ХӨНГӨЛӨЛТТЭЙ БУС ГАРАЛ ҮҮСЛИЙН ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ АСУУДЛААР ҮНДЭСНИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО
Ази, Номхон далайн бүс нутгийн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх суурь хэлэлцээр (CPTA)-ийн хүрээнд хөнгөлөлттэй бус гарал үүслийн цахим гэрчилгээ (e-NPCOO)-г харилцан хүлээн зөвшөөрөх асуудлаар Үндэсний ажлын хэсгийн наймдугаар өргөтгөсөн хуралдааныг зохион байгууллаа.
Хуралдааныг Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван даргалж, Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Зам, тээврийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, МҮХАҮТ, Европын Холбооны Монгол Улсын олон улсын худалдааг дэмжих төслийн төлөөлөл болон гадаад худалдаа эрхлэгчид зэрэг төр, хувийн хэвшлийн 40 гаруй төлөөлөл оролцов.
Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван хэлэлцээрийн хэрэгжилтийг бүс нутгийн түвшинд хэлэлцдэг Байнгын хорооны дөрөвдүгээр хуралдаан өнгөрсөн дөрөвдүгээр сард Бангкок хотноо болсныг дурдаад, тус хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн нэг нь гишүүн орнуудын хооронд хөнгөлөлттэй бус гарал үүслийн цахим гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх эрх зүйн болон институцийн боломжийг судлах асуудал байсныг танилцууллаа. Мөн энэ чиглэлээр бүс нутгийн орнуудын дунд Санамж бичиг эсхүл Протокол байгуулах боломжийг судалж, боловсруулахыг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP)-т даалгасан талаар мэдээлэв.
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар олон улсын худалдаанд цахим баримт бичгийн хэрэглээ нэмэгдэж буй энэ үед худалдааг хөнгөвчлөх, цаг хугацаа, зардлыг бууруулахад цахим гэрчилгээ чухал ач холбогдолтойг онцоллоо. МҮХАҮТ 2026 оны нэгдүгээр сарын 2-ноос экспортын барааны гарал үүслийн гэрчилгээг цахимаар олгож эхэлсэн хэдий ч зарим улс орон цахим хувилбарыг хүлээн зөвшөөрөхгүй, цаасан гэрчилгээг давхар шаардаж байгааг дурдав. Иймд улс хооронд цахим гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгох шаардлагатайг тэмдэглэлээ.

Хуралдаанд ESCAP-ын зөвлөх Ванг Тэнгфэй (Wang Tengfei), олон улсын зөвлөх Рама Ха (Rama Ha) нар цахимаар оролцож, CPTA-ийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон цахим гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх чиглэлээр хийгдэж буй ажлуудыг танилцуулан, оролцогчдын асуултад хариуллаа.
Түүнчлэн Гадаад харилцааны яамны зөвлөх, CPTA-ийн Үндэсний зөвлөх Др. В.Энхболд тус хэлэлцээрийн Зөвлөлийн дөрөвдүгээр чуулган, Байнгын хороо болон Түр хорооны хурлаас гарсан шийдвэрүүд, цахим гарал үүслийн гэрчилгээг олгох, солилцох, баталгаажуулах, харилцан хүлээн зөвшөөрөх тухай Протоколын төслийн зорилго, ач холбогдлыг танилцуулав.
МҮХАҮТ-ын ГХБББГ-ын дарга, Үндэсний зөвлөх Э.Бадамхорол Монгол Улсад хөнгөлөлттэй бус гарал үүслийн гэрчилгээг цаасан болон цахим хэлбэрээр олгож буй өнөөгийн практик, гадаад улсаас олгосон цахим гэрчилгээг импортын үед хүлээн зөвшөөрөх эрх зүйн орчин, харилцан хүлээн зөвшөөрөхөд шаардагдах эрх зүйн болон техникийн бэлэн байдлын судалгааны үр дүнг танилцууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид Монгол Улсаас экспортолж буй барааны хөнгөлөлттэй бус гарал үүслийн цахим гэрчилгээг худалдааны түнш орнуудад хүлээн зөвшөөрүүлэх нөхцөл, гадаад улсаас олгосон цахим гэрчилгээг Монгол Улсад хүлээн зөвшөөрөх эрх зүйн болон техникийн шаардлага, экспортлогч, импортлогчдод практикт тулгарч буй хүндрэл, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
