(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

О.Амартүвшин: Монгол тулгатны 100 брэнд бүтээгдэхүүний экспортын төслийг эхлүүлнэ

2019/10/16 0

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим гишүүн байгууллагууддаа зориулсан шинэ багцын үйлчилгээг эхлүүлжээ. Бизнес эрхлэгчдэд зориулсан эдгээр үйлчилгээний талаар болон танхимын бодлогын талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.

-Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим шинэ удирдлагатай болоод багагүй хугацааг үдлээ. Шинэ багийнхан ямар санал, санаачилга гаргах бол гэсэн хүлээлт гишүүн байгууллагуудад байсан нь гарцаагүй. Хамгийн эхэнд олуулаа нэгдэцгээе гэдэг санаачилгыг дэвшүүлсэн байна. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?
-Дэлхий даяар хөгжлийн тухай хамгийн их ярьж байна. Яавал хөгжилтэй улс болох вэ, яагаад хөгжилгүй улс болчихоод байгаа талаар. НҮБ-аас дэвшүүлж байгаа тогтвортой хөгжлийн 17 зорилт буюу гурван тулгуурт хөгжлийн бодлого гэж байгаа. Үүнд нийгэмд дан ганц төр засаг нь бүгдийг хийгээд улс орон сайхан болчихдоггүй юм байна. Эсвэл дан ганц хувийн хэвшил нь ажиллаад сайхан болгочихдоггүй. Харин төр, хувийн хэвшил хамтарч байж нийгмээ сайн сайхан хөгжил дэвшил рүү хүргэдэг юм байна гэдэг асуудал дэлхий нийтээр маш хүчтэй яригдаж байна.

Тэр тусмаа төрийн зөв зохицуулалт хүчтэй хувийн хэвшил дээр тулгуурлаж явдаг юм байна. Ингэж байж хувийн хэвшлийнхэн нийгмийн суурь асуудлыг шийддэг гэдгийг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байна. Монголд өнөөдөр нөхцөл байдал ямар байна вэ гэвэл төр нь хэт оролцоотой, хэт өндөр зохицуулалттай. Хувийн хэвшлийнхэн хүчин мөхөс. Үүнээс алдаа хаана байна вэ гээд харахаар бидэнд өөрсдөд маань байгаа юм. Хувийн хэвшлийнхэн өөрсдөө нэгдэж, нийлж чаддаггүй, асуудлаа төрдөө зөв тавьж чаддаггүй, шийдүүлж чадахгүй яваад байгаатай холбоотой.

Улс орнуудын бизнесийн орчныг шинжилж дүгнэдэг “Do­ing biziness index” гэж байдаг. Гүрж саяхан л Монголтой нэг жагсаалтад байсан. Өнгөрсөн найм, есөн жилийн хугацаанд 101-ээс зургадугаар байр хүртэл үсэрлээ. Тэд нар юуг хийж чадсан бэ гэвэл төрийн хүнд суртлыг арилгаж чадсан. Ил тод байдлыг бий болгож чадсан. Өнөөдөр Гүржид бизнес хийе гэсэн хүсэл сонирхол хөрөнгө оруулагчдад асар их бий болсон. Жил бүр гадаадын шууд хөрөнгө оруулалт гурав дахин өсч байна. Тэгвэл Монгол яаж Гүржтэй өрсөлдөх вэ гэвэл төрийн оролцоог багасгах, хувийн хэвшлийн ажиллах орон зайг нэмэгдүүлэх, гадны хөрөнгө оруулалтыг татах ёстой. Ингэхдээ төрийг “Та нар хий” гэхээсээ илүү хувийн хэвшлийнхэн өөрсдөө нийлж нэгдэж хийх ёстой болчхоод байгаа юм. Хэрэв та бизнес хийхийг хүсч байгаа бол үндэснийхээ худалдаа аж үйлдвэрийн танхим дээр ирээд зөвлөгөө, сургалтаа аваад хамтраад явдаг механизмыг бүрдүүлэх ёстой. Үүний тулд Танхимаас эхлээд олуулаа болъё, нийлье, нэгдье гэсэн санаачилгыг гаргаж байгаа. Монголд бүртгэлтэй 140 мянган компани байдаг. Тэднээс ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа нь явуулж байгаа нь 70 гаруй мянга, хамгийн идэвхтэй үйл ажиллагаатай нь 40 мянга. Гэтэл үүний 10 хүрэхгүй хувь нь л Танхимын гишүүн байна.

-Маш хангалтгүй тоо байна...
-Тийм. Энэ бол хангалтгүй төлөөлөл. Бид эхний ээлжинд 10 мянган гишүүнтэй болъё гэж зорьж байна. Цаашлаад 40 мянгуулаа Танхимынхаа дор нэгдэх хэрэгтэй. Ингэж чадах юм бол өнөөдөр захын нэг хөдөлгөөн эвсэл, эрхтэн дархтан, байцаагчид шалгуулаад айж ичдэг, үйл ажиллагаагаа хаалгаж боолгоод байхгүй байх боломж бүрдэнэ. Угтаа төр гэдэг чинь бид нарын төлж байгаа татвараар нийгмийг сайн сайхан байлгахад үйлчлэх ёстой хүмүүс юм. Зөв ойлголт дээр бид дуу хоолой нэгтгэж төрд энэ үүргийг нь сануулж байх ёстой. Ойлголцол гэдэг зүйлийг урдаа тавих зайлшгүй шаардлагатай болчхоод байна. Төр ингэх ёстой, тэгэх ёстой гэхээс илүү бид нар өөрсдөө эвлэлдэн нэгдээд, “Бид ийм юм хүсч байна”, “Нийгмийн асуудлыг шийдэхэд ийм гарц байна” гэж өөрсдөө төрдөө асуудал дэвшүүлдэг, тулгадаг, шийдүүлдэг болох зайлшгүй шаардлагатай. Ингэхийн тулд бид олуулаа болох ёстой юм. Энэ олон бизнес эрхлэгчид нэгдэх ёстой. Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр гэдэг шиг асуудлаа нийлж тавьдаг болъё. Ийм л зорилгыг дэвшүүлээд байна.

-Хувийн хэвшлийнхэн Танхимын дор нэгдэж дуу хоолойгоо нэгтгэх гэдэг том алхам. Түүнээс гадна Танхимын гишүүн болсноор тэдэнд ямар өгөөж бий болох вэ. Энэ тал дээр та бүхэн бодож төлөвлөсөн ажил бий юу?
-Дэлхийн ихэнх улс орнууд “Хэрэв та бизнес эрхэлж байгаа бол албан ёсоор Танхимын гишүүн байх ёстой” гэдэг хуультай. Герман, Европын улс орнууд албан ёсоор гишүүнчлэлтэй болдог. АНУ-д ч ялгаагүй. Манайх төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг буюу социализмын нийгэмтэй байсан. Тэр үед хувийн хэвшил гэж байсангүй. Үүнийгээ дагаад 1995 оны Танхимын тухай хууль батлагдахдаа сайн дурын үндсэн дээр гишүүнчлэлтэй болно гээд хуульчилчихсан. Хэн хүссэн нь гишүүн байж болдог зохицуулалт хийчихсэн. Тиймээс манай гишүүнчлэлийн газрынхан, шинэ удирдлагууд энэ асуудал дээр нэлээд сууж ажилласан. Гишүүд нэлээд олон төрлийн боломжуудыг санал болгосон. Гадны танхимуудаас туршлага судлах зайлшгүй шаардлагатай байна. Гол нь бизнес эрхэлж байгаа хүмүүс хоорондоо ярьдаг, санал бодлоо солилцдог болгох тал дээр анхаарахыг хичээж байна. Манай бизнес эрхлэгчид, нийт гишүүдийг ангилаад харахаар томоохон аж ахуйн нэгжүүд хууль эрх зүйн орчныг сайжруулахыг хүсч байна. Дунд хэсгийнхэн ямар гадны хөрөнгө оруулагчидтай холбогдох, гадны зах зээлтэй холбогдох гэх мэт. Жижгүүд нь бол яаж бизнесээ эхлүүлэх вэ, яаж тоног төхөөрөмжийн сонголт хийх вэ, яаж бүтээгдэхүүн, маркетинг, сав баглаа сайн хийх талаар мэдлэг, мэдээлэл хүсч байна. Бид тэр бүрт нь тохирсон бодлого гаргасан.

-Гишүүнчлэлийн багцыг бизнес эрхлэгчдэд санал болгож байгаа гэв үү?
-Нийтдээ 100 гаруй төрлийн үйлчилгээ, зөвлөгөө, хамтын ажиллагааг санал болгож байна. Ерөөсөө танхимын гишүүн болсноор тэр компани өөрөөрөө бахархах болно. Бизнес эрхэлж байгаагаараа, энэ томбагийн нэг хэсэг болоод хамтарч, энэ асуудлыг шийддэг, төрдөө үгээ хүргэдэг. Зүгээр нэг байцаагч намайг ингээд байна гээд айж ичих биш. Яг л адилхан эрхтэйгээр хамтраад энэ асуудлыг шийддэг бүх боломжууд нээгдэнэ. Дээрээс нь маш олон төрлийн сургалт, зөвлөгөө өгөх үйлчилгээ байгаа. Туршлага судлах, гадаад дотоод айлчлал, үзэсгэлэн худалдаа, гадна дотны түнш компаниудтай холбож өгөх маш олон боломж Танхимд бий. Хамгийн чухал юм бол ерөөсөө нийлж бизнесийн орчноо хамгаалъя, сайжруулъя гэдэг зорилго байгаа юм.

-Гишүүнчлэлээ өргөжүүлэх, төрд дуу хоолойгоо хүргэх зорилгын үр өгөөжийг та бүхэн хэрхэн харж байна вэ?
-Өнгөрсөн гуравдугаар сард болсон Танхимын ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг та нар мэдэж байгаа байх. Сонгууль маш өрсөлдөөнтэй болсон. Маш олон хүн “Танхим ямар учиртай байгууллага вэ, ямар үр тустай байдаг бол” гээд нэлээд олны анхааралд орж ирсэн. Үүнээс хойш танхимын гишүүнээр элсэх бизнес эрхлэгчид нэмэгдэж байна. Бид ч гэсэн маш олон талт үйл ажиллагааг явуулахыг зорьж байна. Жишээ нь, Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл байгууллаа. Эмэгтэй бизнес эрхлэгчдийн зөвлөлийн үйл ажиллагаа идэвхтэй болж байна. Цаашид бид яаж залуу бизнес эрхлэгчдийг эрсдэлээс сэргийлэх вэ, яаж зах зээлд хэрхэн зөв хөлөө олох вэ асуудал дээр нь яаж нийлж шийддэг болох тал дээр нэлээд анхаарч харилцан ойлголцож ажиллаж байна. Ингээд гишүүдийн тоо олон болохын хэрээр салбараараа танхим байгуулах асуудлыг хөндөнө. Тэгж байж тухайн салбарынхаа асуудлыг нэгдмэл байдлаар шийдэх боломжтой болно. Барилгын танхим, Ноос ноолуурын танхим, Хүнсний танхим гэж байгуулна. Эд нар нь тухайн салбарынхаа хүний нөөцийн бодлого, хяналт үнэлгээг өөрсдөө хийх боломжтой болж эхэлнэ. Аялал жуулчлалын танхим гэхэд өөрсдөө нийлж байгаад одоо өгдөг, хяналт шалгалтаа хийдэг, сургалтаа явуулдаг, боловсон хүчнээ бэлтгэдэг болно. Ингэж бүх салбар орхигдолгүй хамрагдаад ирэхээр Монголын бизнесийн орчин өөрөө зөв болж, цэгцрээд ирнэ. Ерөөсөө бизнесийн орчин сайжрах ёстой. Дээр дурдсан“Doing biziness index”-т өнөөдөр магадгүй манайх 74-д байгаа. Дараа жил хэдэд орох вэ, хэдэн байр урагшилж байгаа вэ гэдгээр бүх зүйл хэмжигдэнэ. Бизнесийн орчин сайжирна гэдэг нөгөө зээлийн хүү буурна, гадны хөрөнгө оруулалтыг хамгаална, тогтвортой байдал бий болно. Компаниудын борлуулалт ашиг орлого нэмэгдэнэ. Ажлын байр сайжирна. Үүний дараа ажиллаж байгаа албан хаагчдын ахуй хангамж сайжирна. Ахуй хангамж сайжрахаар нийгэм өөрөө сайжрах суурь нь болно шүү дээ.

-Танхим үйл ажиллагаа явуулахад хууль эрх зүйн орчин ямар байна вэ. Боломжийн нөхцөлд бизнесийнхэн ажиллаж байна гэдэг шүү дээ?
-Хангалттай. Гэхдээ мэдээж Танхимын тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, Арилжааны хууль зэрэг нэн яаралтай батлах шаардлагатай хууль байгаа. Гол нь Танхимын гишүүд олуулаа болчих юм бол төлөөлөл нь илүү хүчтэй болно. Төрд асуудал тавиад шийдүүлэхэд хялбар болно. 10 мянгуулаа “Энэ асуудлыг шийдээч” гээд төрд хандахад үгүй гэх зоригтой төрийн албан хаагч, сайд дарга нар гарахгүй болов уу. Энэ чинь бидний яриад байгаа Монгол Улсын хөгжил юм. Хөгжил эндээс эхэлнэ үү гэхээс нэг даргын шийдвэрээс эхлэхгүй.

-Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого дээр төвлөрч байна гэлээ. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу. Залуус өнөөдрийн нийгэмд хамгийн ихээр бизнесийн салбарыг сонирхож байна. Олноороо гарааны бизнес эрхлэхийг зорьж байна. Тэдэнд Танхим яг ямар хөрөнгө оруулалт хийх вэ?
-Гадны загварыг харахаар маш олон залуус цоо шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийг эрж хайж, бий болгож байдаг. Харамсалтай нь үүнийгээ хөрөнгө оруулагчидтайгаа холбох процесс дээр маш их алдаа гаргадаг. Тэр бүр зөв хөрөнгө оруулагчидтайгаа уулзаж чаддаггүй. Хөрөнгө оруулагчид ч тэр бүр зөв, сайн бүтээгдэхүүнийг хайж олж мэдэж чаддаггүй. Монголд үйл ажиллагаа нь жигдэрчихсэн үндэсний томоохон компаниуд бий.Эд нартай зөв холбож өгдөг системийг бий болгоод өгчихвөл олон хүн бизнесээ хөгжүүлэх боломжтой. Буцаад нөгөө том компаниуд маань амжилттай шинэ салбарт хөрөнгө оруулалт хийх боломжтой болчихдог. Аль, алинд нь хүсэл сонирхол байна. Тиймээс Танхим ийм уулзалтыг хийж өгдөг, арга хэмжээг зохиодог байх нь илүү үр дүнтэй. Түүнээс гадна залуучууд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэж байна. Гэтэл хаана борлуулахаа мэдэхгүй, ялангуяа гадаад зах зээл рүү яаж борлуулахаа мэддэггүй. Танхим жилдээ 30 гаруй үзэсгэлэн худалдаа, мөн тооны бизнес форумыг гадаадад зохион байгуулдаг. Эдгээр арга хэмжээгээрээ дамжуулах, таниулах, сурталчлах, түнштэй нь холбож өгөх гэх мэт маш их боломжийг нээнэ. Ингээд дэд бүтцийг бий болгоно гэдэг өөрөө маш том давуу тал юм.

Түүнээс гадна Монголын бизнесийн орчныг тогтмол судалж байдаг судалгааны байгууллага байдаггүй. Тэгвэл Танхим үүнийг хийдэг болъё. Хоёрт, түүндээ тулгуурлаад яаж хувийн хэвшлийг сайжруулах вэ гэсэн санал санаачилгын төв байя. Түүнийг тойроод маш олон төрлийн сургалт зөвлөгөөн уулзалт хэлэлцүүлгийг хийдэг болъё гэж байгаа.

-Монголын бизнесийн томоохон салбар бол яалт ч үгүй уул уурхайн салбар. Бизнесийн орчныг солонгоруулах бодлого аль ч төрд, Танхимд тавигдаж байдаг. Үүнийг Танхимын шинэ баг юу гэж харж байна вэ?
-Уул уурхайн салбар бол мэдээж том дүр зургаа дагаад явж байна. Бид дараагийн шатанд боловсруулах үйлдвэрийг зайлшгүй барих, гадны хөрөнгө оруулалтыг татах ёстой. Түүнээс гадна уул уурхайн бус бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн экспортыг дэмжих асуудал хамгийн чухал. Тиймээс энэ бол Танхимын дараагийн чухал зорилго болоод байна. Тун удахгүй бид Өвөр Монголын Баяннуур аймагт Монголын экспортын барааны онлайн худалдааны сүлжээг нээх гэж байна. Монголыг дэлхийд сурталчлах ажлыг Танхим илүүтэй өөр дээрээ авч явъя гэж зорьж байна. Жишээ нь, “Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэг”-ийг монголчууд сайн мэднэ. Түүн шиг “Монгол тулгатны 100 брэнд” хөгжүүлье гэж байгаа юм. “Херо” интертайменттай энэ талаар ярилцаж экспортын 100 брэндийг хөгжүүлэхээр болж байна. Энэ 100 брэндэд зориулсан нэвтрүүлэг хийе. Гадагшаа сурталчилгаанд ашиглахаар хамтарч ажиллахаар тохироод байна. Энэ бол араасаа маш их амжилтыг дагуулах төсөл болно гэдэгт итгэлтэй байгаа. Үндсэн ойлголт нь “Монгол экспорт” төслийн хүрээнд“Шилдэг 100 брэнд” төсөл хэрэгжих юм. Үнэхээр монгол брэнд гадаадад зах зээлээ нээж чадвал тухайн салбарт байгаа 200, 300 компани нийлж үйлдвэрлэж ч амжихааргүй хэмжээний том боломжийг нээнэ. Тэр үед хувийн хэвшлийнхэн хоорондоо өрсөлдөх биш, нийлж байгаад гадагшаа зах зээл рүү гарах асуудал дээр Танхим санал санаачилгатай ажиллана.

-Эх оронч худалдан авалтыг үндэсний зарим компаниуд санаачлан хэрэгжүүлж байна. Олон нийт, хувийн хэвшлийнхэн ч таатай хүлээж авч байна?
-Тухайн улс орон хөгжиж, дэвшихийн тулд өөрийнхөө үндэсний үйлдвэрлэлийг дэмжих нь хамгийн гол суурь нь байдаг. Эх оронч худалдан авалтыг “Эрдэнэс Монгол” компанийн харьяа 10 гаруй том компани байдаг. Бүгд Монголын топ компаниуд.Тэд худалдан авалт хийхдээ Монголын бүтээгдэхүүнийг сонирхъё гэж байгаа. Энэ чинь бизнес эрхлэгчид олдож байгаа маш том боломж. Үйл ажиллагаагаа жигдрүүлэх, сайн технологийг авчрах, магадгүй хамтарсан үйлдвэр байгуулах суурь нөхцөл нь болно.

Ер нь бид хийж чаддаг юмаа Монголдоо хийнэ. Мэдээж өндөр технологи шингэсэн, манайд түүхий эд нь байдаггүй бүтээгдэхүүнийг гаднаас авах нь ойлгомжтой. Харин түүнийг орлуулж хийх тал дээр саналаа солилцоод, алин дээр нь хамтарч болох вэ, алиныг нь хөгжүүлэх боломжтой байгаа талаар хэлэлцэх боломжийг олгосон нээлттэй өдөрлөг саяхан болж өнгөрлөө. Маш үр дүнтэй арга хэмжээ байлаа. Үүний дараа Оюу толгой хийх ёстой. Томоохон компаниуд өөрсдөө жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж худалдан авалт хийдэг бүтэц дэлхийд олон байдаг. Жишээ нь,“Тоёота”-д гэхэд хэдэн мянган компани бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Ингэж цаанаа маш олон ажлын байрыг бий болгож харилцан бие биенээ дэмжиж байдаг системийг бид Монголд албан ёсоор бий болгох ёстой.

-Зарим хүмүүс МҮХАҮТ төртэй тэмцэх ёстой гэдэг. Харин та эсрэгээр нь хамтрах ёстой гэж байна. Үр дүнгээ тооцоолсон уу?
-Төр, хувийн хэвшлийнхэн ойлголцох ёстой гэж би боддог. Тийм ч учраас үйл ажиллагаагаа энэ чиглэлд төлөвлөн ажиллаж эхэлсэн. Үр дүнгээ ч өгч байна. Нийгэмд, тэр дундаа бизнесийн салбарт болохгүй байгаа асуудлууд байна. Үүнийг хамтдаа засч залруулдаг болъё. Болж бүтэж байгаа зүйлийг хамтраад дэмжээд явъя. Эцсийн дүндээ гурван сая хүн гэдэг нэг л систем. Систем дотроо бид нар ойлголцохгүй явбал сул тал л нэмэгдэх болно. Хувийн хэвшлүүд маш хүчтэй байвал төрийн тогтвортой байдлыг ч хангах боломжтой гэж би хардаг.

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж: www.dnn.mn

Сүүлд нэмэгдсэн мэдээ
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2024/04/26
С.Баясгалан: Та орлогоо нэмэгдүүлье, илүүг суръя гэдэг хандлагагүй бол бусад нь хичээгээд ч нэмэргүй
С.Баясгалан: Та орлогоо нэмэгдүүлье, илүүг суръя гэдэг хандлагагүй бол бусад нь хичээгээд ч нэмэргүй
2024/04/26
“Монголын хөдөө аж ахуйн салбар дахь экспорт, хөрөнгө оруулалтын боломжууд” вебинар болно
“Монголын хөдөө аж ахуйн салбар дахь экспорт, хөрөнгө оруулалтын боломжууд” вебинар болно
2024/04/26
Рио Тинто Группийн төлөөлөгчид МҮХАҮТ-д зочиллоо
Рио Тинто Группийн төлөөлөгчид МҮХАҮТ-д зочиллоо
2024/04/26
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА
2024/04/25
Монгол-Австрийн форумаар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол-Австрийн форумаар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/04/25
Монгол-Вьетнамын бизнес уулзалт боллоо
Монгол-Вьетнамын бизнес уулзалт боллоо
2024/04/24
Монгол – Австрийн бизнес форум болно
Монгол – Австрийн бизнес форум болно
2024/04/23
“Бизнесийн ёс зүй, компанийн нийгмийн хариуцлага
“Бизнесийн ёс зүй, компанийн нийгмийн хариуцлага" сэдвээр бизнес семинар, хүний нөөцийн ярилцлагыг зохион байгуулахаар боллоо
2024/04/22
Хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/04/22
МҮХАҮТ, МОНГОЛЫН САВ БАГЛАА БООДОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН  НЭГДСЭН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО
МҮХАҮТ, МОНГОЛЫН САВ БАГЛАА БООДОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН НЭГДСЭН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО
2024/04/22
Газар тариалан, ган төмөрлөг, эмийн ургамлын чиглэлээр Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахыг хүслээ
Газар тариалан, ган төмөрлөг, эмийн ургамлын чиглэлээр Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахыг хүслээ
2024/04/22
“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх нь” уулзалт боллоо
“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх нь” уулзалт боллоо
2024/04/22
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2024/04/19
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
2024/04/18
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
2024/04/18
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
2024/04/17
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
2024/04/16
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2024/04/15
Залуу энтрепренерүүдийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо
Залуу энтрепренерүүдийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо
2024/04/15