгжлийн индекс эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт болон боломж, боловсрол, иргэнийн оролцоо болон улс төрийн оролцоо гэсэн 5 шалгуур үзүүлэлтээр тодорхойлддог.

Монгол Улс эрүүл мэнд сайн сайхан байдал үзүүлэлтээр 148-р байр, хөдөлмөр эрхлэлт болон боломж үзүүлэлтээр 5-р байр, боловсролын үзүүлэлтээр 100-р байр, иргэний оролцоо үзүүлэлтээр 87-р байр, улс төрийн оролцоо үзүүлэлтээр 105-р байрт тус тус жагссан.

Нийгэм, эдийн засагт залуучуудын оролцоо их байх тусмаа инноваци болон шийдэл бий болж чаддаг. Монгол залуучуудын нийгэмд оролцох оролцоо муу байгаагаас залуучууд өөрсдийн боломж болоцоог харахгүй өнгөрч байна.

Ц.Батсугар, IRIM судалгааны хүрээлэнгийн захирал


2019 оны 10 сарын 30 өдөр, 15:04 минут: АЖЛЫН БАЙР ИХ БАЙГАА Ч, АЖИЛЛАХ ХҮЧИН БАГА БАЙНА

Монгол Улсад ажлын байр маш их байгаа хэдий ч ажиллах хүчин бага байна. Залууст хамтран ажиллах итгэлийг бий болгож нэгдсэн нэг санаатай байж бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл рүү экспорт хийж дэлхийн хэмжээнд өрсөлдөх эдийн засгийг бий болгьё.

Ж.Лувсандорж, Үндэстэн баг ХХК-ийн гүйцэтгэх захирал


2019 оны 10 сарын 30 өдөр, 15:04 минут: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛ ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ЗЭВСЭГ

Монголын эдийн засгийн чуулган нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй дотоод болон гадаад аж ахуйн нэгж, хувь хүмүүст нээлттэй чуулган гэж харж байна. Хөрөнгө оруулалт эдийн засагт маш чухал зэвсэг юм. Хөрөнгө оруулалтыг дагаад инноваци хөгжиж, ажлын байр бий болдог нь эдийн засагт чухал ач холбогдолтой.

Г.Ганбаяр, Монголын Алт (МАК) ХХК-ийн дэд ерөнхийлөгч


2019 оны 10 сарын 30 өдөр, 14:34 минут: УХААЛАГ ТӨЛӨВЛӨЛТ, ЗӨВ УДИРДЛАГА ХЭРЭГТЭЙ

"Монголын эдийн засгийн форум 2019" чуулган "Бүтээлч Монгол" хэлэлцүүлгээр үргэлжилж байна. Хэлэлцүүлгийн үндсэн илтгэгч, Голденвест Индастри ХХК-ийн судалгааны захирал Д.Мөнхболд: "Монгол Улс байгалийн баялаг ихтэй гэхдээ хязгаартай. Бид ухаалаг төлөвлөлт, зөв удирдлага хийж хойч ирээдүйдээ тогтвортой, төрөлжсөн эдийн засгийг шилжүүлэх үүрэгтэй” учраас хамтдаа нэгдэж хамтдаа асуудлаа шийдэж урагш тэмүүлье" гэв.


2019 оны 10 сарын 30 өдөр, 13:33 минут: БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАДАГ ТББ-УУД НЭГДЭЖ, САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

"Монголын Эдийн засгийн Форум 2019" арга хэмжээний үеэр МҮХАҮТ, Монголын Бизнесын Зөвлөл, Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Холбоо, Гүйцэтгэх Захирлуудын Клуб, Улаанбаатар Хотын Худалдааны Танхим зэрэг хувийн хэвшлийг дэмжих, бизнесийн орчинг сайжруулах чиглэлээр ажилладаг ТББ-ууд харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус санамж бичиг нь Монголын бизнесийн эрх зүй, хяналт зохицуулалт, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, түүний тогтвортой байдлыг хангах чиглэлээр нэгдсэн бодлого боловсруулах, төрийн байгууллагатай нэг дуу хоолойгоор харилцах, бизнес эрхлэгчдийг дэмжихэд оролцогч талууд хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох, ил тод байх боломжийг хангах зорилготой юм.


2019 оны 10 сарын 30 өдөр, 12:54 минут: "СААРАЛ" БИШ "ХӨХ" МОНГОЛЫГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ

Эдийн засгийн чуулганы "Саарал Монгол" хэлэлцүүлэгт панелистаар оролцсон МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, Монголын бизнесийн зөвлөлийн УЗ-ийн дарга Б.Бямбасайхан, Дэлхийн банк группын төслийн удирлагч Д.Жигжидмаа, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, Монголын залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийн хамтран үүсгэн байгуулагч О.Тэнүүн нар асуудалд хамтдаа нэгдэж, шийдэлд хамтдаа хүрцгээе хэмээн уриаллаа.

Монгол Улс олон улсын дунд бизнес эрхлэлт, өрсөлдөх чадварын үзүүлэлтүүдээр ухраад байгаа нь бусад орнууд бизнес, түүний дотор хөрөнгө оруулалтын орчныг таатай болгох, худалдаа бизнесийг дэмжих, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр их зүйлийг хийж, харин бид юу ч хийхгүй суугаад байгаа гэсэн үг болж байна. Эсвэл зарим ололт амжилтаасаа ухарсан гэсэн дүгнэлтийг бас хийж болохоор байна.

Тиймээс хэвшлүүд тодорхой бүтэц, зохион байгуулалттайгаар хамтран ажиллаж, арга барилаа өөрчлөн дуу хоолойгоо нэгтгэж, дараа жилийн өдийд гэхэд саарал жагсаалтаас гарч, "цагаан" юмуу эсвэл "хөх" Монголыг хамтдаа бүтээцгээе хэмэээ уриаллаа.


2019 оны 10 сарын 30 өдөр, 12:18 минут: 2021 ОНЫ 5 ДУГААР САР ГЭХЭД МОНГОЛ УЛСЫГ СААРАЛ ЖАГСААЛТААС ГАРГАХ БОЛОМЖТОЙ

Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээгээр ФАТФ-ын гаргасан 40 зөвлөмжөөс 20 нь хангалтгүй, хэрэгжилтийн 11 үзүүлэлт бүхэлдээ хангалтгүй буюу мөнгө угаах эрсдэлтэйн улмаас Монгол Улс саарал жагсаалтад орсон.

Саарал жагсаалтаас гарахын тулд дараах шуурхай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

  • - Мөнгө угаах террозмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүргээ зөрчсөн тохиолдолд гарсан зөрчилд нь дүйцхүйц, дахин үйлдэхээс сэргийлсэн шийтгэл ноогдуулах
  • - Мөнгө угаах үйлдлийг мөрдөн шалгах, яллах ажиллагааг тогтоосон эрсдэлтэй нь нэмэгдүүлэн/сайжруулах
  • - Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд эрсдэлд суурилсан хяналт тавих зэрэг арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлснээр 2021 оны 5 дугаар сард Монгол Улс саарал жагсаалтаас гарах боломжтой.

Б.Солонгоо, Монголын бизнесийн зөвлөлийн УЗ-ийн гишүүн, Өмгөөллийн Авинекс ХХН-ийн гүйцэтгэх захирал


2019 оны 10 сарын 30 өдөр, 11:10 минут: 4 ЖИЛИЙН ЦИКЛТЭЙ БИЗНЕСИЙН ОРЧИН ХАМГИЙН ИХ ХЭЛБЭЛЗЭЖ БАЙНА

Дэлхийн банкнаас гаргадаг бизнес эрхлэлтийн индекс нь бизнес шинээр эхлүүлэх, барилгын зөвшөөрөл авах, цахилгаан эрчим хүчид холбогдрх, үл хөдлөх хөрөнгө бүртгүүлэх, зээл авах, хөрөнгө оруулагчдыг хамгаалах, татвар төлөлт, хилийн дагуух худалдаа, гэрээг биелүүлэх, төлбөрийн чадваргүй байдлыг шийдвэрлэх болон хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт зэрэг 10 гаруй шалгуур үзүүлэлтүүдээр тухайн улсын бизнэс эрхлэх орчныг дүгнэж гаргадаг томоохон судалгаа юм.

Тус судалгаанд дэлхийн 190 орныг голлох үзүүлэлтүүдээр эрэмбэлдэг. Бизнес эрхлэлтийн индекс - 2020 тайлангаар Монгол Улс 81 дүгээр байранд жагссан. 2018 онд 74, 2017 онд 62 болж буурсан. Монголд бизнес эрхлэхэд хялбар байдал 2008 оноос 2018 он хүртэл дунджаар 69.82 байсан бөгөөд 2010 онд хамгийн өндөр түвшинд 89-д хүрч, 2008 онд 56-тай байсан. 2008-2020 онуудад 4 жилийн циклтэй бизнесийн орчин хамгийн их хэлбэлзэж байгаа нь өмнөх жилүүдийн тайлангийн үр дүнгээс харагдаж байна.

Д.Жигжидмаа, Олон улсын санхүүгийн корпорацийн хөрөнгө оруулалтын бодлого, төслийн удирдагч


2019 оны 10 сарын 30 өдөр, 10:30 минут: УЛС ТӨРИЙН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ НӨЛӨӨЛЖ БАЙНА

Улс орнуудын өрсөлдөх чадвар судлал нь аливаа орны компаниуд нь илүү өндөр ашиг орлоготой, ард түмэн нь илүү чинээлэг, хангалуун амьдралтай байх орчныг бүрдүүлж, хөгжүүлэх талаар бодит байдал, бодлого хоёрыг харьцуулан судалдаг.

Монгол Улсын өрсөлдөх чадварын эрэмбэ буурсаар ирсэн. Үүнд улстөрийн тогтворгүй байдлаас үүдэлтэй эрсдлийн хэмжээ сөргөөр нөлөөлж байна. Үүнийг сайжруулахын тулд "Өрсөлдөх чадварын алтан дүрэм"-үүд буюу хууль эрхзүйн орчныг тогтвортой болгох, төсөв өрийн удирдлагын сахилга батыг сайжруулах, салбарын болон газарзүйн онцлогуудыг харгалзан үзсэний үндсэн дээр эдийн засгаа төрөлжүүлэх, олон улсын зах зээлд "довтлох" стратеги, нэмүү үнэлэмж бүтээх "урих стратеги" 2-ын тэнцвэрийг хангах зэргийг хэрэгжүүлэх шаардлагатай.

Б.Лакшми, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал


2019 оны 10 сарын 30 өдөр, 10:11 минут: "МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ - 2019" ЧУУЛГАН СААРАЛ, БҮТЭЭЛЧ, ХАРИУЦЛАГАТАЙ, ЗАЛУУ МОНГОЛЫН ТАЛААР ЯРИЛЦАХААР МҮХАҮТ-Д ЭХЭЛЛЭЭ

Энэ жилийн хувьд, “Үндэсний эрх ашиг” ерөнхий сэдвийн дор хувийн хэвшил, түүний эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллагууд хамтран Засгийн газрын оролцоогүйгээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой болж байна.

Чуулганыг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлсэн үгэндээ "Монгол Улсын эдийн засаг 2017 онд 5.3 хувь, 2018 онд 7.2 хувиар энэ оны эхний 6 сарын байдлаар 7.3 хувиар өссөн дүнтэй гарсан. Гэтэл хүн амын дундах ажилгүйдэл, ядуурал буурахгүй, ядуурлын индексээр дундаж орлоготой орнуудаас муу үзүүлэлттэй, нийгмийн ужигарсан олон асуудлууд шийдэлгүй хэвээр байгаа нь энэхүү эдийн засгийн өсөлт нь хэр зэрэг бодитой бас хүртээмжтэй байна гэдэг асуултыг тавихад хүргэж байна" гэлээ.

Чуулган 18 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд эдийн засаг нийгмийн өмнө тулгараад байгаа тодорхой асуудлуудыг хэлэлцэн, шийдлүүдийг төр засагт санал болгох юм.

Сандаг
Инженер үүдээ дэмжихэд л хэдэн уул уурхайг нөхнө. хоосон онолоор хуралдаж олон жил барлаа. ядаж Жаргалсайхан инженерийг дэмжээд хэдэн автобус троллейбус угсруулаач. төмөрлөгийн үйлдвэр, металл хийцийн үйлдвэрлэл, химиийн үйлдвэрлэл хөгжихөд л болно. арьс шир мах боловсруулах үйлдвэрүүд аймгууд, хятадуудын дураар биш цогц бодлогоор байгуулах хэрэгэй. хамаг валют машин техник төмөрлөг, химийн бүтээгдэхүүн д явж байна.