МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ БЕЛАРУСЬ УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗЛАА

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михаил Сергеевич Ордатай уулзаж, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Минск хотноо зохион байгуулагдсан Монгол-Беларусийн бизнес форумд хоёр орны 200 орчим бизнесийн төлөөлөгч оролцож, нийт 17 гэрээ, санамж бичиг байгуулсан. Форумын үеэр Беларусийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсын худалдаа, эдийн засгийн боломжуудтай танилцаж, Монгол Улсаас хонины ноос, ноолуур зэрэг түүхий эд худалдан авах сонирхлоо илэрхийлэн, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм.

Уулзалтаар форумын хүрээнд байгуулсан 17 гэрээ, санамж бичгийн хэрэгжилтийг үргэлжлүүлэн дэмжих, мөн 2027 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ боломжуудыг бий болгохоор тохиролцлоо.

Энэ хүрээнд хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, тогтмол бизнес уулзалт, форум зохион байгуулах, харилцан зохион байгуулах үзэсгэлэн, яармагт аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
