(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

О.Амартүвшин: Одоо ярьж ханалаа. Бодит үйлдэл рүүгээ алхам алхмаар ормоор байна

2022/04/21 0

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.


- Манай улсын гадаадын хөрөнгө оруулалт дайн байлдаантай, үймээн самуунтай улс орноос ч дор байдалд орчихсон-


-"Монголын эдийн засгийн чуулган-2022" шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зохион байгуулагдлаа. Өнгөрсөн хугацаанд худалдаа эрхлэгчдийн нөхцөл байдал ямар байв?

-МҮХАҮТ бизнес, эдийн засгийн орчинд гол нөлөө үзүүлэхүйц томоохон судалгаануудыг тогтмол хийдэг. Эдийн засгийн хөгжил олон зүйлээс хамааралтай. Судалгаагаар хамгийн эхэнд гол нөлөө үзүүлдэг хүчин зүйл бол улс төрийн тогтвортой байдал юм. Бид эдийн засгаа хэрхэн хоёр дахин тэлэх талаар судалгаа хийж, үр дүнг нь 2019 оны сүүлээр танилцуулсан. Өнөөдөр манай улсад үйлчилж байгаа хууль, эрх зүйн нөхцөл байдал, уялдаа холбоог аваад үзвэл эдийн засгаа хоёр дахин тэлэх боломж хомс байна. Монгол Улсын эдийн засаг 2025 он гэхэд хоёр орчим тэрбум ам.доллараар нэмэгдэхээр байгаа нь хангалтгүй үзүүлэлт. Бидний өөрчлөхийг хүсээд байгаа нийгэм, эдийн засгийн байдал, ажилгүйдэл, утаа, хот хөдөөгийн ялгаатай байдал зэрэг өөрчлөх шаардллагатай олон асуудлыг дээрх өсөлт шийдэж чадахгүй. Тиймээс богино хугацаанд үсрэнгүй хөгжлийг авч ирэх ёстой. Та бүхэн санаж байгаа бол МХАҮТ-аас тийрэлтэт эдийн засгийн загварыг танилцуулж байсан.Үүнд үндсэндээ таван салбар асуудлыг тусгаж,эдгээр асуудлыг эхний ээлжинд шийдэх нь зүйтэй хэмээн үзсэн. Дэлхийн 40 гаруй улс орон эдийн засгаа богино хугацаанд тэлэхэд хийж хэрэгжүүлсэн арга хэмжээ юм. Ингээд их сэргэлтийн санаачилгыг гаргасан. Харамсалтай нь бид хоёр жил гаруй хугацаанд ковидын хүнд үеийг даван тууллаа. Дэлхий дахинд томоохон дайн тулаан, халдварт өвчний дараа цоо шинэ итгэлцэл, ойлголцол бий болдог юм байна. Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогыг зургаан чиглэлд хэрэгжүүлэхээр болсон.

-Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлого бодит байж, үр дүнгээ өгөх болов уу?

-Монголчууд бид хөгжихийг хүсч байна. Тэгвэл Монгол Улсын хөгжилд саад учруулж байгаа зургаан зүйлийг гаргаж ирсэн. Манай улсад тулгамдаад байгаа асуудлууд нэг л өдөр бий болчихсон зүйл биш л дээ. Дэлхийн эдийн засгийн форум болон Дэлхийн банкнаас өрсөлдөх чадварын судалгаа, бизнес эрхлэлтийн индексийн судалгаа зэрэг хэд хэдэн судалгаа хийдэг. Эдгээр судалгаагаар Монгол Улсын хөгжлийг хойш татдаг хэдэн үзүүлэлт л байдаг. Тухайлбал, хил дагуух худалдаа буюу боомтын асуудал, эрчим хүчний хүртээмж, төрийн хүнд суртал, авлигын асуудал зэрэг байдаг. Эдгээр асуудлуудаа шийдэхгүйгээр бид эдийн засгийн тэлэлтийн талаар ярих боломжгүй. Тиймээс хүссэн ч, эс хүссэн ч бид өнөөдөр биш юм аа гэхэд маргааш эдгээр өөрчлөлтийг хийх л болно. Аж үйлдвэрийн салбар, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхийн тулд эрчим хүч, дэд бүтэц, гадны хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тиймээс Засгийн газрын дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын түвшинд хэрэгжүүлж байгаа зургаан салбар зорилтын хүрээнд бид хийх ёстой хамгийн эхний алхмаа зөв тодорхойлсон хэмээн үзэж байгаа.

-Зорилгоо зөв тодорхойлчихсон юм бол төр хувийн хэвшил хэрхэн хамтарч ажиллаж, үр дүнтэй хэрэгжүүлэх боломж юу байна вэ?

-Эдгээр томоохон зорилтот арга хэмжээнүүдийг Монгол Улсын Засгийн газар дангаараа хийж чадахгүй. Учир нь Шинэ сэргэлтийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудал яригдаж байна. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хувийн хэвшил төр хамтрах замаар зөв эрэмбэ дараалалд оруулсны үндсэн дээр хийх боломжтой. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 30 гаруй их наяд төгрөгийн өртөгтэй. Гэтэл бидэнд 100 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй байна. Өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлж байсан олон ажлууд байна. Үр дүнг нь харахаар сэтгэл дундуур л байгаа. Тэгвэл дахин ийм алдаа гаргахгүйн тулд, алдаагаа давтахгүйн тулд юу хийх ёстой вэ гэхээр ил тод, хамтарч ажиллах ёстой. Ингэснээр хүссэн үр дүнд хүрнэ.

-Үүнд МҮХАҮТ-ын гол үүрэг роль юу байх вэ?

-Бид хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг зөв зохион байгуулах, төр дэмжиж болохуйц хувийн хэвшлийн санаачилгын төслийг бодитойгоор хэрэгжихүйц ТЭЗҮ-ийг хэрхэн бий болгоход анхаарч байна. Тэр ч утгаараа танхимын дэргэд Хөгжлийн төслийн корпораци байгуулах ёстой хэмээн үзэж байгаа. Засгийн газрын том төсөл хэрэгжүүлэхэд хувийн хэвшил хэрхэн яаж бодит оролцоотой байх, эсвэл хувийн хэвшлийн хэрэгжүүлэх төслийг Засгийн газар худалдан авах эрэлт, нийлүүлэлтийн баталгаагаар хэрхэн хангах вэ зэрэг уялдаа холбоог нь хангах ажлын нэгж байгуулахыг зорьж байна. Энэ бүхний ард үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.

-Энэ оны улсын төсөв хүнд нөхцөл байдалд байна. Гэтэл ихээхэн хэмжээний санхүүжилт шаардлагатай олон сайхан төслийн үр дүнгийн талаар ярьж байгаа нь шилний цаанаас чихэр харуулахтай адил санагдаад байх юм. Энэ оны тухайд танай салбарын нөхцөл байдал ямар байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд тээвэр логистикийн асуудал үнэхээр хүндрэлтэй байсан. Гэтэл өнөөдөр дайн байлдааны улмаас хойд хилийн асуудал хүндрэлтэй боллоо. Европын ачаа эргэлт хүнд нөхцөл байдалд байна. Үндсэндээ нийт импортын 40 орчим хувийг Европ, ОХУ-аас авдаг. Мөн хойноос ирж байгаа нийт ачааны 30 гаруй хувь нь Европоос, үлдсэн нь ОХУ-аас ирдэг. Эдгээр асуудлууд бүгд хүндэрч байна. Тэр дундаа эм, хүнс, тоног төхөөрөмж зэрэг олон төрлийн бараа бүтээгдэхүүн багтаж байгаа. Эдгээр бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-аар дамжуулж авч болох хэдий ч урд хил дээр ихээхэн хэмжээний ачааны бөөгнөрөл үүсчихсэн. Тиймээс нөхцөл байдал маш хүнд байна. Монгол Улс 2022 оныхоо төсвийг хэт өөдрөгөөр төсөөлсөн. Тухайлбал, 36.7 сая тонн нүүрс энэ онд экспортлохоор төлөвлөсөн. Харамсалтай нь бодит байдал дээр 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар 2.2 сая тонн нүүрс экспортлоод байна. Угтаа гадаадын зах зээл дээр уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ өндөр өсөлттэй байна. Хэдийгээр 2021 онд улсын хэмжээнд эдийн засгийн тоо хэмжээнд уналттай боловч үнийн өсөлттэй байсан учраас эдийн засгаа аварч гарсан.Тиймээс бид нэн яаралтай урд хилээ бүрэн ажиллуулахын тулд БНХАУ-ын талтай төр хувийн хэвшлийн түвшинд ярилцаж, ойлголцох хэрэгтэй байна. Экспорт, төсөв, гадаад худалдаа,тээвэр логистик хүндэрчихсэн байгаа энэ үед улсын төсөв бүрдэхэд хүнд. Ийм үед таны хэлж байгаачлан томоохон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх төсөв санхүү орж ирэх эсэх нь эргэлзээтэй байна. Төсөв мөнгө дутаад ирэхээр гаднаас зээлэх, эсвэл гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байж л нөхнө. Хамгийн гол нь Засгийн газар, УИХ, хувийн хэвшил нийлээд амлалт, үүрэг, итгэлцлээ өндөр түвшинд барих ёстой. Тэр бүр ковид, дайн тулаан руу бурууг чихэхээс илүү бүх зүйл биднээс хамаарна. Засгийн газар өөрсдөө итгэл үнэмшилтэй байгаа бол ядаж үрэлгэн төсвөө танах,онцын шаардлагагүй бүтээн байгуулалтаа хойшлуулах, орон нутгаар нэг тараасан үр дүнгүй ажлуудаа цуцлах, автомашин худалдан авахгүй байх гэх мэтээр хэмнэлтийг бодит үйлдлээрээ хийх ёстой. Ингэж байж бусдад зөв хандлага төрүүлнэ.

-Төр хувийн хэвшилийн түншлэлийн талаар олон жил ярьж байгаа. Өмнөх хамтын ажиллагааныхаа үр дүнг тооцсон асуудал байна уу. Төрийн баримталж байгаа бодлогод итгээд ихээхэн хөрөнгө оруулалт хийж эргээд хохироод үлдсэн хувийн хэвшлийнхний жишээ олон байдаг шүү дээ?

-Манай улсын маш том сул тал бол Засгийн газрын тогтворгүй байдал. Засгийн газрын тогтворгүй байдал нь төрийн санах ойг үгүй хийдэг. Өнөөдөр ярьж тохирсон зүйл маргааш нь хэрэгждэггүй, эсвэл санаатай болон санамсаргүй байдлаар хууль бус үйлдэл болоод хувирчихдаг. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэл гэж юу байх вэ гэхээр төр орох ёсгүй орон зай руугаа халдахгүй байх, хувийн хэвшлийг дэмжих замаар төрөөс иргэдэд үзүүлж байгаа нийтлэг үйлчилгээ,амьдралын чанарыг сайжруулах хэрэгтэй. Хувийн хэвшлийг дэмжих, өдөөх замаар төр өөрийн зорилгыг биелүүлдэг байх учиртай. Өнөөдрийг хүртэл концессын гэрээнээс авахуулаад төрийн алдаатай бодлого олон байсан, олон ч шүүмжлэл дагуулдаг. Энэ бүгдийг Төр хувийн хэвшлийн хуулиар засч залруулах оролдлого хийж байна. Энэ талаар хуулийн төсөл өргөн барьсан. Тухайлбал, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийх шаардлагатай 100 төсөлд 100 их наяд төгрөгийн төсөв шаардлагатай байна. Гэтэл манай улсын төсвийн орлого 12 орчим их наяд төгрөг байхад дээр дурьдсан хэмжээний төсвийг улс дангаараа гаргах боломжгүй. Тиймээс төр хувийн хэвшлээ дэмжихгүйгээр өөрөө бүхнийг хийх боломжгүй болчихлоо шүү дээ.Эдийн засгийн бодит үр дүнг тооцоод үзэхээр төр бүгдийг хийх нь үр ашиг маш бага байна. Тиймээс хувийн хэвшлийн хийж болох бүх төсөл, арга хэмжээг, хувийн хэвшил рүү л шилжүүлэх ёстой. Том зургаар нь харахаар сүүлийн үед төр хувийн хэвшлийн урдуур орж бизнес их хийсэн. Энэ нь эдийн засгийн тоогоор илэрч байна. Эдийн засгийн 90 орчим хувь нь төрөөс ямар нэгэн байдлаар хамааралтай болчихсон байна. Энэ бол хандлагын хувьд буруу. Төр хувийн хэвшлийн түншлэл харагдахгүй байна. Ерөнхий сайд Эдийн засгийн чуулганы үеэр “Төр зохицуулагчийнхаа үүргийг биелүүлье, хувийн хэвшлийн хийж чадах бүх боломж бололцоог тэдэнд шилжүүлье” хэмээсэн нь хамгийн чухал. Төр өөр дээрээ байгаа олон аж ахуйгаа хувьчлах, олон нийтийн болгох аль болох аж ахуй эрхлэхээс татгалзах ёстой хэмээн онцолсон.

-Валютын ханшийн савлагаа, шатахууны үнийн хөөрөгдөл, хил гаалийн гацаа бизнес эрхлэгчид, ААН-үүдэд хэрхэн нөлөөлж байна. Гэтэл ААН-үүдийг бараа бүтээгдэхүүний үнийг тогтоон барих, ажлын байраа хадгалж үлдэх талаар шаардаж байгаа шүү дээ?

Нэгдүгээрт, дэлхий даяар халдварт өвчний дараа нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдах, тээвэр логистикийн үнэ өртөг өсөх гэх мэт олон хүндрэл бий болсон. Тэр тусмаа манай улсад гадаад валютын нөөц хомсдож, төлбөр тооцоо хийхэд түвэгтэй болж байна. Манай улс хоёр хөршөөсөө хараат учраас боомтын нөхцөл байдал нэлээд түвэгтэй байна. Энэ бүх шалтгаан бараа бүтээгдэхүүний үнийг хүссэн хүсээгүй өсгөчихөөд байна. Эдийн засаг бол бие биенээсээ хамааралтай систем. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөр иргэдийн худалдан авах чадвар нөгөө талдаа буурч, ААН-үүдийн борлуулалт буурна. Үүний үр нөлөөгөөр эдийн засаг агшиж, татвар төсвийн орлого бүрдэхгүй. Иймээс олон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсож, иргэд ажилгүйдэл, ядууралд өртөнө. Энэ мэтчилэн дараа дараагийн хүндрэлүүд бий болно. Энэ эрсдэлийг зөв хараад төр хувийн хэвшилтэйгээ хамтраад зохицуулалт хийх ёстой. Дайн дажин, халдварт өвчин бол байнга гарч байдаг зүйл биш боловч цаашид ямар хугацаанд өрнөхийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Бидэнд бодох ёстой олон асуудал байна. Яг ийм үед төр асуудлыг зөв, мэргэжлийн байдлаар шийдэх нь маш чухал. Тухайлбал, ийм үед төр махаа экспортлох бүхий л боломж бололцоогоор хангах ёстой. Малын тоо толгой нэмэгдээд байгаа боловч махаа экспортолж чадахгүй байгаа нь малчдын орлогыг хязгаарлачихаад байна. Төв суурин газар амьдарч байгаа иргэдийн махны үнийг өсгөхгүй байх талаар арга хэмжээ авдаг. Энэ бол том зургаараа алдаа. Цаашид бид эдийн засгийг зах зээлийн зарчмаар алхам алхмаар чөлөөлөх ёстой. Харин иргэдийнхээ худалдан авах чадвар, орлогыг нэмэгдүүлэх замаар ААН-үүдээ дэмжих учиртай. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн эрчмийг өдөөх чиглэлд анхаарах ёстой болохоос биш өмнө нь ярьдагчлан ямаанд мөнгө тараах, малын хашаа хороо барих гэх мэт ажлуудаасаа эдийн засгийн хүндрэлтэй үед бүрэн татгалзчихмаар байгаа юм. Харин ажлын байраар дамжуулж, цалин орлогыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг тэлэхийг дэмжих ёстой. Хараад байхад сэтгэлгээний асар том буруу хандлага байгаа юм. Энэ компани ашигтай ажиллаад байна, тийм учраас энэ бол буруу гэж хардаг. Энэ аль нийгмээс үлдсэн ойлголт юм бэ. Компани, ААН-үүд ашигтай ажиллаж байгаагийн хэрээр төр өндөр ашигтай ажиллаж байна гэсэн үг шүү дээ. Хөрөнгөтөн нийгмийг үзэн яддаг байсан шиг сэтгэлгээ рүү бид эргээд орж байна. Үнэндээ ямаанд 200 тэрбум төгрөг зарцуулснаас ямааны ноолуурыг гүн боловсруулах үйлдвэрт 200 тэрбум төгрөг зарцуулах юм бол нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг илүү өндөр үнээр экспортолно шүү дээ.

-Төр хувийн үйлдвэр үйчилгээний газрыг шүүхийн шийдвэр гараагүй байхад өөрийн өмч болгодог жишээ олон байна шүү дээ?

-Үнэнийг хэлэхэд, төр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх нь магадгүй өнөөдөр ашигтай мэт харагдаж болно. Гэхдээ эдийн засгийн системийн том зургаар нь харвал хэзээ ч ашигтай ажиллахгүй. Нэгдүгээрт засаглал, боловсон хүчний чадавхын асуудал байна. Хоёрдугаарт, үнэхээр урт хугацааны зорилт, зорилгоо тодорхойлж харж чадаж байгаа эсэх асуудал хөндөгдөнө. Бараа бүтээгдэхүүний үнэ өртөг, технологи, эцсийн шатны борлуулалт дээр төр дандаа алдаа гаргадаг. Эцэст нь төр ямар нэгэн зээл авахад хувийн хэвшил шиг урт зам туулахгүй. Маргааш нь л авчихна. Буцаад буруу технологиор яваад дампуурлаа зарлахад татвар төлөгчдийн мөнгөөр л эрсдэл хүлээнэ. Хувийн ААН-үүд бүтээмж, урт хугацааг, хамгийн сайн чанар, боловсон хүчнийг, үр ашигтай менежмэнтийн хослолыг эрэлхийлж байдаг. Үнэндээ ААН-үүдийн энэ эрэл хайгуулууд улсын л хөрөнгө шүү дээ. Ер нь улсын, төрийн хөрөнгө гэдэг сэтгэлгээнээсээ бид одоо салах ёстой. Бид асуудлыг яаж ч гоё сайхнаар тайлбарлаж болно. Тухайлбал, ковидын үед Эрдэнэт үйлдвэр тог цахилгааны мөнгийг дааж байна гэдэг ч юмуу. Гэтэл энэ бол алдаа. Эрчим хүчний тавдугаар цахилгаан станцыг барьчих хэмжээний мөнгийг зүгээр л тараачихсан шүү дээ. Түүний оронд хувийн ААН-үүдээ ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлчихвэл татварын орлого хэд дахин нэмэгдчихнэ шүү дээ. Шинэ сэргэлт гэж ярьж байгаа шиг бид бүгдээрээ сэтгэлгээний, хандлагын өөрчлөлт хийе. Төр шударга зохицуулагчийн байр суурь дээрээ байя. Үүнийг дахин дахин хэлмээр байна.

-Гадаадын нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед олон сайхан зүйл ярьж байгаа ч бодит үр дүн гарахад хүндрэлтэй харагдаж байна шүү дээ?

-Өнөөдөр бүс нутгийн асуудал хүнд байгаа ч бид бүх зүйлд бэлэн байх ёстой. Гадны хөрөнгө оруулалтыг татах ажлыг уйгагүй хийх ёстой. Тухайлбал, Эдийн засаг хөгжлийн яамаа бодитойгоор ажиллуулмаар байна. Гадаадын хөрөнгө оруулалтын газрын нөлөөг өндөрт өргөмөөр байна. Одоо ярьж ханалаа. Бодит үйлдэл рүүгээ алхам алхмаар ормоор байна. Дайн боллоо гээд хараад сууж болохгүй.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг татмаар байна гэдгийг бүх шатанд хэлж байна. Гэвч гадныхан манайд итгэх итгэл байна уу. Хөрөнгө оруулах таатай орчин бүрдсэн үү. Манайд гадны хөрөнгө оруулагчдыг урьж, хөрөнгө мөнгийг нь үрчихээд хөөгөөд явуулдаг түүх олон бий шүү дээ?

-Аль ч улс оронд бодлого нь тогтвортой, хөрөнгө оруулалт нь үр дүнтэй байвал гадныхан хөрөнгө оруулна. Манай улсын судалгааг аваад үзвэл гадны хөрөнгө оруулалт эрс буурчихсан. Хатуухан хэлэхэд, бүр зогсчихсон. Зарим нэг дайн байлдаантай, үймээн самуунтай улс орноос ч дор байдалд орчихсон. Энэ нь манай улс төрийн тогтворгүй байдалтай шууд холбоотой. Дахин хэлэхэд төр, засаг гаргасан бодлого, хуулиа хэрэгжүүлэхийн тулд бодит үйлдэл хийх ёстой. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд хэрхэн ажиллаж, гэрээ хэлэлцээрээ яаж мөрддөг юм бэ гэдгээ харуулах цаг болсон. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг дэмждэг, сурталчилах агентлагууд нь бүрэн утгаараа ажлаа хийх хэрэгтэй. Ер нь бид хэлсэн, ярьсандаа л байдаг байх ёстой. Бид гадаадын хөрөнгө оруулалтыг үр өгөөжтэй ашиглах хууль эрх зүйн орчноо бүрдүүлчихээд түүний үр шимийг хүртэх ёстой. Үнэндээ улстөрчдийн попролыг дарах ёстой болчихоод байна. Мэддэг, чаддаг, хийх ёстой зүйлээ л хийдэг баймаар байна. Нөгөө талаар бидэнд боломжууд бий. Түүнийгээ бодитоор үнэлмээр байна.

Эх сурвалж: dnn.mn

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА
2024/04/25
Монгол-Австрийн форумаар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол-Австрийн форумаар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/04/25
Монгол-Вьетнамын бизнес уулзалт боллоо
Монгол-Вьетнамын бизнес уулзалт боллоо
2024/04/24
Монгол – Австрийн бизнес форум болно
Монгол – Австрийн бизнес форум болно
2024/04/23
“Бизнесийн ёс зүй, компанийн нийгмийн хариуцлага
“Бизнесийн ёс зүй, компанийн нийгмийн хариуцлага" сэдвээр бизнес семинар, хүний нөөцийн ярилцлагыг зохион байгуулахаар боллоо
2024/04/22
Хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/04/22
МҮХАҮТ, МОНГОЛЫН САВ БАГЛАА БООДОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН  НЭГДСЭН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО
МҮХАҮТ, МОНГОЛЫН САВ БАГЛАА БООДОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН НЭГДСЭН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО
2024/04/22
Газар тариалан, ган төмөрлөг, эмийн ургамлын чиглэлээр Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахыг хүслээ
Газар тариалан, ган төмөрлөг, эмийн ургамлын чиглэлээр Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахыг хүслээ
2024/04/22
“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх нь” уулзалт боллоо
“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх нь” уулзалт боллоо
2024/04/22
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2024/04/19
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
2024/04/18
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
2024/04/18
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
2024/04/17
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
2024/04/16
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2024/04/15
Залуу энтрепренерүүдийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо
Залуу энтрепренерүүдийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо
2024/04/15
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
2024/04/12
“Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
“Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
2024/04/12
МҮХАҮТ шинэ гишүүдээ хүлээн авлаа
МҮХАҮТ шинэ гишүүдээ хүлээн авлаа
2024/04/11
“10000 залуу”: Бизнесийн сургалт энэ сарын 20-нд МҮХАҮТ-д эхэлнэ
“10000 залуу”: Бизнесийн сургалт энэ сарын 20-нд МҮХАҮТ-д эхэлнэ
2024/04/11