(+976) 7585-8282
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ-аас Монгол Улсын 2020 оны Улсын нэгдсэн төсвийн төсөлд санал хүргүүллээ

2019/10/25 0

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ТАНАА
2020 оны Улсын нэгдсэн төсвийн төсөлд санал хүргүүлэх тухай

Монгол улсын нийт төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлдэг бизнес эрхлэгчдийн гол төлөөллийн байгууллагын хувьд МҮХАҮТ нь 2020 оны улсын төсвийн төсөлд дүн шинжилгээ хийж, танхимын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн гишүүдээр хэлэлцүүлэн саналуудыг нэгтгэн, эрхэм УИХ-ын дарга, гишүүд Та бүхэнд үүгээр хүргүүлж байна.

Монгол Улсын эдийн засаг 2017-2019 онд гадаад дотоод хүчин зүйлсийн нөлөөллөөр 12 улирал дараалан харьцангуй өндөр өсөлттэй байгаа ба улсын төсөв 2018 онд ашигтай гарч, 2019 оны 9 сарын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 484.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Төсөв, эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг байгаа боловч эдийн засгийн өсөлт тогтвортой бус, төлбөрийн тэнцлийн урсгал дансны үргэлжилсэн алдагдал хадгалагдан, өрийн хэмжээ нэмэгдсэн зэрэг дотоод эрсдэл, гадаад зах зээлд болзошгүй хямралын улмаас дэлхийн томоохон байгууллагууд өсөлтийн таамгуудыг удаа дараа бууруулсан, худалдааны дайн зэрэг бодит гадаад эрсдэлүүд өндөр байна. Энэ үед төсвийн тэлэлтийг багасгах, алдагдлыг бага түвшинд барих, ирээдүйн болзошгүй эрсдэлийг харгалзан үзсэн, үр ашигтай төсвийн бодлогыг хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага тулгараад байна.
    
Монгол Улсын Засгийн газраас 2020 оны төсвийн орлогыг 11.7 их наяд, зарлагыг 13.8 их наяд төгрөг буюу 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар УИХ-д өргөн барьжээ. Төсвийн тооцооллыг харахад эрсдэлийг харгалзан үзээгүй хэт өндөр төсвийн орлого, зарлага, алдагдлыг төлөвлөсөн. Төсвийн орлогыг 17%, тэнцвэржүүлсэн орлогыг 22%-иар өснө гэж тооцсон нь нийт зарлагын 20%-ийн өсөлтөд тохируулсан үндэслэлгүй, сонгуулийн жилд зориулсан зохиомол тооцоо гэж харагдаж байна. Энэ нь төсвийн бүтцийг тогтвортой, шинжлэх ухааны үндэстэй, бодитой төлөвлөх бус зардалдаа захирагдан орлогыг тохируулан тооцоолсон оновчтой биш төлөвлөлт гэж үзэж байна.

Мөн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (Financial Action Task Force буюу ФАТФ)-аас олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны хэрэгжилтийг сайжруулах явцын талаар мэдэгдэл гарган Монгол Улсыг хяналтад байх орнуудын жагсаалт буюу “саарал” жагсаалтад орууллаа. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн гадаад гүйлгээ хяналтад орох, хязгаарлагдах, гадаад худалдаа буурах, төлбөр тооцоотой холбогдох хугацаа, зардал нэмэгдэх зэрэг бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаанд шууд нөлөөлөх, түүнчлэн гадаад түншийн болгоомжлол нэмэгдэн, итгэл буурах улмаар гадаадын шууд хөрөнгө оруулалт багасах зэрэг эрсдэлүүд учрахаар байна.

Иймд 2020 оны Улсын нэгдсэн төсвийн төсөлд МҮХАҮТ-аас дараах зарчмын саналуудыг хүргүүлж байна. Үүнд:

1. Төсвийн алдагдлыг боломжит түвшинд бууруулж, өр нэмэх, сангаас ашиглах байдлыг бууруулах;

  • Төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөг байгаа нь өндөр байна. Эдийн засаг эерэг, төсвийн орлого өндөр байгаа нь үнэн боловч энэ их хэмжээний алдагдал бий болгож зээл, тогтворжуулалтын сангаас нөхөхөөр төлөвлөснийг анхаарах нь зүйтэй.

2. Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг өөрчилж төсвийн орлого, зарлагыг хэт өндрөөр төлөвлөснийг эргэн харах;

  • Төсвийн орлогыг 2018 онд батлагдсан 2019 төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 төсвийн төсөөллийн хуульд тусгагдсанаас даруй 2 их наяд, 2019 оны хавар батлагдсан төсвийн хүрээний мэдэгдлээс 600 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.
  • Төсвийн орлогыг бүрдүүлэх үндсэн зорилгууд нь хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй, өнөөгийн өсөлт, эерэг үзүүлэлтүүдийг халхавч болгон төсвийн орлогыг нэмэгдэх үндэслэл болгосон байна. Жишээ нь: 2019 онд 42 сая тонн нүүрс экспортлох боломжгүй болсон нь тодорхой байхад хэмжээг энэ хэвээр оруулж ирсэн нь эргэлзээтэй байна.
  • Төсвийн зардлыг хэт өсгөж 2020 онд төсвийн зардлын ДНБ-д эзлэх хувьд буюу төрийн оролцооны түвшинг 34.1 хувь байхаар тооцсон нь хэт өндөр байна.

3. Төсвийн урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардлыг төсвийн зарчим, шаардлагад, өрийн удирдлагын болон хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн багасгах, эдийн засгийн үр ашигтай төлөвлөлт хийх;

  • Зардлын өсөлтөд цалин, тэтгэвэр, тэтгэмж, татаас зэрэг нийгмийн шинж чанартай эдийн засгийн үр ашиг гэхээс илүү сонгуулийн амлалт, намуудын мөрийн хөтөлбөр, сонгуульд чиглэсэн зардлуудын өсөлт урсгал зардлын хувьд давамгайлж байна.
  • Төсвийн хөрөнгө оруулалтын хувьд 2019 оны төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт 36.9 хувьтай байгааг дурдсан боловч шинээр 614 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг нэмж нийт хэмжээг 3.6 их наяд, тухайн онд санхүүжүүлэх 1.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгасан нь хэт их байна. Мөн бүрэлдэхүүний хувьд сумдад соёлын төв барих, жишиг сум байгуулах, музей барих чиглэлд их хэмжээний хөрөнгө оруулалтыг тусгасан нь эрэмбийн хувьд ач холбогдол өндөр эсэх нь эргэлзээтэй байна.

4. Төсвийн төсөлд эрсдэлийг харгалзан үзэх, ирээдүйн эрсдэлээс хамгаалах бодлого баримтлах;

  • -    Төсвийн орлогыг тооцохдоо төсвийн баримт бичигт гадаад эрсдэлүүдийг дурдсан боловч түүнийг харгалзаж үзсэн байдал харагдахгүй байна.

5. Төсвийн тогтворжуулалтын сан болон ирээдүйн өв санг хуульд заасан хэлбэрээр ашиглах, Хуулийг мөрдөх;

  • Тогтворжуулалтын сан болон Ирээдүйн өв сангаас 290 тэрбум төгрөгийг 2020 онд ашиглана гэж тооцсоноос үзэхэд Засгийн газар төсвийн хуримтлалаа 21%-иар бууруулна гэсэн үг бөгөөд энэ нь төсвөөс хуримтлал (buffer savings) үүсгэх, болзошгүй хямралд бэлтгэлтэй байх зарчмаас гажиж байна.

Дэлхийн банкнаас өчигдөр буюу 10-р сарын 24-ний өдөр “Бизнес эрхлэлтийн  индекс 2020” судалгааны дүнг танилцууллаа. Бизнес эрхлэлтийн индексээр Монгол улс 81-д жагссан нь өмнөх жилтэй харьцуулахад 7 байраар ухарсан байна. Хамгийн сул 3 дэд үзүүлэлт нь “цахилгаан эрчим хүчинд холбогдох” 152, “төлбөрийн чадваргүйдлийг шийдвэрлэх” 150, “хил дамнасан худалдаа эрхлэх” 143-р байранд тус тус эрэмбэлэгджээ. Иймд төсвийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх тэргүүлэх ач холбогдолтой салбар, асуудлыг сонгохдоо эдийн засгийн өсөлтийг хангах, бизнесийн орчныг сайжруулахад үзүүлэх үр нөлөөгөөр нь харах зүйтэй юм. Тухайлбал эрчим хүчний шинэ эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

Та бүхэн төсвийн төслийг хэлэлцэж, шийдвэр гаргахдаа дээрх саналуудыг анхаарч үзэхийг хичээнгүйлэн хүсч байна.

Хүндэтгэсэн,

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч
Отгондаваа АМАРТҮВШИН