БЕРЛИН, ХЕЛЬСИНКИ, МИНСК: МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ӨМНӨ НЭЭГДСЭН БОЛОМЖУУД

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Финланд Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-аас гурван улсад бизнес форум зохион байгууллаа. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав тэргүүтэй Монголын бизнесийн 60 гаруй төлөөлөгч оролцсон форумуудын үеэр нийт 29 гэрээ, санамж бичиг, хамтын ажиллагааны баримт бичиг байгуулж, 95.5 сая ам.долларын үнийн дүн бүхий тохиролцоонд хүрэв.

Берлин, Хельсинки, Минск хотноо болсон бизнес форумууд нь Монголын компаниудыг Герман, Финланд, Беларусь улсын бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй холбож, худалдаа, үйлдвэрлэл, барилга, эрчим хүч, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны боломжийг хэлэлцсэнээрээ онцлог байлаа. Үүний зэрэгцээ бизнесийн төлөөлөл үйлдвэр, технологийн компани, судалгааны байгууллагуудаар зочилж, тухайн улсын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, технологийн шийдэл, бизнесийн туршлагатай газар дээр нь танилцсан юм.

Гурван улс өөр өөрийн хөгжлийн онцлог, үйлдвэрлэлийн чадавх, технологийн шийдлээрээ ялгарна. Германд Монголын бизнес эрхлэгчид үйлдвэрлэл, ложистик, барилгын технологийн шийдэлтэй танилцсан бол Финландад боловсрол, сансрын технологи, эрчим хүч, модон барилгын чиглэлийн хамтын ажиллагааны боломжийг судалжээ. Харин Беларусьт машин механизм, төмөр замын вагон, барилгын материал, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр уулзалт, хэлэлцээ өрнүүлсэн байна.
БЕРЛИН: ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ БОЛОМЖ

Монгол, Германы бизнес форум 2026 оны аравдугаар сарын 21-нд Берлин хотын Haus der Deutschen Wirtschaft төвд болов. Форумын нээлтэд Германы Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхий захирал Хелена Мелников, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав нар үг хэлж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Форумын хүрээнд Монгол, Германы аж ахуйн нэгжүүдийн хооронд нийт зургаан баримт бичиг байгуулж, 35.5 сая ам.долларын үнийн дүн бүхий тохиролцоонд хүрэв. Тухайлбал, Монголын “GR Precast” ХХК болон Германы “CBS Home” компани барилгын угсармал технологийн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон бол “Blackbox Energy” болон “smartOPS” компаниуд эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр болов. Мөн “Хүнс Комплекс” ХХК Германы “Poly-clip System” болон “Eberhardt” компаниудтай хамтын ажиллагааны баримт бичиг байгуулжээ.

Берлинд болсон форумын ач холбогдол зөвхөн хэлэлцээр, баримт бичгээр хязгаарлагдсангүй. Монголын бизнесийн төлөөлөл Германы үйлдвэрлэл, ложистикийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан юм. Төлөөлөгчид “CHEFS CULINAR” компанийн ложистикийн төвд зочилж, хүнсний бүтээгдэхүүний хангамж, хадгалалт, түгээлтийн үйл ажиллагаатай танилцав. Мөн Бранденбург мужийн Хайдеик орчмын “Agrargenossenschaft Goßmar eG” хөдөө аж ахуйн хоршоонд очиж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зохион байгуулалт, аж ахуйн үйл ажиллагаатай танилцлаа.

Эдгээр уулзалт, айлчлал нь Германы компаниудтай хамтын ажиллагаа эхлүүлэхээс гадна үйлдвэрлэл, ложистик, хөдөө аж ахуйн салбарт ашиглаж буй технологи, туршлагыг бодитоор харах боломж байв.
ХЕЛЬСИНКИ: ИННОВАЦ, БОЛОВСРОЛ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЙДЭЛ

Монгол-Финландын бизнес форум 2026 оны аравдугаар сарын 23-нд Хельсинки хотын Төрийн ордонд буюу The House of the Estates-д боллоо. МҮХАҮТ болон Финландын Худалдааны танхим хамтран зохион байгуулсан форумын үеэр хоёр улсын бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжүүд боловсрол, барилга, эрчим хүч, бүс нутгийн хөгжил, бизнесийн харилцааны чиглэлээр хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэв.

Форумын хүрээнд нийт зургаан баримт бичиг байгуулж, 10 сая ам.долларын үнийн дүн бүхий тохиролцоонд хүрсэн байна. Хамтын ажиллагааны хүрээ нь худалдаа, бүтээгдэхүүн нийлүүлэлтээс гадна боловсролын шинэ аргачлал, модон барилга, эрчим хүч хадгалах технологи, сансрын технологи зэрэг чиглэлийг хамарсан юм.

Бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд Хөвсгөл аймаг болон Финландын Лапланд бүсийн харилцааг хөгжүүлэх асуудал хөндөгдөв. Боловсролын салбарт “Eduten” платформтой холбоотой хамтын ажиллагаа, Туркугийн их сургууль болон холбогдох байгууллагуудын оролцоотой боловсролын чиглэлийн түншлэлийн асуудал яригдсан нь Финландын боловсролын туршлагатай танилцах боломжийг нээсэн юм.

Барилгын салбарт “Хонка Лог Хоумс” компанийн модон барилгын технологи, эрчим хүчний салбарт “Бичура Энержи” болон “Polar Night Energy” компанийн дулааны эрчим хүч хадгалах технологи анхаарал татав. Эдгээр нь Монголын уур амьсгал, эрчим хүчний хэрэгцээ, барилгын салбарын онцлогтой уялдуулан судалж болох чиглэлүүд юм.

МҮХАҮТ болон Финландын Худалдааны танхим хамтын ажиллагаагаа өргөжүүлэх баримт бичиг байгуулсан нь хоёр улсын бизнесийн байгууллагуудын шууд харилцааг хөгжүүлэхэд чухал алхам боллоо. Монголын төлөөлөгчид мөн сансрын технологийн “ReOrbit” компанид зочилж, компанийн үйл ажиллагаа, технологийн чиглэлтэй танилцсан юм. Түүнчлэн Хельсинкийн их сургуулийн Viikki судалгааны фермд очиж, хөдөө аж ахуй, хүнсний чиглэлийн судалгаа, үйлдвэрлэлийн орчинтой танилцав.

Финландын туршлагаас харахад технологийн шинэчлэл, судалгаа, боловсрол, үйлдвэрлэлийн уялдаа бизнесийн хамтын ажиллагааны чухал хэсэг болдог. Энэ удаагийн форум, байгууллагын айлчлалууд нь Монголын компаниудад зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдаа бус, мэдлэг, технологи, ур чадварт суурилсан хамтын ажиллагааг судлах боломж олголоо.
МИНСК: МАШИН МЕХАНИЗМ, ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДААНЫ ТҮНШЛЭЛ

Монгол-Беларусийн бизнес форум 2026 оны аравдугаар сарын 26-нд Минск хотноо болов. Форумыг Беларусийн Аж үйлдвэрийн сайд Андрей Кузнецов, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Беларусийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Михаил Мятликов, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав нар нээж үг хэллээ.

Форумын үеэр хоёр улсын аж ахуйн нэгжүүд төмөр замын тээвэр, барилга, хөдөө аж ахуйн болон үйлдвэрийн тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн, ноос ноолуур, эрчим хүч зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар хэлэлцэв. Үүний хүрээнд нийт 17 гэрээ, санамж бичиг байгуулж, 50 сая ам.долларын үнийн дүн бүхий тохиролцоонд хүрсэн нь гурван улсын бизнес форумын дундаас хамгийн өндөр дүн байлаа.

Тээврийн салбарт Монголын “Талын хишиг транс” ХХК Беларусийн “Могилёвын вагон үйлдвэрлэлийн үйлдвэр”-тэй худалдааны гэрээ байгуулсан нь төмөр замын тээврийн чиглэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэв. Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн чиглэлээр “Агдилер” ХХК Беларусийн “Амкодор” компанитай дилерийн гэрээ байгуулж, “Гомсельмаш” компанитай хамтран ажиллахаар санамж бичиг байгуулжээ.

Барилгын салбарт Монголын Барилгачдын нэгдсэн холбоо болон Беларусийн Барилгачдын холбоо хамтын ажиллагааны баримт бичиг байгуулсан бол “Шинэ цонх стандарт” ХХК болон “Лидерстрой град” компани барилгын материалын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагаанд мөн анхаарал хандууллаа. Монголын “Ханбогд кашмер” ХХК, Монголын ноос, ноолуурын холбоо болон Беларусийн “Камволь” компанийн хооронд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулсан нь ноос, ноолуур, нэхмэлийн салбарын харилцааг хөгжүүлэх чиглэлд хийгдсэн алхам байв. “Нэхээсгүй эдлэл” ХК мөн “Камволь” компанитай хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Минскийн форумын үеэр эрчим хүчний салбарын “Jessica Energy” болон “Энергокомплект” компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бол хүнсний бүтээгдэхүүн, худалдааны чиглэлээр хэд хэдэн гэрээ, хэлэлцээр хийгдэв. Ийнхүү Беларусийн машин механизм, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөс эхлээд хүнс, ноос ноолуур, барилгын материал хүртэлх олон чиглэлд бизнесийн түншлэл тогтоох боломж бүрдлээ.

Форумын дараах танилцах айлчлалууд Монголын бизнесийн төлөөлөлд Беларусийн үйлдвэрлэлийн бодит орчныг харах боломж олгосон юм. Төлөөлөгчид барилгын материалын “Somitekbel” үйлдвэр, чулуу боловсруулах үйлдвэр, Минскийн Өндөр технологийн паркаар зочилж, үйлдвэрлэл болон технологийн орчинтой танилцав. Мөн уул уурхайн болон хүнд машин механизмын үйлдвэрлэлийн “BELAZ” үйлдвэр, 1905 онд байгуулагдсан “Коммунарка” шоколадны үйлдвэрт очсон нь Беларусийн үйлдвэрлэлийн олон чиглэлийг нэг аяллын хүрээнд харах боломж байлаа.

Монгол, Беларусийн худалдааны эргэлт 2020 онд 52 сая ам.доллар байсан бол 2025 онд 21.5 сая ам.доллар болж буурсан үзүүлэлт форумын үеэр танилцуулагдсан. Энэ нөхцөлд бизнес форумын хүрээнд байгуулсан гэрээ, санамж бичгүүд нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлж, үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбар дахь түншлэлийг хөгжүүлэхэд чиглэж байна.