МҮХАҮТанхимын Ерөнхийлөгч Д. Энхтүвшин БНХАУ-ын Шаньдун мужийн Лин И хотын бизнес эрхлэгчдийн төлөөлөгчидтэй уулзлаа
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д. Энхтүвшин БНХАУ-ын Шаньдун мужийн Лин И хотын “Лин И худалдааны цогцолборын давуу эрхтэй хувьцаа эзэмшигч корпорацийн ТУЗ-ийн дарга Ли Чан Чөн, Бүх дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ ХХК-ийн ТУЗ-ийн дарга Тэн Бао Дун, Монголын олон улсын чингэлэг тээвэр ХХК-ийн гүйцэтгэх захирал Чэн Ян болон бусад төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар хоёр орны эдийн засаг, худалдааг өргөжүүлэхийн тулд Лин И хотоос барилгын материал, өдөр тутмын хэрэглээний болон бусад бараа бүтээгдэхүүний агуулахыг Монгол Улсад байгуулж, Монгол Улсын ард иргэдэд чанартай, хямд бараа бүтээгдэхүүнийг түргэн хугацаанд нийлүүлэх тухай төслийг танилцуулав.
Лин И хот нь Хятадын хамгийн том тээвэр логистикийн төдийгүй 6 сая гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэгтгэсэн томоохон агуулахын төв юм. Лин И хотоос Азийн болон Европийн орнууд руу бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр тээвэрлэдэг байна.
Мөн хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн тулд харилцан мэдээлэл солилцох, харилцан айлчилж дэвшилтэт шинэ технологитой газар дээр нь танилцах шаардлагатай тухай ярилцлаа.