МҮХАҮТ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ФОРУМД ОРОЛЦЛОО

Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) болон БНСУ-ын хамтын ажиллагааны хөтөлбөр (I-KORP)-ийн 2024–2026 оны Ази, Номхон далайн бүсийн форум 2026 оны 11 дүгээр сарын 11–14-ний өдрүүдэд Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдлаа.

“Үр дүнгээс дараагийн мөчлөг хүртэл: Хиймэл оюун ухааны эрин үе дэх дижитал шилжилт ба хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх нь” сэдвийн дор болсон тус форумд Монгол, Камбож, Вьетнам, Филиппин, Тайланд зэрэг улсын төр, ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагууд оролцож, хиймэл оюун ухаан, дижитал шилжилтийн хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөө, дижитал болон ногоон ур чадварын хөгжил, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, шударга шилжилтийн асуудлаар санал солилцов.

Монгол Улсаас МҮХАҮТ, ХХААХҮЯ, ГБХНХЯ, ХХҮЕГ, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын ноос, ноолуурын холбоо болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо. Тухайлбал, нэхмэл, сүлжмэлийн салбараас “Сноу Филдс” ХХК, “Говь-Эрдэнэ Кашмир” ХХК, зочлох үйлчилгээний салбараас “May Seven Hotel”-ын төлөөлөл оролцож, бүс нутгийн туршлага солилцов.

Форумын үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх М.Сарандаваа авьяас чадвар, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг уялдуулах асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр боловсрол, сургалтын тогтолцоог ажил олгогчдын бодит хэрэгцээ, хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлтөд нийцүүлэхийн зэрэгцээ залуучуудад шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч байдал, дасан зохицох, хамтран ажиллах чадвар, хариуцлага зэрэг ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд үнэ цэнтэй байх суурь чадварыг эзэмшүүлэх шаардлагатайг онцлов. Мөн технологи, дижитал шилжилт, ногоон инновацыг эцсийн зорилго бус, нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилгод хүрэх хэрэгсэл хэмээн тодорхойлсон юм. Түүнчлэн МҮХАҮТ-аас хөдөлмөрийн зах зээл дэх ур чадварын зөрүүг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй санаачилгуудаа танилцууллаа. Үүнд мэргэжлийн боловсрол, сургалтын 32 байгууллагын Удирдах зөвлөл болон Эрдмийн зөвлөлд бизнесийн төлөөллийг оролцуулах, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран аж ахуйн нэгжид түшиглэсэн хосмог сургалтын тогтолцоог бэхжүүлэх, Монгол Улсын Их Сургуультай хамтран залуучуудын энтрепренер боловсролыг хөгжүүлэх, төр, их, дээд сургууль, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг “Гурвалсан спираль” загвараар өргөжүүлэх ажлууд багтаж байна.

Форумын хүрээнд ОУХБ болон БНСУ-ын хамтын ажиллагааны хөтөлбөрийн 2027–2029 оны төслийн дараагийн мөчлөгийн саналуудыг боловсруулж, тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон бөгөөд сонгогдсон төслүүдийг 2027 оны дөрөвдүгээр сараас бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

МҮХАҮТ нь ОУХБ-тай хамтран зохистой хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний ур чадвар, хариуцлагатай бизнесийг дэмжих чиглэлээр ажиллаж байна. Энэхүү форум нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, боловсролын тогтолцоо, хувийн хэвшлийн оролцоог уялдуулах чиглэлээр бүс нутгийн байгууллагуудтай туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдүүллээ.