(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

О.Амартүвшин: Хууль эмэгтэйчүүдээр дамжуулж өрхийн орлого нэмэгдэх, тэгш бизнесийн оролцоо, санхүүжилтийн таатай боломжууд бүрдүүлэх учиртай

2022/08/25 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган энэ сарын 29-нд Төрийн ордонд болох гэж байна. Тус арга хэмжээг хамтран зохион байгуулж буй МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.

-Бизнес эрхлэх эмэгтэйчүүдэд хамгийн нийтлэг тулгардаг ямар бэрхшээл, сорилт байна вэ. Үүнээс яриагаа эхлүүлье?

-Эмэгтэй бизнес эрхлэгчид Монгол Улсын хувьд жижиг, дунд болон өрхийн бизнест зонхилж байгаа. Гэвч бизнесээ цаашид өргөжүүлэхэд барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй, зээлийн хүү өндөр байгаа нь хүндрэл үүсгэж байна. Саад болдог бусад хүчин зүйл гэвэл улс орны нийгэм, эдийн засгийн байдал, бизнесийн орчныг муутгаж буй үзүүлэлтүүд, тусгай зөвшөөрөлтэй холбоотой төрийн холбогдох байгууллагуудын хүнд суртал, хууль эрх зүйн хязгаарлалтууд гээд олон хүчин зүйлийг энд тоочихоор байгаа. Нөхцөл байдал ийм байгаа учраас үүнийг өөрчлөх, одоо байгаагаас илүү сайжруулах, засах, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор үндэсний чуулганыг төр засаг, хувийн хэвшил, зөвлөл, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд тал талаасаа нэгдэж, хамтарч зохион байгуулахаар болсон. Ингэснээр нэгдсэн ойлголцолд хүрч, асуудлаа илүү бодитой олж харахад ч тус нэмэр болох юм. Эмэгтэйчүүдэд ажлын байр шинээр бий болгох, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага маш их байгаа. Хөдөлмөр эрхлэх боломжийг нь нээх, түүнд саад болж байгаа хүчин зүйлсийг багасгах нь чухал байна.

-Эмэгтэйчүүд аль салбарт түлхүү бизнес эрхэлж, ажиллаж байна вэ?

-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд худалдаа, үйлчилгээний салбарт түлхүү хөл тавьдаг. Олон улсын бизнес, эдийн засгийн судалгааны төвөөс ч үүнийг дурдсан байсан. Манай улсад мөн ялгаагүй энэ хандлага давамгайлж байгаа.

Статистикийн хорооноос гаргасан 2021 оны ААН-ийн тооллогын урьдчилсан дүнгээр Монгол Улсын бизнес эрхлэгчдээс эмэгтэй захирал 38 хувийг эзэлж байна. Энэ үзүүлэлт 2014 оны судалгаатай ойролцоо байсан. Эдийн засгийн салбараар нь авч үзвэл

  • худалдааны салбарт хамгийн их буюу 44 хувь,
  • үүний дараа боловсруулах үйлдвэрлэлийн салбарт есөн хувь,
  • мэргэжлийн шинжлэх ухааны салбарт долоон хувь,
  • хүний эрүүл мэндийн салбарт зургаан хувь нь эмэгтэй захиралтай байна.

Онцлог салбаруудад оролцоо өндөр байгаа. Тухайлбал, ноос ноолуур, бэлэн хувцасны үйлдвэрлэлийн зах зээлийн 60 орчим хувийг эмэгтэйчүүдийн эрхэлж буй бизнес эзэлдэг. Тэнд ажиллаж байгаа ажилтны тоо мөн адил бусад салбартай харьцуулахад илүү өндөр байх жишээтэй. Уул уурхай бол тийм биш. Хэдий тийм боловч технологийн дэвшил энэ салбарт илүү олон эмэгтэй ажиллах, дэвших боломжийг өдгөө олгож байгаа.

-Бизнест, тэр тусмаа компанийн гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийн түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь хэрхэн өөрчлөгдөж байгаа вэ. ТОП-100 ААН-ийн хэд нь эмэгтэй захиралтай вэ?

-Танхимын дэргэдэх Судалгааны институтийн зүгээс таны асуулттай холбоотой маш дэлгэрэнгүй судалгааг хийж, танилцуулсан. 

Монгол Улсын 2021 оны ТОП-100 ААН-ийн 24 компани эмэгтэй захиралтай байна. Монголын томоохон компаниудын Төлөөлөн Удирдах Зөвлөлд томилогдох эмэгтэй гишүүдийн эзлэх хувь, тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Топ менежерүүдийн хувь өссөн дүнтэй гарч, 40 хувь руу дөхсөн. Ажиллаж байгаа салбар бүрд харилцан адилгүй боловч том зургаараа энэ түвшинд ирээд байна. Цаашдаа илүү нэмэгдэх, ахих нөөц бололцоо эндээс харагдаж байна. Гэхдээ цаг хугацаанд эсвэл тухайн бизнест, салбарт найдаад үүнийг орхиж болохгүй.

-Цалин хөлсний ялгаа хэр байдаг вэ?

-Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн хөлс эрчүүдийнхээс бага байгаа нь харагдсан. Сүүлийн жилүүдэд энэ зөрүү буурч байгаа хэдий ч манай улсад эмэгтэйчүүд эрчүүдээс 17 хувиар бага хөдөлмөрийн хөлс авч байна.

-Бөөний болон жижиглэн худалдаа, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт эмэгтэйчүүд зонхилдог. Эдгээр салбарт хугацаа урт, хүү бага, онцлог байдлыг харгалзан үзсэн хөнгөлөлттэй зээл дутагдалтай байдаг. Чуулганаас үүнтэй холбоотой ямар үр дүн гарна гэсэн хүлээлттэй байна вэ?

-Холбогдох төр засгийн бүхий л байгууллага, олон улсын болон дотоодын банк санхүүгийн байгууллагын төлөөлөл, удирдлагууд ирэх долоо хоногийн чуулганд оролцохоор байгаа. Үүсээд байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтойг талууд судалж, үүнийг ажил болгох, чуулганыг үр дүнтэй болгохын тулд зохион байгуулагчдын зүгээс анхаарал хандуулж, тодорхой үр дүн, шийдэл гарахад хандуулж ажиллана. Дээрх салбарт ажиллаж байгаа олон хүн нийгмийн болон санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ, боломжийн гадна үлдэж, тэр хэрээр хохирч байгааг үгүйсгэхгүй. Тиймээс боломжийг улам хүртээмжтэй, нээлттэй, хязгаарлагдмал бус болгоход энэ удаагийн форум чухал үүрэг гүйцэтгэнэ гэж харж байна. Эмэгтэйчүүдийн эрхэлж буй жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, санхүүжилт болон сургалт, арга зүйгээр хангах, эмэгтэйчүүдийн эрхэлж буй бизнесийн салбараар нь нэгтгэж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гээд бүхий л түвшинд анхаарах цаг болсон.

-Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 2008 оноос хойш буурах хандлагатай байна. Нийгмийн асуудал энд хамгийн их саад тотгор болж байна гэж давхар дүгнэлээ.

-2022 оны эхний хагас жилийн байдлаар эрэгтэй ажиллах хүчний оролцооны түвшин 68 орчим хувьтай байгаа бол эмэгтэйчүүдийнх 52 хувь буюу 17 орчим пунктээр эрэгтэйчүүдийнхээс бага байна гэж статистикийн хороо танилцуулсан. Энд бодлого үгүйлэгдэж байгааг харуулж байна. Монгол Улсын хүн амын 49 хувийг эрэгтэй, 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Гэвч ажиллах хүчний оролцооны хувьд эмэгтэйчүүд хамаагүй бага цагийг зарцуулж байна. Ялангуяа, эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо 2008 оноос тасралтгүй буурч, дээрх түвшинд ирсэн байгаа юм.

Хэрэв эмэгтэйчүүдийн оролцоог эрэгтэйчүүдийн түвшинд хүргэж, 10 пунктээр нэмэгдүүлж чадвал Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 0.5 хувиар өсөж, 30 жилийн дотор манай улсын эдийн засаг 16 хувиар тэлэх боломжтой гэсэн тооцооллыг Азийн хөгжлийн банк гаргасан байна.

Ажиллах хүчний хүйсийн зөрүүтэй байдлыг арилгаснаар эдийн засаг илүү хөгжих нөөц, боломж байгааг эндээс харж болох нь. Нийслэлд жишээ нь сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал нь эмэгтэйчүүдийг хөдөлмөрийн зах зээлээс гадуурхах маш том шалтгааны нэг гэж боддог. Төсвийн жил жилийн хөрөнгө оруулалт энэ байдлыг ч харгалзаж үзэх хэрэгтэй. Одоо сургууль, цэцэрлэгийн цаг эхлэх гэж байна. Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхэд хотын түгжрэлийг бууруулах үйл явц, түүнд авч байгаа арга хэмжээ хүртэл нөлөөлнө.

-Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, бизнес эрхлэх орчныг сайжруулснаар ямар бодит үр дүн гарах вэ. Энэ талаар тооцоо судалгаа хийсэн болов уу?

-Эмэгтэйчүүд чадварлаг бизнесийн удирдагчид байдаг. Эмэгтэй бизнес эрхлэгчид шинэ стратегийг турших сонирхол нь түлхүү гэж үздэг. Иймд инновацлаг бизнес эхлүүлэх магадлал таван хувиар илүү байдаг гэсэн олон улсын судалгаа ч бий. ОУВС-ийн 2014 онд Монгол Улсад хийсэн судалгаагаар эмэгтэй эзэмшигчтэй аж ахуйн нэгж илүү урт бизнесийн насжилттай байна гэж дүгнэсэн.

Mckinsey&Company-ийн 12 орны 1000 компанид хийсэн судалгаагаар удирдлагын багтаа жендерийн тэгш байдлыг хангасан компани 21 хувиар илүү дундаас дээш түвшний ашигтай ажилладаг гэж гарсан байна лээ. Дэлхий нийтийн хэмжээнд аж ахуйн нэгжүүдийн 17.3 хувь нь эмэгтэй эзэмшигчтэй байсан бол 2018 оны байдлаар 22 хувьд хүрч өссөн. Орлогын түвшингээр нь авч үзвэл дундаас дээш орлоготой улсуудын эмэгтэй эзэмшигчтэй компанийн хувь хурдацтай өссөн болохыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгааны дүн харуулсан. Эмэгтэй бизнес эрхлэгчид илүү өөдрөг хандлагатай байдаг. Манайхаас жил бүр тогтмол хийж ирсэн “Бизнесийн итгэлийн индекс” судалгааны үр дүнгээс ч энэ үзүүлэлт маш тодорхой харагддаг.

-УИХ-ын нэр бүхий эмэгтэй гишүүдийн өргөн барьсан Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл хууль болж гарснаар бизнесийн орчинд ямар дэвшил авчрах вэ?

-Хууль эрх зүйн зохицуулалттай болох, олон улсад шууд хүрэх нэгдсэн ойлголтыг тодорхойлох хэрэгцээ шаардлага урган гарч ирж байна. Давуу байдал олгох гэхээс илүү байгаа нөөц боломжийг нь нээж өгөх, эмэгтэйчүүдийн эдийн засгийн нэгдсэн оролцооны мэдээллийн дата санг үүсгэх, улмаар олон улсын жендерийн тэгш байдлыг хангасан, эмэгтэйчүүдийг дэмжсэн төслүүдэд хамрагдах, хөрөнгө оруулалт гаднаас татах, авах, энэ боломж руу эмэгтэй бизнес эрхлэгчид ойртоход хууль эрх зүйн орчны дэмжлэг маш чухал байгаа. Танхимын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл хууль санаачлах, боловсруулахад оролцож, нөхцөл байдлыг тусгасан. Бусад улс орнуудын туршлагыг харахад эмэгтэй бизнес эрхлэгчдэд тусгайлсан эрх зүйн орчин бүрдүүлсэн нь цөөнгүй. Энэ нь зах зээлийн зарчимд нийцсэн, чөлөөт, эрх тэгш, нээлттэй өрсөлдөөнийг дэмжсэн байдаг. Манайх мөн адил энэ жишгээр дээрх хуулийн төслийг аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн хүсэл, шаардлагын хүрээнд боловсруулж, намрын чуулганаар хэлэлцэх болов уу гэсэн хүлээлттэй байна.

 Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл цаг үеийнхээ шаардлага, эрэлт хэрэгцээгээр бий болсон, эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоог бодитоор дэмжихэд чухал нөлөө үзүүлнэ гэж харж байна. Бизнесийн орчныг сайжруулахад ач холбогдол өндөр хуулийн төсөл. Манай улсад бизнес эрхлэгч эмэгтэйтэй холбоотой ангилал, тодорхойлолт болон тэднийг төр, хувийн хэвшлийн зүгээс дэмжих чиглэлийг тодорхойлсон, бодлогын түвшинд шийдвэр гаргахад оролцоог хангах талаарх нарийвчилсан эрх зүйн зохицуулалт батлагдаагүй өдий хүрсэн. Хууль гарснаар бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг бодитоор дэмжихэд түлхэц болно гэж харж байна. Бичил, дунд, том, өрхийн гээд бүхий л аж ахуйн эрхлэгч эмэгтэйчүүдэд хуулийн үр өгөөж хүрч, өрхийн орлого нэмэгдэх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт сайжрах, эрх тэгш бизнесийн оролцоо, санхүүжилтийн таатай боломжууд бүрдэх учиртай.

Эх сурвалж: ikon.mn

Сүүлд нэмэгдсэн мэдээ
"Цар тахлын үеийн бизнесийн нөхцөл байдал ба сургамж" танилцуулга хийлээ
2022/10/04
МҮХАҮТ-ын 2022 оны 9 дүгээр сарын Мэдээллийн товхимолтой танилцана уу
2022/10/04
Монгол, ОХУ, БНХАУ-ын ХАҮТ-уудын Худалдаа, Эдийн Засгийн XVI Нэгдсэн Чуулган болно
2022/10/03
“Монголын Худалдааны Төв” Хөх Хотын гаалийн чөлөөт бүсэд байгуулагдана
2022/10/03
"Улаанбаатар Экспо" төслийг БНХАУ-ын Экспорт, Импортын Банк санхүүжүүлнэ
2022/10/03
“Монгол Улсын Төсвийн бодлогын шинэчлэл” уулзалт боллоо
2022/09/30
ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзлаа
2022/09/29
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар МҮХАҮТ-ын удирдлага болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
2022/09/28
“Зүүн бүсийн брэнд бүтээгдэхүүн, экспортын чиг хандлага” сэдэвт бүсийн чуулган болж байна
2022/09/28
"CEO RADAR" арга хэмжээний үеэр Бизнесийн ёс зүйн төвийн үйл ажиллагааг танилцууллаа
2022/09/28
Ерөнхийлөгч О.Амартүвшин ОХУ-ын худалдааны төлөөлөгч Максим Васильевыг хүлээн авч уулзлаа
2022/09/28
Цар тахлын дараах бизнесийн нөхцөл байдлын судалгааны тайлан
2022/09/27
О.Амартүвшин: Хамтдаа тулгарч буй асуудлаа ярилцаж, шийдэлд хүрэх нь өнөө илүү оновчтой
2022/09/27
ОХУ-ын Бүгд Найрамдах Саха (Якутын) Хөрөнгө оруулалт татах, экспортыг дэмжих төвтэй Санамж бичиг байгууллаа
2022/09/27
Словак-Монголын танхимтай хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
2022/09/27
"CEO RADAR"-т 300 манлайлагч нэгдлээ
2022/09/27
"Улаанбаатар түншлэл-2022" олон улсын үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
2022/09/27
Бизнес эрхлэгчдэд ажлын байраа тэлэх боломжийг олгож, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шаардлагатай байна
2022/09/26
Газар зүйн заалтыг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо, санаачлага чухал
2022/09/26
"Ханбогд кашмер" Миланд болсон "Emerging Talents Milan 2022" загварын шоунд амжилттай оролцлоо
2022/09/26