(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

О.Амартүвшин: АМНАТ-ын хууль Монголд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж олгодоггүй

2023/03/24 0

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.

-Өдрийн сонинд гарсан таны нийтлэлийн мөрөөр ярилцахаар ирлээ. Ер нь бизнесийнхнийг харлуулах нь зах зээлийн эдийн засгаа нураадаг гэсэн агуулгыг дэлгэрүүлж хөөрөлдье гэж бодлоо?

-Нэг талаар бидний сонгосон зам, нөгөө талаар хүн төрөлхтний хөгжсөн түүх бол чөлөөт эдийн засаг, тэр дундаа иргэдийнхээ ажиллаж хөдөлмөрлөх, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа ашигтай байх сонирхлыг өдөөж дэмжсэнээр хөгжиж ирсэн. Сонгодог либерал онолд төр юунд ч оролцох ёсгүй гэж тунхагладаг. Бидний хамгийн сайн мэдэх Адам Смитийн үл үзэгдэгч гарын онол ч үүнийг нотолдог. Эдийн засаг өөрөө өөрийгөө зохицуулдаг. Тиймээс төр аль болох оролцохгүй байх ёстой. Төр аль болох цомхон, хүчтэй байх ёстой гэдэг шүү дээ.

Монголын өнөөгийн эдийн засгийг ярья л даа. 1990 оноос өмнө төлөвлөсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан. Хувийн аж ахуй гэж байгаагүй. Төр бүгдийг зохицуулдаг байсан. Энэ онол үнэнд гүйцэгдэж нурж унасныг бүгдээрээ мэднэ. Тиймээс хувийн хэвшил, иргэдийн хөдөлмөрлөх хүсэл сонирхолд суурилсан тэмүүлэл нь эдийн засгийг ямар богино хугацаанд өсгөж болдгийг өнөөдөр бид харж байна.

Харамсалтай нь уул уурхай төвтэй улс орон бүрд байдаг тулгардаг асуудал сүүлийн үед манайд бий болчихоод байна. Уул уурхайн орлого нь хэт их байна. Эрх мэдэлтнүүд үүний хуваарилалтад оролцохыг хүсдэг. Мэдээж үүнийгээ популист үгээр иргэдэд эвтэйхэн ойлгуулчихдаг. “Харж байна уу, төр ингэж удирдаж чадаж байна” гэдэг ч юм уу. Ингэхийн тулд ард түмнээр бизнес эрхлэгчид рүүгээ турхируулах ажлыг хийдэг. Анги давхарга үүсгэж янз бүрээр харлуулдаг. Өөрт байгаа чадвар, нөөц бүрээ ашиглаж хамгийн их ашиг олох нь хувийн өмчтөний зорилго. Гэтэл үүнийг нь төр буруутгаад эхэллээ.

Ер нь хамгийн сайн боломжийг тэд өрсөлдөж байж олж авдаг. Үүгээрээ хамгийн сайн бизнес, борлуулалтыг хийх гэж зорьдог. Энэхүү зорьж буй өрсөлдөөн нь тухайн нийгэмд шинэ мэдлэг, боловсролыг оруулж ирдэг. Шинэ технологийг авч ирдэг. Үүнийгээ дагаад иргэд нь өндөр цалин авдаг. Улс орон нь хөгжиж дэвшдэг.

Энэ бүхнийг хувийн хэвшил хийдэг болохоос төр хийдэггүй. Хувийн хэвшил бол сайн менежер гэдгийг Гүржийн жишээнээс харж болно. Эрчим хүчний салбар ч гэдэг юм уу гол томоохон хүнд үйлдвэрүүдээ 2004-2007 онд бүрэн хувьчилсан. Хувьчлалаас хойш 2-3 жилийн дотор эдгээр компаниудын борлуулалт 10 дахин тэлсэн. Үүнээс ямар их өгөөж, ямар их бүтээмж бий болж байгааг Гүржээс харж болно.

-Хувийн өмч эдийн засгийн тусгаар байдал ардчилсан нийгмийн тусгаар тогтнолын хамгийн гол баталгаа гэж харж болох нь...

-Гадны хөрөнгө оруулагчдад ямар боломж олгосноор хөрөнгө оруулалтыг өөртөө татаж, шингээж, байршуулж чадсан бэ гэдгээс эдийн засгийн тусгаар тогтнол эхэлнэ. Энэ тоо бага бол эдийн засгийн тусгаар тогтнолгүй байна гэсэн үг. Бүх л улс орон өөрийн хөрөнгийг хамгаалдаг. Гадаадын хөрөнгө оруулалт бол ийм л учиртай. Уул уурхайн салбар дахь хамгийн том бүтээн байгуулалт болох Оюу толгойд гуравдагч орныг оруулж ирснээр Монголын эдийн засгийн тусгаар тогтнол, дархлааны хамгийн гол тулгуур багана болж хувирч байна шүү дээ.

Ковидын хязгаарлалттай хоёр жил, Орос-Укрианы дайнтай холбоотой эдгээр хүнд үеүдэд бид гадаадын хөрөнгө оруулалтыг нэмж татах чиглэлд сайн ажиллаж чадахгүй байна. Учир нь аль ашигтай ажиллаж байгаа салбаруудад дандаа төрийн өмч зонхилж байна. Мөн хувийн хэвшлийг ямар нэгэн байдлаар ялгах, дарамтлах, айлгаж үйлдэл тасралтгүй явж байна. Түүнчлэн хүнийг үндэслэлгүй барьж хорих нь маш энгийн үзэгдэл боллоо. Жишээлбэл, Мөнх-Эрдэнийн жишээ. Спорт загасчлал гэж ярьдаг шиг бариад тавиад, бариад тавиад байна. Нийгмийг тестлээд байгаа хэрэг үү, ямар учиртай юм. Хүний эрхийг зөрчиж байна.

Гадны хөрөнгө оруулалт орж ирэхгүй байх хамгийн том хаалт нь хувийн өмчийг хамгаалахгүй байх. Нөгөө талаар манай улсын авлигын индекс өссөөр байна. Авлигын индекс өснө гэдэг нь бизнесийн орчин муудна гэсэн үг. Тэнд шударга зөв зах зээлийн харилцаа байхгүй. Төр давамгайлж эхэллээ. ДНБ-д эзлэх төсөв 50 хувь руу ороод эхэллээ. Төрийн оролцоо 50 хувь руу орно гэдэг нь аюулын маш том сигнал. Ийм орон зай руу гадны хөрөнгө оруулалт орж ирэхээс аль болох зугтана, үргэнэ. Гадны хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн улс хаана ч байхгүй.

Бидний сонгосон нийгмийн зөвшилцөл ийм биш. Үндсэн хууль бол 3.4 сая хүн хэрхэн амьдрах тухай зөвшилцөл. Үндсэн хуульд ийм зүйл юу ч байхгүй. Тиймээс бид ухралт хийж ерөөсөө болохгүй.

Эдийн засгийг тэлэх тухай бүгд ярьж байгаа бол хувийн өмчийг хуульчилж хамгаалах, тэнд ямар нэгэн албан тушаалтан дур мэдэж хүрдэггүй байх ёстой.

Хөгжлийн банкны сонсголыг бид харлаа. Яг үнэндээ чанаргүй зээлүүдийн ард дандаа улсын компаниуд байна. Арилжааны банкаар дамжуулж зээлсэн зээлийн эргэн төлөлт бараг 100 хувьтай байна. Гэтэл улстөрчдийн ч юм уу, тухайн үеийн эрх мэдэлтнүүдийн нөлөөгөөр шууд олгосон зээлүүд л эрсдэлтэйд орсон байна лээ. Зээлийн хороо, Удирдах зөвлөл нь хуралдаж байж зээл олгодог. Зээлдэгч компаниуд нь ямар нэгэн барьцаа хөрөнгөө байршуулж байж зээл авсан байж таарна. Барьцаагүй зээл авсан бол зээл олгох шийдвэр гаргуулсан хүн буруутай.

Сонсголоор Монголын хувийн хэвшлийн өнгө төрх болсон сортоотой бүхнийг бүхэлд нь харлуулж буруутгалаа. Ингэхдээ хэт нэг талыг барьсан, зах зээлийн эдийн засгийн ямар нэгэн мэдлэг, ойлголтгүй хүмүүс шүүлээ. Түүгээрээ хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид ингэж булингартуулдаг юм байна. Төрөөр л хийлгэе гэдэг ойлголтыг нийгэмд өгч байгаа нь маш буруу. Шийдвэрийг эрх мэдэлтнүүд өөрсдөө гаргасан. Буруутан нь тэд. Гэтэл шийдвэр гаргасан эрх мэдэлтнүүд биш хувийн хэвшлийнхэн буруутан болж байгааг яавч хүлээн зөвшөөрч, дуугүй сууж болохгүй.

Төр дэмжих салбараа бодлогоор дэмжих ёстой. Энэ бол хаана ч байдаг л зүйл. Худалдааны, экспортын, хөрөнгө оруулалтын давуу талыг олгохын тулд бодлогоор дэмжих салбар гэж бий. Үүнийг буруутгаж огт болохгүй л дээ. Ингэж байж өрсөлдөөнд ямар нэгэн давуу талыг бий болгож авна. Монголын ноолуурын салбарыг хөлөө олоход нь төр бодлогоор дэмжих ёстой. Бүгдийг нь нийлүүлж харлуулж болохгүй. Сайн хүү гэдэг бол бодлогын дэмжлэг юм. Эрсдэл үүсвэл арилжааны банкууд эрсдэлийг үүрч чадахгүй. Төр тодорхой хэмжээнд зөөлөвч болж тэр зардлыг үүрэх ёстой.

-Бизнес, төр, иргэд бүгдээрээ тойрч суугаад зөвшилцье гэж та бичсэн байсан. Шинэ хэлцэл, шинэ зөвшилцөл яагаад хэрэгтэй гэж?

-Ерөөсөө л төр бизнес эрхлэх шаардлагагүй гэж байгаа юм. Төр аж ахуйн үйлчилгээ үзүүлэх бус иргэд, аж ахуйн нэгжийн төлсөн татвараар амьдрах орчин, амьдралын чанарыг сайжруулахад л анхаарах хэрэгтэй. Төр шударга өрсөлдөөнийг бий болгох ёстой. Бодлогын дэмжлэг, зохицуулалтыг үзүүлэх ёстой. Гадны хөрөнгө оруулалтыг татахад төр батлан дааж оролцож, хамгаалдаг байх ёстой. Экспортод гаргахад нэгдмэл бодлогоор дэмжлэг үзүүлдэг байх ёстой гэх мэт зохицуулалтыг л хэлээд байгаа юм. Түүнээс нэг гараараа нүүрсний уурхай ажиллуулаад нөгөө гараараа хувийн хэвшилтэй өрсөлдөх тухай биш. Төр бизнес хийнэ гэдэг нь төр өөрөө зээл авна гэсэн үг. Төр өөрийн давуу эрхийг ашиглаж санхүүгийн зах зээлээс их хэмжээгээр хамаад авчихна. Хөгжлийн банкны жишээнээс харвал хамгийн их чанаргүй зээл төрд байна. Тэд шинээр амжилттай ямар ч технологийг нэвтрүүлээгүй. Бүх юм нь бахь байдгаараа. Авлига ашиг сонирхлын зөрчил нь ч бахь байдгаараа байна. Тиймээс төр өөрөө эхлээд өмчөөс салах ёстой. Хоёрдугаарт, бодлогын зөв дэмжлэг үзүүлэх ёстой.

Нийгэм тоглоомын дүрмээ ойлгохгүй болж байна. Төр бүхнийг хийх гээд байгаа юм уу, ойлгомжгүй. Иргэд халамж аваад сууж бай. Төр идэх хоол, тог цахилгааны мөнгийг төлье гэж байгаа юм уу. Тэгвэл манай улс хоёр дахь Венесуэл болж хувирна. Одоо тун ойрхон байна. Тухайн цаг үедээ энэ их зөв юм шиг санагддаг л даа. Лидерүүд нь гарч ирээд хэн нэг хүнийг идэж уусан байна хэмээгээд хувийн хэвшлийг буруутгаж, эсвэл гадны хөрөнгө оруулагчдыг буруутгадаг. Одоо өөрсдөө бүгдийг мэдье гэх нь мэдээж иргэдэд таалагдана. Гэхдээ сайн үр дүн авчирсан ганц ч тохиолдол байхгүй. Венесуэлийг хар л даа.

-Сүүлийн 10 жилийн улсын нийт төсөв болох 187 их наяд төгрөгийн зарцуулалтыг ил болгоё гэсэн санааг та дэвшүүлсэн. Ер нь яаж зарцуулсан гэж харж байна вэ?

-Сүүлийн 10 жилийн төсвийн орлого дээр зээл тусламж нэмэгдэнэ. Мөн төрийн өмчит үйлдвэрийн газруудын орлого нэмэгдэнэ. Энэ бүх мөнгө хаачив. Жилээс жилд өр өсөөд байна. Юунд зарцуулсан бэ. Эмнэлгийн хүртээмж сайжирсан уу. Боловсрол, амьдрах орчин сайжрав уу. Агаар, хөрсний бохирдол юу болов. Нийтийн тээвэр сайжирсан уу. Асуудал улам л хуримтлагдаж байна. Хүмүүс сайн ажлын байр, боловсрол хайж Улаанбаатар руу нүүдэллэж байна. Орон нутагт бүх бодлого алдагдсан. Харин төрөөс асуудлыг шийдэх бодлогын дэмжлэг үзүүлэхээсээ илүү хавтгайрсан халамжид л анхаарч байна. Жилээс жилд утаанд их мөнгө төсөвлөдөг. Энэ оны утаа ямар хэмжээнд байв. Буурсан уу. Харин ч дордсон. Дагаад эрүүл мэндийн асуудал хүндэрсэн. Мөн нийтийн тээврийн асуудалд сүүлийн 12, 13 жил огт анхаарсангүй. Тэг зогсолт хийлээ. Хамгийн гол нь төсвөөс мөнгө нь суутгагдсаар л байсан. Тэр мөнгө хаашаа орсныг асууя.

Хөгжлийн банкны асуудлаар сонсгол хийж байгаа нь зөв. Миний хэлээд, хөндөөд байгаа гол санаа маань хэт нэг талыг барьж болохгүй ээ. Бүх юмны буруутан нь хувийн хэвшил болж хувирлаа. Шударга бус байна. Тиймээс МҮХАҮТ иргэд, мэргэжилтнүүдтэй нийлээд сүүлийн 10 жилийн төсвөөр сонсгол хийе. Утаанд зарсан мөнгө ямар үр дүн үзүүлэв. Нийтийн тээвэр, түгжрэлд зарсан мөнгөний үр дүн гэх мэтээр олон хөтөлбөр, төсөл арга хэмжээний үр дүнг дэнсэлье. Мөнгө яг хаашаа орсон бэ. Үр дүн нь хаана байна вэ. Үр дүнгүй юм бол яах гэж хийсэн юм бэ. Хэрвээ идэж уусан бол хэн идэж уусан юм бэ. Хэн шийдвэр гаргасан юм бэ. Хариуцлагагүй шийдвэр гаргасан бол улс төрөөс хол бай. Ард түмний татварын мөнгө рүү дахиж битгий хуруу гараа дүр. Битгий сонгуульд зориулж ажиллаад бай. Иргэд илүү сайн сайхан амьдралыг л хүсч байна.

Хэрвээ бүх юм болж бүтэхгүй бол бүхнээ яг өнөөдөр зогсоогоод бүхнийг шинээр эхлүүлье. Нийгмийн шинэ зөвшилцөл хийе. Иргэд юу хүсч байна. Хувийн хэвшлийнхэн юу хүсч байна гэдгийг сонсъё. Төр энэ хоёр субъектийг холбогч болохоос бие даасан тусдаа субъект биш. Тиймээс яагаад ийм субъект гаргаж ирээд иргэд хувийн хэвшлийнхнийг талцуулаад байгаа юм бэ.

-Эдийн засагтай холбоотой бусад асуудлаар ярилцлагаа үргэлжлүүлье. Ам.долларын ханш, үнийн өсөлтийг богино хугацаанд шийдвэрлэх ямар боломж бидэнд байна вэ?

-Үнэнийг хэлэхэд өнгөрсөн оны мөн үеэс 25 орчим, бараг 28 хувиар төгрөгийн худалдан авалт уначихаад байна. Инфляци ч мөн адил түүхэн дээд түвшинд хүрсэн. Хоёрдугаар сарын байдлаар, 12 хувийн өсөлттэй, хоёр оронтой тоонд удаж байна.Статистикаас харахад иргэдийн цалин өссөн дүнтэй гарч ирээд байгаа юм. Компаниудаас судалгаа авахаар ажилчдынхаа цалинг 20-30 хувиар нэмсэн гэж байгаа юм. Гэтэл худалдан авах чадвар ам.доллартай харьцуулахад эрс уначихсан. Бид зарим зүйлээ ам.доллараар худалдаж авдаг шүү. Бусад улс оронд ч ам.доллар чангарсан. Тэр нь бидэнд улам нөлөөлж байна.

Нөгөө талаас гадаад худалдааны балансыг статистикаас харахад эерэг байгаа юм. Тиймээс энд Монголбанк юм уу, Сангийн яам үүргээ биелүүлэхгүй байна. Төгрөгийн ханшийг унагаах нь эрх баригчдад ашигтай. Улсын үйлдвэрүүдийн орлого дандаа ам.доллараар орж ирдэг. Ам.долларыг төгрөгт хөрвүүлэхээр ашигтай гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь 10 төгрөг олдог байсан бол 13 төгрөгийн орлого орж ирнэ гэсэн үг. Энийг эрх баригчид овжиноор ашиглаж байна. Юу гэхээр, ханш нь уначихсан төгрөгийг халамж болгож тараах нь эрх баригчдад ашигтай харагдаж байгаа юм. Гэтэл энэ нь хөдөлмөрлөж байгаа иргэдийн халааснаас төр хулгай хийж байгаатай агаар нэг. Тиймээс бодлогоо үнэн, зөв болгомоор байна. Нэгэнт л экспорт нь импортоос өндөр байгаа бол ханшаа барих ёстой. Нэмээд ч бууруулах ёстой. Зөвхөн уул уурхайн экспорт хийдэг компаниудад ашигтай. Бусад салбарынханд ашиггүй байж болохгүй.

Монголчууд бидний өмнө тулгардаг нэг төвөгтэй зүйл нь химийн үйлдвэр хөгжөөгүй учраас сав баглаа, боодлын түүхий эдээ бүгдийг нь гаднаас худалдаж авдаг. Бүх машин механизмаа гаднаас авдаг. Тээврийн зардал өсчихөөр бүтээгдэхүүн, материалын үнэ өсчихдөг. Ингээд компаниудын ашиг, орлого эрс буурдаг. Иргэдийн худалдан авах чадвар буурдаг. Тиймээс гадаад худалдаа эерэг баланстай байхад яагаад ам.доллар өсөөд байна вэ” гэдэг асуултад эдийн засаг ойлгодог ямар ч хүн “Бодлого чинь буруу байна” гэж хариулах байх.

Бодлогын хүүг 13 хувьд бариад нэлээд удлаа. Хөгжлийн банкны сонсголын үеэр Н.Золжаргал ерөнхийлөгч “Ийм үед төгрөгийн бондоо гаргаж төгрөгөө хамгаалаач ээ” хэмээн хэлж байсныг сонссон байх. Энэ бол маш чухал.

-Нэг талаас төгрөгийн ханшийг тогтворжуулж чангаруулах гол хүчин зүйл гадаад худалдаа. МҮХАҮ-ийн танхим гадаад худалдааг дэмжих чиглэлд ихээхэн санаачилгатай ажиллаж байх шиг байна. Олон ч форум боллоо. Удахгүй Монгол- Орос-Хятадын хамтарсан форум болох гэж байгаа гэж сонссон?

-Манай улсын гадаад худалдааны 84 хувийг энэ хоёр улс дангаараа эзэлдэг. Нарийвчилбал, 82 хувийг Хятад, хоёр хувийг нь ОХУ эзэлдэг. Энэ том масс руу үнэ шингэсэн бүтээгдэхүүнийг экспортлох ёстой. Уул уурхайн салбар 90 хувийг эзэлж байгаа учраас энд уул уурхайн салбарыг түр орхиё. Бусад салбарыг яагаад онцлох ёстой вэ гэхээр нэмүү өртөг бий болгох явцад нь маш олон ажлын байр дагаад бий болдог. Тэр дундаа хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалангийн салбарт илүү их нэмүү өртөг, ажлын байр бий болдог. Үүнийг ашиглаж валют болгож чадвал улс оронд маш хэрэгтэй. Тиймээс энэ салбарт олон талаас нь судалгаа хийсэн. Дэлхийн зах зээл дээр тоглож чадах дөрвөн бүтээгдэхүүн байна гэж судалгаагаар гарсан. Тиймээс эдгээр дөрвөн бүтээгдэхүүнийг яаж нэгдсэн байдлаар экспортлох вэ гэдэгт сүүлийн таван жил идэвхтэй ажиллаж байна. Томоохон хэд хэдэн форум хурлыг хийсэн. Үүнтэй холбоотой саналаа Засгийн газарт хүргүүлж, Уул уурхайн бус экспортыг дэмжих үндэсний зөвлөл хүртэл байгуулагдан ажиллаж байгаа шүү дээ. Даргаар нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ажиллаж байна. Тиймээс хамгийн гол нь одоо моделио гаргаж өгөх хэрэгтэй байна. Уул уурхайн бус салбарт амжилт гаргая гэж байгаа бол нэгдмэл байх шаардлагатай. Үнэ, чанар, дизайн гээд бүх зүйлээр нэгдэх хэрэгтэй. Орчин үед нэгдэж, хоршиж хийдэг болчихоод байна. Өрсөлдөөн байлгүй яахав. Гэхдээ зарим зүйлд хамтрах хэрэгтэй байна. Үүнээс гадна санхүүжилтийн асуудалд анхаармаар байна. Экспортод урт хугацааны санхүүжилт шаарддаг. Хамгийн багадаа зургаан сарын хугацаа шаардлагатай. Дотооддоо арилжвал маргааш нь ч юм уу, долоо хоногийн дараа мөнгөө авна. Экспорт гаргахын тулд түүхий эдээ татаж, бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортод хүргэж борлуулалтын орлого орж иртэл дор хаяж зургаан сар шаардагдана. Тиймээс экспортын санхүүжилт их чухал л даа. Ам.доллар орж ирнэ. Тиймээс Монголбанк ам.долларын хүлээлтийн орлогод дүйцүүлж төгрөгийн санхүүжилтийг өгөх боломжтой байдаг. Энэ нь төгрөг ам.долларын ханшийг зөв удирдахад том түлхэц болдог. Уул уурхайн бус экспортын орлого өнөөдөр 500 орчим сая ам.доллар байна. Бид үүнийг энэ ондоо багтааж 1.5 сая ам.долларт хүргэх боломжтой. Тэрхүү зохион байгуулалтыг МҮХАҮТ руу өгөөч ээ гэж байгаа юм. Бид мах, ноолуур, арьс шир, ховор эмийн ургамал зэрэг салбарт нэгдсэн зохион байгуулалт хийе гэж яриад байгаа юм. Салбар бүрээ нарийн тооцоолж үзэхэд хичнээн ажлын байр бий болох, компаниудыг яаж оролцуулах, Монголбанк санхүүжилтийг яаж хийх, гадаад зах зээлд яаж хүргэх, яаж маркетинг хийх вэ гэдэгт нэгдсэн удирдлагаар хангах шаардлага байгаа юм. Компаниуд нэгэнт энэ соёлд суралцчихвал цаашид бие дааж хөгжинө. Тэр хүртэл нь ямар нэгэн замаар бойжуулах ёстой.

-Аж үйлдвэржилтийг бий болгоход бид бодлогын ямар алдаа хаана гаргаад байна вэ?

-Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг хаана зарах вэ гэдгээс эхэлнэ. Хэнд ямар хэмжээтэй зарах юм бэ гэдгээс шалтгаалж ямар стандарттай байх нь тодорхой болно. Эхлэх цэг нь зах зээл байх ёстой. Гэтэл манайхан өөрийн дур сонирхол, хоббидоо суурилаад үйлдвэрлэлээс эхэлчихээд байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зарах гэхээр хамаг асуудал үүсдэг. Санхүүжилт ч мөн адил. Экспортын баримжаатай бол бодлогын арай өөр санхүүжилт шаардлагатай. Манайд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээхэд сайн нөхцөлтэй урт хугацаатай санхүүжилт хэрэгтэй. Энэ салбарын компаниудыг татварын бодлогоор зөв дэмжих хэрэгтэй байна. Жишээлбэл, уул уурхайн бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэх тусам АМНАТ-ын хуулиар татвар нэмэгдээд байна. АМНАТ-ын хуулийг цуцлах шаардлагатай байна. Энэ хуулиар Монголд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж ерөөсөө олгохгүй байна. Нэг бол дэлхийн зах зээлийн үнээр АМНАТ тооцож байна. Ямар ч ашиг гарахгүй шүү дээ. Тиймээс түүхийгээр нь гаргавал амар хялбар. Тиймээс энэ бодлого нь үйлдвэржилт, ажлын байр бий болгохын эсрэг бодлого болчихоод байгаа юм. Мөн техникийн зохицуулалтууд байна. Жишээлбэл, ноолуурыг дотооддоо гүн боловсруулалт хийх хэрэгтэй. Гэтэл Засгийн газраас энэ хавар техникийн зохицуулалтыг нь цуцалчихлаа. Самнах үйлдвэр барихаар европын компаниудтай хамтарсан нэлээн олон үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоочихож байгаа юм. Хятад худалдааг дэмжих сайн зээлүүдтэй. Түүнтэй нь Монголын компаниуд дангаараа өрсөлдөж чадахгүй. Арьс шир ч ялгаагүй. Махны салбарт бид “Монгол мах” -ыг нэгдсэн байдлаар дэлхий нийтэд таниулах шаардлагатай байна. Ингэхийн тулд компани бүр хоорондоо өрсөлдөх бус нийлж менежмэнт хийх ёстой. Компаниуд сав баглаа хийхдээ илүү анхаармаар байна. “Монгол мах” гэдгээ таниулахын тулд том компанит ажил, маркетинг хийх ёстой. Компаниуд нийлж хийхийн тулд дундын бүтцийг бий болгох ёстой гэж харж байна. Энэ мэтээр зөв зохион байгуулалт хийгээд эхэлбэл компаниуд аяндаа сураад ойлгоод өөрөө өөрийгөө хөгжүүлээд явчихна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
"Зохиогчийн эрх ба цахим орчны хамгаалалт" хэлэлцүүлэг болно
2024/11/08
Манай бизнес эрхлэгчид Шанхай, Хонконгийн хөрөнгийн биржэд хувьцаагаа гаргасан шилдэг аж ахуй нэгжүүдээс туршлага судаллаа
Манай бизнес эрхлэгчид Шанхай, Хонконгийн хөрөнгийн биржэд хувьцаагаа гаргасан шилдэг аж ахуй нэгжүүдээс туршлага судаллаа
2024/11/08
"Замын-Үүд–Эрээн боомтын эдийн засаг, хөрөнгө оруулалтыг дэмжих чуулга уулзалт боллоо
2024/11/08
Монгол, Япон Улсын “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр
Монгол, Япон Улсын “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр"-ийн хэрэгжилтийн талаар тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэнэ
2024/11/08
Ургамлын идээлэгтэй сарлагийн био арьс, арьсан бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэх төслийн багийнхан уулзлаа
Ургамлын идээлэгтэй сарлагийн био арьс, арьсан бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэх төслийн багийнхан уулзлаа
2024/11/08
62 дахь удаагийн БАЗААР БЕРЛИН үзэсгэлэн амжилттай нээгдлээ
62 дахь удаагийн БАЗААР БЕРЛИН үзэсгэлэн амжилттай нээгдлээ
2024/11/08
МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлөөс 2025 оны төсвийг батлах үйл явцыг ажиглаж, үе шаттай арга хэмжээ авахаа мэдэгдлээ
МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлөөс 2025 оны төсвийг батлах үйл явцыг ажиглаж, үе шаттай арга хэмжээ авахаа мэдэгдлээ
2024/11/05
Монгол улсад анх удаа Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалтын мэргэжлээр ажиллангаа суралцах боломжтой боллоо
Монгол улсад анх удаа Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалтын мэргэжлээр ажиллангаа суралцах боломжтой боллоо
2024/11/05
МҮХАҮТ-ын ээлжит бус их хуралд оролцох гишүүдийн мандатыг энэ сарын 20-27-нд олгоно
МҮХАҮТ-ын ээлжит бус их хуралд оролцох гишүүдийн мандатыг энэ сарын 20-27-нд олгоно
2024/11/05
“Хятадын Олон Улсын Импортын VII Экспо”-д аж ахуй нэгжийн төлөөллүүд оролцож байна
“Хятадын Олон Улсын Импортын VII Экспо”-д аж ахуй нэгжийн төлөөллүүд оролцож байна
2024/11/05
МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлыг энэ сарын 28-нд товлолоо
МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлыг энэ сарын 28-нд товлолоо
2024/11/01
“Хүнд суртлын индекс - 2024” судалгаанд оролцохыг урьж байна
“Хүнд суртлын индекс - 2024” судалгаанд оролцохыг урьж байна
2024/10/30
Жанчхүү хотын төлөөлөгчид харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх хүрээнд МҮХАҮТ-д зочиллоо
Жанчхүү хотын төлөөлөгчид харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх хүрээнд МҮХАҮТ-д зочиллоо
2024/10/30
"Монгол - Францын бизнес уулзалт" болж, ХХБ болон Францын төрийн өмчит хөрөнгө оруулалтын банк хооронд санамж бичиг байгууллаа
2024/10/30
“Цахим бизнесийг олон улсын түвшинд гаргах нь” сэдэвт цахим сургалтад оролцохыг урьж байна
“Цахим бизнесийг олон улсын түвшинд гаргах нь” сэдэвт цахим сургалтад оролцохыг урьж байна
2024/10/30
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №5
Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №5
2024/10/29
"Монгол-Казахстаны хамтарсан ажил хэргийн зөвлөл"-ийн анхдугаар хуралдаан боллоо
2024/10/28
"БҮСҮҮДИЙН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН": Бүс бүсээрээ нэгдэж, асуудал, шийдлээ ярьж, нэгдсэн ойлголттой болов
2024/10/28
ТОЙМ: Ерөнхийлөгчөө сонгох хурлаа товлож, аж ахуй нэгжүүдээ чадавхижуулсан долоо хоног/2024.10.21.-2024.10.25/
ТОЙМ: Ерөнхийлөгчөө сонгох хурлаа товлож, аж ахуй нэгжүүдээ чадавхижуулсан долоо хоног/2024.10.21.-2024.10.25/
2024/10/25
МҮХАҮТ-ын гишүүн байгуулагуудад “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар 2027 он хүртэлх төлөвлөгөө
МҮХАҮТ-ын гишүүн байгуулагуудад “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар 2027 он хүртэлх төлөвлөгөө"-г танилцууллаа
2024/10/25