МҮХАҮТ ТУРК УЛСТАЙ ЧӨЛӨӨТ БҮСИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЛЭЭ

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав Бүгд Найрамдах Турк Улсын Худалдааны яамны Чөлөөт бүсийн ерөнхий газрын хэлтсийн дарга ноён Керем Тунчай (Kerem Tunçay)-тай уулзалт хийлээ.

Уулзалтаар хоёр улсын хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийг холбох, худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ боломж бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.

МҮХАҮТ-ын зүгээс Турк Улсын чөлөөт бүсийн салбарт хуримтлуулсан олон жилийн туршлагаас суралцах, Монгол Улсын чөлөөт бүсүүдийн хөгжлийг дэмжих, Туркийн хөрөнгө оруулагчдыг Монголын зах зээлд татах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Мөн хоёр улсын чөлөөт бүсийн байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, туршлага солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, бодит үр дүнд хүрэхийн төлөө хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа онцоллоо.
