МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдаж буй “FOOD WEEK KOREA 2026” олон улсын хүнсний үзэсгэлэнд Монголын хүнсний салбарын аж ахуйн нэгжүүд оролцож, үндэсний бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд танилцуулж байна. COEX үзэсгэлэнгийн төвд болж буй тус арга хэмжээнд 47 орны 963 компани оролцож, хүнс, ундаа, органик болон эрүүл хүнс, боловсруулсан бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэлийн технологи, сав баглаа боодлын шийдлүүдээ дэлгэн үзүүлж байна.

МҮХАҮТ-ын гишүүн “Эко-Эрдэнэ” ХХК, “Мандора” ХХК, “Миндтек” ХХК, “Цайдам Трейд” ХХК, CityAlliance ХХК, “Талын дээж хүнс”, “Норд Роуд” ХХК зэрэг аж ахуйн нэгж өөрсдийн тохижуулсан павильондоо Монгол орны байгалийн баялаг, хөрсөнд ургасан зэрлэг жимс, самар, мах, махан бүтээгдэхүүн зэрэг үндэсний хүнсний бүтээгдэхүүнээ олон улсын худалдан авагч, хэрэглэгчдэд танилцуулж байна.

Тус үзэсгэлэнд оролцсоноор үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд сурталчлах, БНСУ болон бусад орны худалдан авагч, импортлогчидтой шууд харилцаа тогтоох, экспортын гэрээ хэлцэл байгуулах, Монгол бүтээгдэхүүний гадаад зах зээл дэх өрсөлдөх чадвар, байр суурийг бэхжүүлэх чухал боломж бүрдэж байна.