МОБИКОМЫН ДАТА ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

МҮХАҮТ-аас өнгөрсөн оны “Энтрепренёр” шалгаруулалтад амжилт үзүүлсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах уламжлалт аяллын хүрээнд энэ удаа Танхимын Даймонд гишүүн Мобиком Корпораци ХХК-ийн дата төвд зочиллоо.

Аялалд танхимын гишүүн 17 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, дата төвийн мэдээллийн технологийн дэд бүтэц, сервер байршуулах үйлчилгээ, мэдээллийн аюулгүй байдал, бизнесийн тасралтгүй ажиллагааг хангах технологийн шийдлүүдтэй танилцав.

Мобиком Корпорацийн Стратеги хариуцсан дэд захирал Б.Үнэнбат дата төвийн үйл ажиллагаа, үйлчилгээ, технологийн шийдлүүдийг танилцуулсан бол МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар оролцогчдод хандан үг хэллээ. Тэрбээр “Энтрепренёр” шалгаруулалтаар манлайлсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, туршлагаас бусад гишүүн байгууллагууд суралцах, харилцан туршлага солилцох нь бизнесийн хөгжилд чухал ач холбогдолтойг онцолж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бие биеэсээ суралцах боломжийг нэмэгдүүлэх нь энэхүү аяллын гол зорилго гэдгийг тэмдэглэв.

Мобиком Корпораци ХХК нь МҮХАҮТ-ын гишүүнээр 2000 онд элссэн бөгөөд “Энтрепренёр” шалгаруулалтаас 2013–2016, 2019–2023 онуудад Шилдэг аж ахуйн нэгжээр шалгарч, Мөнгөн Меркурий цом хүртсэн бол 2017 онд Гран При буюу Алтан цомын эзэн болж байжээ. Түүнчлэн Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад тогтмол дээгүүр байр эзэлж, 2025 онд Ази, Номхон далайн орнуудын худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбооны нэрэмжит шагнал хүртсэн юм.