МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг “Гадаад худалдааны менежер” мэргэшүүлэх сургалтын 2026-2027 оны элсэлт явагдаж, сургалтын нээлт /2026.10.31/ боллоо. Зургаан сарын хугацаанд үргэлжлэх тус сургалт нь гадаад худалдааны чиглэлээр ажиллаж буй болон энэ чиглэлээр мэргэших хүсэлтэй иргэдэд олон улсын худалдааны эрх зүйн зохицуулалт, зах зээлийн судалгаа, бараа, үйлчилгээний худалдаа, улс хоорондын ачаа тээвэр, гадаад худалдааны төлбөр тооцоо, олон улсын худалдаа болон гаалийн үйл ажиллагааны талаар цогц мэдлэг, практик ур чадвар эзэмшүүлэх зорилготой.

Сургалт долоо хоног бүрийн бямба гарагт зохион байгуулагдах бөгөөд онолын мэдлэгийг практик хэрэглээтэй уялдуулсан хөтөлбөрөөр суралцагчдыг бэлтгэж, төгсөгчдөд диплом олгоно. МҮХАҮТ нь гадаад худалдааны салбарт мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, бизнес эрхлэгчдийн олон улсын зах зээлд ажиллах мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү сургалтыг жил бүр зохион байгуулж байна.