“ЭНТРЕПРЕНЁР-2024”: Оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийг шалгарууллаа
Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй МҮХАҮТ-ын гишүүн, шилдэг аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчийг шалгаруулах, олон нийтэд сурталчлан таниулж, алдаршуулах “ЭНТРЕПРЕНЁР” шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг 27 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр МҮХАҮТ-ын Их танхимд болж, шилдэг аж ахуй нэгжүүд цомоо гардан авлаа.
- Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан
- УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар
- Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Тэргүүлэгч гишүүн, Урбанек ХХК-ийн ерөнхий захирал, Баатаржавын Лхагважав
- Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дарга асан, Жанцангийн Гөлгөө
- Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дарга асан, Магваны Оюунчимэг нарын зочид, төлөөлөгчид оролцож, шагнал гардуулсан юм.
Шагнал гардуулах ёслолыг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од үг хэлэв. Тэрбээр “МҮХАҮТ нь бизнес эрхлэгч бүрийн эрх ашгийг бодлогоор өмгөөлөн хамгаалж, улс орныхоо эдийн засгийг ард иргэдэд ээлтэй хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого-“Алсын хараа 2050”, Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, Хамтарсан засгийн газрын “Хурдацтай хөгжлийн төлөөх бодлого”-ын цар хүрээнд засаг төр хийгээд хувийн хэвшлийн үр өгөөжтэй түншлэлийг хөхүүлэн дэмжиж манлайлагч, чиглүүлэгч, холбогч, дэмжигч байх чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллах болно.
МҮХАҮТ-ын нэр хүнд, үр нөлөөг дээшлүүлж нийт бизнес эрхлэгч бүрд боломжийг бүрдүүлж хүрч ажиллах чиг үүрэг, эрх зүйн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд дунд ба урт хугацааны стратеги төлөвлөгөөг үндэсний баялаг бүтээгчийг дэмжих худалдаа, аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын бодлогыг бид бүгд хамтдаа боловсруулж хэрэгжүүлнэ.
Энэхүү стратеги бодлогын цар хүрээнд МҮХАҮТ-ын орон нутгийн салбар танхимын үйл ажиллагааг эрс сайжруулах, улам бүр хөгжүүлэх замаар нийт 7 бүс нутгийн гарааны бага бизнес, жижиг ба дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор бүс нутаг бүрт брэнд бүтээгдэхүүн хөгжлийг дэмжиж, дотоодын болон гадаад худалдаа, хөрөнгө оруулах хоёр болон олон талт харилцааг улам бүр өргөжүүлж, гадаадын олон улсын байгууллагууд болон бусад орны ХАҮТ-тай хамтран ажиллах, тулхтай тогтвортой даацтай хөгжлийн үзэл баримтлалыг бизнес бүрт хэрэгжүүлэхэд түлхүү зорьж ажиллах болно.
Монгол Улсын олон хэвшил бүхий эдийн засаг дахь хувийн бизнесийн оролцоог нэмэгдүүлэх, бизнес эрхлэх орчныг эрс сайжруулахад МҮХАҮТ-ын нийт гишүүд болон бизнес эрхлэгч та бүгдийн оролцоо, хувь нэмэр хамгаас чухал бөгөөд бизнесийн салбарын нийтлэг эрх ашгийн төлөөх санал санаачилга, зөв үйл ажиллагааг Үндэсний Танхимын удирдлагын багын зүгээс дэмжин ажиллахаа илэрхийлж байна” гэв.
Ингээд дараах компаниудыг тодорхой салбартаа тэргүүлэн манлайлсан аж ахуйн нэгжүүдээр тодруулж, хүрэл меркури цомоор шагналаа.
1. Үйлдвэрлэгч Энтрепринёр - Милко ХХК
2. Үйлчилгээний Энтрепренёр - Хүннү эйр ХХК
3. Худалдааны Энтрепренёр - Номин тав трейд ХХК
4. Экспортлогч Энтрепренёр - Xанбогд Кашимер XXК
5. Импортлогч Энтрепренёр - Содмонгол групп ХХК
6. Уул уурхайн Энтрепренёр - Нормаунт ХХК
7. Барилга, бүтээн байгуулалтын Энтрепренёр - Тэсо пропертис групп ХХК
8. Хөдөө аж ахуйн Энтрепренёр - Мэтагро ХХК
9. Аялал жуулчлалын Энтрепренёр - Баянхайрхан трейд ХХК
10. Тээвэр логистикийн Энтрепренёр - Монложистикс Холдинг ХК
11. Мэдээлэл технологийн Энтрепренёр- Мобинет ХХК
12. Банкны Энтрепринёр - М банк ХК
13. Банк бус санхүүгийн байгуулллагын Энтрепринёр - Инвескор ББСБ ХК
14. Даатгалын Энтрепренёр - Номин Даатгал ХХК
15. Компанийн засаглал, нийгмийн хариуцлага, комплаенс хэрэгжүүлэгч Энтрепренёр - Юнител ХХК
16. Инновац нэвтрүүлэгч Энтрепренёр - Ньюком ХХК
17. Гарааны бизнес эрхлэгч Энтрепренёр - M Нэмэх ХХК
18. Бичил бизнес эрхлэгч Энтрепренёр - Шим Эрдэнэ Брэнд ХХК
19. Жижиг дунд бизнес эрхлэгч Энтрепренёр - Говь Айгар ХХК
Энтрепренёр шагналын цар хүрээг өргөжүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдийнхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор энэ жилээс эхлэн орон нутгийн шинэчилсэн бүсчлэлийн дагуу, бүсийн Энтрепринёр шагналыг шинээр оруулж ирсэн билээ.
Баруун бүсийн Энтрепренёр - Цэнгазар ХХК
Хангайн бүсийн Энтрепренёр - Нутаг хүнс ХХК
Говийн бүсийн Энтрепренёр - Тавантолгой ХК
Хойд бүсийн Энтрепренёр - Анд Энерги ХК
“Энтрепренёр-2024” ёслолын ажиллагааны онцлох GREENPRENEUR номинацид Монполимет ХХК шалгарлаа. Тус компани тогтвортой хөгжлийн зорилтыг хангаж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байгаль экологид ээлтэй ногоон хэрэглээг дэмжин урамшуулах бодлогыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж юм.
Тогтвортой үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч Greenpreneur - Монполимет ХХК
Дараа нь “Энтрепренёр-2024” ёслолын ажиллагааны "Мөнгөн Меркури" цомын эздийг алдаршуулан зарлалаа.
Оны шилдэг Энтрепренёр "Хан Алтай ресурс" ХХК
Уурхайн үйл ажиллагаандаа аливаа аюул эрсдэлээс ангид байх, эрүүл аюулгүй ажлын байрны орчин нөхцөлийг бий болгохын тулд шинэ техник технологи нэвтрүүлэн ажиллаж байна. Үүнд: Мецо бутлуурын үйлдвэрт инженерийн шийдлээр усалгааны систем суурилуулж орчны тоосжилтыг 35% хүртэл бууруулсан. Хан Алтай төслийн ил уурхайн бүсэд хүдэр бутлах бутлуур болон бутлуураас нуруулдан уусгалтын талбай хүртэл 6298.2 метр туузан дамжуулах конвейрийн угсралтын ажил хийгдэж байна. Ажилчдын орон сууцны ахуйн бохир ус цэвэрлэх, саарал усыг эргүүлэн ашиглах зорилгоор 97 хувь цэвэршүүлэх технологи бүхий хоногт 90м3 бохир ус цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулаад байна.
Оны шилдэг Энтрепренёр "Голомт банк" ХК
2024 оны 5-р сард Голомт банк олон улсын зах зээлд 3 жилийн хугацаатай, Засгийн газрын баталгаагүй 300 сая ам.долларын бондыг амжилттай санал болгож 50 гаруй мэргэжлийн хөрөнгө оруулагчаас зорилтот дүнгээс давсан захиалгыг хүлээн авч, хоёрдогч зах зээл дээр гарсан даруйдаа тус бондын худалдан авах гадаадын хөрөнгө оруулагчдын эрэлт өссөн бөгөөд бондын ханш тогтмол өссөн үзүүлэлттэй байна. 2024 оны 12 сарын 3-ны өдөр олон улсын хөрөнгийн зах зээл дээр дахин 100 сая ам.долларын бондыг санал болгож, захиалга нээгдсэн даруйдаа амжилттай зарагдаж дууссан.
Оны шилдэг Энтрепренёр "Петровис Энержи Групп" ХХК
Энэ жил Монгол Улсын Газрын тосны салбарын хөгжилд томоохон тэмдэглэлт үйл явдал тохиож Петроматад ХХК-ийн 19 жилийн хөдөлмөрийн үр дүнд газрын тосны түүхийн эдийн олборлолтоо эхэллээ. Бүх ажил үйлчилгээг хийж гүйцэтгэхэд зориулж гадаад дотоодын хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулагч нараас нийт 120 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт босгосон байна.
Оны шилдэг Энтрепренёр "М Си Эс Кола Кола" ХХК
М-Си-Эс Кока-Кола ХХК нь 19 брэндийн 155 төрлийн дотоодын болон импортын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн борлуулж, Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн 280 суманд буюу улс орон даяар 17,500 гаруй харилцагчдаар дамжуулан Монголын хэрэглэгчдэд Дэлхийн брэндийг хүргэж байна.
2023 онд бид борлуулсан нийт ундааны 40 хувьтай тэнцэхүйц хэмжээний хуванцрыг дахин боловсруулах үйлдвэртээ эргэн цуглуулжээ. 2030 он гэхэд цуглуулалт 100%, дахин боловсруулалтыг 50% болгох зорилт тавьсан.
Оны шилдэг Энтрепренёр "Номин холдинг" ХХК
Номин Холдинг ХХК нь 5 багц бизнесийн чиглэлд 44 салбар компанитай, 6,200 гаруй ажилтан албан хаагчид, 61 салбар дэлгүүртэй Улсын төсөвт жилдээ 120 гаруй тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлж, дотоод гадаадын нийлсэн нийт 10,000 харилцагч түншүүдтэй хамтран ажиллаж, МУ-ын импортын бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээлийн 4,3%-ийг бүрдүүлэн, 2024 онд нийт давхардсан тоогоор 30 сая гаруй хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлж, идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд өнгөрсөн оныхоос борлуулалтын орлогоо 20%-р, татварын орлогыг 15%-р нэмэгдүүлж 500 гаруй ажлын байрыг шинээр бий болголоо.
Оны шилдэг Энтрепренёр "Ханбогд кашимер" ХХК
Xанбогд Кашимер XXК нь 2024 онд 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2000м2 талбайтай Үйлдвэрийн өргөтгөл, оффисын барилгыг ашиглалтанд оруулсан байна.
Мөн самнасан ноолуурын хүчин чадлаа өргөжүүлж, экспортын орлогоо нэмэгдүүлэх зорилгоор 8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1500м2 талбайтай самнасан ноолуур бэлтгэх хүчин чадалтай Самнах үйлдвэр ашиглалтанд оруулж, 100 орчим ажлын байр шинээр бий болгосон.
Оны шилдэг Энтрепренёр "Сүү" ХК
Тус үйлдвэр нь “3 FIT” буюу “HiFit GoFit ProFit” таргийг 2024 оны 05 дугаар сараас үйлдвэрлэж, зах зээлд амжилттай нийлүүлсэн. Үйлдвэрлэлд хийгдсэн томоохон хөрөнгө оруулалтуудын нэг нь поуч савлагааны шугам бөгөөд 2024 онд хийгдсэн эрүүл мэндийн шинэ бүтээгдэхүүн болох 3фит бүтээгдэхүүний шугам юм.
СҮҮ ХК-ийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр МУ-ын магадлан итгэмжлэгдсэн Их, дээд сургууль, коллежийн 8 оюутанд 40 сая төгрөгийн бүтэн жилийн сургалтын тэтгэлгийг гардуулав. Нийт шилдэг сүүлийн шатанд шалгарсан 14 оюутанд цалинтай дадлага хийх, ажлын байрны урилга тус тус гардуулав. СҮҮ ХК-ийн Мөрөөдлийн цэцэрлэг Ажилтнуудын нийгмийн хэрэгцээнд дэмжлэг үзүүлэх, сэтгэл ханамж, тогтвортой байдлыг хангах үүднээс 2-5 насны 100 хүүхдийн хүчин чадалтай Цэцэрлэгийг 2024 оны хичээлийн жилд үйл ажиллагааг нээлээ.
Оны шилдэг Энтрепренёр "Бодь интернэшнл" ХХК
Монгол улсын Засгийн газрын 2021 оны 89 дүгээр тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Тавантолгойн ордоос нүүрсийг вагонд ачиж тээвэрлэх логистикийн төвийн бүтээн байгуулалтын ажлыг амжилттай дуусган ашиглалтад хүлээлгэн өгч, улсын комиссын дүгнэлтээр 2024.11.01-ний өдөр байнгын ажиллагаанд оруулаад байна.
Монгол Улсад анх удаа галт тэрэгний хөдөлгөөн дунд зогсолтгүй ачих, бүрэн автомат ажиллагаатай инженерийн байгууламж бүхий Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв (ТНАЛТ)-ийг байгуулснаар жилдээ 20 сая тонн, цагт 3500 тонн түүхий нүүрсийг дэлхийн жишигт нийцсэн технологийн дагуу бутлах, ангилах, холих, дамжуулан ачих хүчин чадалтайгаар хоёр улсын хил хооронд зөөж тээвэрлэх юм.
2024 онд нийгмийн хариуцлагын 18 төсөл, хөтөлбөр, арга хэмжээг 4 үндсэн чиглэлээр санаачилсан болон санхүүжүүлэх байдлаар хэрэгжүүлж, нийт 755,000,000 мөнгөн дүнг зарцуулсан байна.
Оны Шилдэг Энтрепринёр Тэсо ХХК
2024 онд Санхүүгийн Зохицуулах Хорооноос албан ёсны зөвшөөрөлтэй анхны сан болох "Бондын сан"-г үүсгэн байгуулсан ба одоогийн байдлаар харилцагчдын 6 тэрбум төгрөгийн хөрөнгийг тус сангаар дамжуулан амжилттай удирдаж байна.
2024 оны 11 сарын 21-ны байдлаар 4.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн экспортод гаргасан бөгөөд Киргиз улсад “Зөв” аарцан үрэл бүтээгдэхүүнийг экспортолж, зах зээлээ өргөжүүлсэн.
2024 онд Тэсо Групп өдөр тутмын дижитал хэрэгцээнд зориулсан “Zahii” хүргэлтийн аппликейшнийг үйлчилгээнд нэвтрүүлж хүргэлтийн төлбөр шаардахгүйгээр бараа, бүтээгдэхүүнийг 24 цагийн турш, агуулахаас шууд хэрэглэгчийн гарт хүргэж байна.
Группын хэмжээнд 2000 гаруй ажилтнуудынхаа дунд явуулсан “Соёл, сэтгэл ханамжийн судалгаа”-ны үр дүнд үндэслэн ажилтнуудынхаа гэр бүлд ээлтэй бодлогын хүрээнд “Зөв багачууд” цэцэрлэгийг байгуулсан тул ажилтнуудын хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хүртээмжтэй хамрагдаж байна.
Оны Шилдэг Энтрепренёр "Энержи ресурс" ХХК
"Энержи Ресурс" ХХК нь Нүүрс баяжуулах үйлдвэрийн дэргэд Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэр ажиллуулдаг бөгөөд 2023 оны байдлаар 1,147,419 м3, цахилгаан станцын концентрацитай ус 51,349 м3 усыг тус тус дахин ашигласан байна. Ингэснээр хаягдал лагаас усыг шавхаж авах замаар усны дахин ашиглалтыг 95 хүртэлх хувьд хүргээд байгаа билээ. 2024 онд Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор өргөтгөлийн ажлыг эхлүүлэн явж байна.
2023 болон 2024 онуудад Монголын хөрөнгийн бирж (МХБ)-ийн нээлттэй, цахим дуудлага арилжаагаар дамжуулан баяжуулсан нүүрсэн бүтээгдэхүүнээ DAP Ганцмод нөхцөлөөр тогтмол арилжаалж байгаа.
2024 оны 10-р сарын 31-ний өдрийн байдлаар нийт 7.3 сая тонн баяжуулсан бүтээгдэхүүн борлуулж 885.0 сая ам долларын борлуулалтын орлого төвлөрүүлсэн. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд, Ханхонгор, Цогт-Овоо сумдын жижиг, дунд бизнес эрхлэг нийт 111 иргэнд нийт 913.7 сая төгрөгийн (давхардсан тоогоор) хүүгүй зээл (2024 оны 10-р сарын 22-ны байдлаар) олгожээ.
Үргэлжлүүлээд Ази, Номхон далайн орнуудын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын нэгдсэн холбооны нэрэмжит шагналыг гардууллаа. Ази, Номхон далайн орнуудын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбоо нь 1966 онд байгуулагдсан Австрали, Шинэ зеланд, Япон, БНСУ, Сингапур, Тайван, Папуа-Шинэ Гвиней зэрэг бүс нутгийн 28 улс, худалдаа, аж үйлдвэрийн 50-иад танхим, тэдгээрт харъяалагдах компаниудыг өөрийн эгнээндээ нэгтгэсэн бизнес нэгдэл бөгөөд гишүүн улсуудтай бизнесийн харилцаа тогтоож, туршлага солилцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, эдгээр улсуудын амжилттай яваа бизнес моделоос суралцах, шинэ технологи нэвтрүүлэх, нэтворкинг өргөжиж хөрөнгө оруулалт татах боломжуудыг олгодог бизнес нэгдэл юмаа. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь тус холбооны үндсэн гишүүнээр 2002 онд элссэн бөгөөд жил бүр Монгол улсын нийгэм эдийн засагт үнэтэй хувь нэмрээ оруулж буй нэг аж ахуйн нэгжид холбооны нэрэмжит шагналыг олгодог уламжлалтай.
Энэхүү шагналын эзнээр МОНПЕЛЛЕТС ХХК тодорсон юм.
Ингээд Гран-При, "Алтан Меркури" цомын эзнээр ХААН БАНК шалгарлаа. Тус компанийн Гүйцэтгэх захирал, Р.Мөнхтуяа шагналаа гардан авахдаа аж ахуйн нэгжүүддээ хандан үг хэлэв. Тэрбээр "Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг аж ахуйн нэгж байгууллагын захирлууд, төлөөллүүд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. ХААН банкны хувьд амжилт бүтээлээр дүүрэн сайхан он боллоо. Ялангуяа бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор 2024-2026 оны дунд хугацааны бизнес төлөвлөгөөндөө нийт зээлийнхээ дийлэнх хувийг бизнес эрхлэгчдээ дэмжих чиглэлд олон олон зээлийн шинэ бүтээгдэхүүнийг ялангуяа тогтвортой хөдөө аж ахуйн чиглэлд кластераар хөгжүүлнэ гэсэн зорилтыг тавиад, ажлуудаа амжилттай эхлүүлээд явж байна. Энэ хүрээнд 21 аймагт Бизнесийн төвүүдийг нээсэн. Улаанбаатар хотод 19 төв нээгээд, нийт 40 Бизнесийн төвтэй болсон. Цаашид зээл авдаг харилцагчдаа, тэдгээрийн Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулах байдлыг нь илүү дэмжих чиглэлээр зээлдэгч нар болон тэдгээрийн бэлтгэн нийлүүлэгчийн сүлжээнд оролцож байгаа оролцогчдыг хамтад нь санхүүжүүлэхээр, тойрог эдийн засгийг дэмжсэн бүтээгдэхүүнүүд гаргаад амжилттай хэрэгжүүлж байна. Мөн манай банк ногоон бизнесийг дэмжих, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих чиглэлээр нэлээд анхаарлаа хандуулж байна. Өнөөдрийн байдлаар манай нийт ногоон зээлийн багц маань 700 тэрбум, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээлийн багц маань 1.4 их наяд төгрөгт хүрсэн гэдгийг хэлэхэд таатай байна” хэмээлээ.
Хаан Банк нь 2024 онд банкны дижитал болон дунд, урт хугацааны стратегийн бодлогын хүрээндээ цахим шилжилтийг хурдасгах, “Pure Digital” болох зорилгын хүрээнд зээлүүдийг онлайн сувгууд руу шилжүүлэх ажлуудыг амжилттай хэрэгжүүлж банкны үйл ажиллагааг 99 хувь цахимжуулав.
ХААН Банк сангаараа дамжуулан нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчин, нийгэм, хүний хөгжил, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр 2024 оны эхний хагас жилийн байдлаар нийт 510 төсөлд 12.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд цаашид технологийн инновацийн шилдэг шийдлүүдэд хөрөнгө оруулахаар зорьж байна.
Бизнес эрхлэгчдийг дэмжих “Бизнес төв”-ийг 17 аймагт нээж, гарааны бизнесийг дэмжих Инновацийн төв, 6 салбартай “Digi Go” дижитал салбарыг тус тус бүтээн байгуулсан.
2024 оны III улирлын байдлаар ХААН Банкны нийт харилцагчийн тоо 2.9 сая болж 32 мянгаар, Цахим банктай харилцагчийн тоо 1.9 сая болж 78 мянгаар, Интернэт банктай харилцагчийн тоо 1.8 сая болж 126 мянгаар, Карт эзэмшигчийн тоо 1.9 сая болж 52 мянгаар, ПОС-ын тоо 56 мянга болж 13 мянгаар тус тус нэмэгджээ.
Шагнал гардуулах ёслолын төгсгөлд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын нэрэмжит шагналыг гардууллаа.
Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжил дэвшил, хувийн хэвшил бизнесийг хөгжүүлэх, үр ашгийг дээшлүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж, бизнесийн салбарт өндөр үр ашигтай дэвшилтэт техник технологи нэвтрүүлэн ажиллаж, тодорхой үр дүнд хүрснийг үнэлж Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дээд шагнал "Хийморь" хүндэтгэлийн одонгоор "Эко майн систем" ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Досаныг шагнав.
Монгол Улсад ногоон бизнес, ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд онцгой хуь нэмэр оруулж буйг үнэлж, МҮХАҮТ-ын "Greenpreneur” хүндэт тэмдгээр "Эко майн систем" ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Ержаныг шагнав.
Монгол улсын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, хувийн хэвшил бизнесийг хөгжүүлэхэд олон жил бодитой хувь нэмэр оруулсныг үнэлж Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Бизнесийн эрхэмсэг оршихуй буюу “Business excellence award” шагналаар Наран их дэлгүүр ХХК-ийг тус тус шагналаа.