ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим хүчний зөвлөлийн ээлжит хурал болж, 58 гишүүн оролцсон бөгөөд хурлыг Зөвлөлийн дарга Д.Ганхуяг нээж, 2026 оны үйл ажиллагааны тайланг танилцууллаа.

Хурлаар эрчим хүчний салбарын эрх зүйн орчны шинэчлэл, 2011 оноос хойш шинэчлэгдээгүй Нэгдсэн сүлжээний дүрэмд нар, салхи, батарей хуримтлуурын системийн зохицуулалт тусгах асуудлыг хэлэлцлээ. Мөн салбарын 45 компанийн 12,526 ажилтныг хамруулсан судалгаанд үндэслэн хүний нөөцийн тулгамдсан асуудал, 2027–2030 оны стратегийн зорилт, арга хэмжээний талаар мэдээлэл сонсов.

Түүнчлэн эрчим хүчний салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах санаачилга, эрх зүйн зохицуулалт болон “Эрчим хүчний тогтвортой шилжилтийн хэтийн төлөв 2026–2050” бодлогын баримт бичгийн талаар санал солилцов.

Хурлын төгсгөлд гишүүд салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломж болон Зөвлөлийн 2027 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлийн талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
