(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

О.Амартүвшин: Дэлхийн улс оронтой ижил түвшинд шударга өрсөлдөх боломж

2020/11/24 1

(Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Отгондаваагийн Амартүвшинтэй хийсэн ярилцлага)

Дэлхийн Худалдааны Байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр гэдэг бол бүх гишүүн орны харилцан хүлээн зөвшөөрсөнөөр, бараа бүтээгдэхүүн улсын хил гаалиар орж гарах гадаад худалдааны урсгалыг техникийн болон горим журмын хувьд илүү хөнгөн хялбар болгох, ижил хэмнэлд жигдрүүлэх онцгой цогц арга хэмжээ юм.

Монгол Улсын Их Хурал одоогоос дөрвөн жилийн өмнө, буюу 11 сарын 24-ий өдөр Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг соёрхон баталсан. Ингэснээр худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаа үндэсний хэмжээнд гадаад худалдааны хөгжлийн нэг тулах цэг төдийгүй бодлогын хэмжээний маш чухал баримт бичиг болсон юм. Хэлэлцээрт тусгаснаар, 2025 он гэхэд Монгол Улс ДХБ-н өмнө авсан бүх үүрэг амлалтаа бүрэн хэрэгжүүлж дууссан байх шаардлагатай. Хэлэлцээр хэрэгжсэнээр, ажлын байр илүү нэмэгдэх, импортын бараа бүтээгдэхүүн илүү хямд өртөгтэй болох, хэрэглэж байгаа бүтээгдэхүүн бараа стандарт шаардлага хангасан, эрүүл аюулгүй, хүн бүр хүссэнээ үйлдвэрлэж түүнийгээ олон улсын зах зээл рүү эрх чөлөөтэй экспортлох гэх зэргээр монгол хүн бүр энэ гэрээ хэлэлцээрийн үр ашиг хүртэх боломж харагдаж байгаа юм.

 

Худалдааг Хөнгөвчлөх, энэ юу гэсэн үг вэ? Энэ бол бараа бүтээгдэхүүн улсын хил гаалиар орж гарах гадаад худалдааны урсгалыг техникийн болон горим журмын хувьд илүү хялбарчлах, илүү жигдрүүлэх онцгой цогц арга хэмжээ юм.

Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг Монгол Улс соёрхон баталсны дөрөв дэх жилийн босгон дээр Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Монголын Худалдааг Дэмжих Төсөл (ТРАМ) олон нийт, шийдвэр гаргагчид болон худалдаа эрхлэгчдэд зориулан, ДХБ-н худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр гэж юу вэ, бид эндээс чухам ямар үр ашиг  хүртэх юм бэ, яагаад Монгол Улс худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлэх хэрэгтэй юм бэ гэх зэрэг эл хэлэлцээрийн талаархи ойлголт мэдлэг мэдээллийг  нэмэгдүүлэх, танин мэдүүлэх зорилготой цуврал мультимедиа зорилтот контентыг бэлтгэн хүргэж байгаа юм.

ТРАМ төслөөс санаачлан хэрэгжүүлж байгаа “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр-Монголд” медиа нөлөөллийн ажлыг худалдаа эрхлэгчдийг төлөөлөн хэн гэдэг эрхэмээс эхэлбэл тохиромжтой мэт таньд санагдаж байна вэ?

Хараат бус сэтгүүлч Дэмчигийн Оюунчимэг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч, Отгондаваагийн Амартүвшинтэй хийсэн “Нэгийг харьцах Нэг” ярилцлага анх удаа ikon.mn сайтад нийтлэгдэж байна.

Та бүхэн ярилцлага уншсаны дараа санал бодлоо коммент бичих хэсэгт үлдээж болно.

Мөн энэ линк дээр дарж, ярилцлаганы видео хувилбарыг үзэх боломжтой. Түүнчлэн худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр гэж ер нь юу гэсэн ойлголт вэ, хэлэлцээрийн хэрэгжилт Монголд хэр  байгаа зэрэгтэй холбоотой бусад мэдээ мэдээлэлтэй танилцаарай.

-Дэмчигийн Оюунчимэг: Дэлхийн Худалдааны Байгууллагын (ДХБ) худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр гэдгийг та маш энгийнээр уншигчдад юу гэж тайлбарлах вэ?

-Отгондаваагийн Амартүвшин: Дэлхийн Худалдааны Байгууллагын гишүүн орноор Монгол Улс 20 гаруй жилийн өмнө элсэн орсон. Өмнөх парламент ДХБ-ын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг  соёрхон баталсан. 

Энэ нь, дэлхийн улс орнууд хоорондоо худалдаагаа шударга болгох үндсэн агууллагатай хэлэлцээр. Дэлхийн 200 гаруй улс орон бие биетэйгээ эдийн засгийн гол үзүүлэлт болсон худалдааг хэрхэн яаж хурдан шуурхай хийж байна вэ гэсэн үзүүлэлт юм.

Өнгөрсөн 2019 онд та бүхэн санаж байгаа бол, Дэлхийн Банк группын бизнес эрхлэх үеийн индексээр Монгол Улс нэлээд доогуур орсон. Ялангуяа энэ үзүүлэлтээр 143-р байрт байгаа шүү дээ.

Тэгэхээр монголын компаниуд бүтээгдэхүүнээ экспортлох, гаднаас бүтээгдэхүүн импортлоход манай хил гааль, мэргэжлийн хяналтын асуудал нилээд чирэгдэлтэй байдаг юм байна. Цаг хугацаа их ордог юм байна. Хүнд суртал, авилга гэдэг асуудал их байдаг юм байна.  Мөн Монгол Улс өөрөө Орос Хятад хоёр улсын дунд оршдог учраас маш том транзит тээврийн логистик. Атал  энэ боломжоо  бид бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа гэх мэтчилэн сул тал их байна. Үүнийг л бид, бусад улс оронтой нэг ижил түвшинд болгох, өөрсдөө ч бас нэгдэж орсон худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрээ дагаж мөрдөх зэрэг олон үүрэг, амлалт хүлээж авсан байгаа.

-Дэмчигийн Оюунчимэг: Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлсэнээр, тэр тусмаа, бүрэн  хэрэгжүүлснээр бизнест ямар үр ашигтай вэ?

-Отгондаваагийн Амартүвшин: Хамгийн гол үр ашиг бол бусад улс оронтой өрсөлдөхөд шударга, нэг ижил түвшинд хүрэх.Үүний цаана олон зүйл байгаа. Жишээлбэл, бүтээгдэхүүнээ экспортлох, импортлохтой холбоотой асуудал бид ярина. Мөн транзит тээвэртэй холбоотой асуудал бас орно.

Өнөөдөр маш том хүндрэлүүд байгааг та мэднэ шүү дээ. Хятад улс руу гарахад дамжин тээвэр хийх, тарифын, тарифын бус нөхцөл гэж бий. Үүнийг бид жигдлэх, нэг горимд оруулах  үүргийг дэлхийн бусад улс орны өмнө хүлээсэн байгаа.

Түүнчлэн, хил хяналтын болон гаалийн байгууллагын мэдээлэл түргэн шуурхай болно. Өнөөдөр жишээ нь, бүтээгдэхүүнээ Япон руу экспортлоё, гаднаас импортлоё гэхэд бүх төрлийн хяналт шалгалтын байгууллага маш олон дээж авдаг.

Маш их хугацаа ордог. Мөн хоорондоо уялдаа холбоогүй. Энэ бүгдийг л сайжруулъя гэдэг зорилгоор Худалдааг Хөнгөвчлөх Үндэсний Хороог байгуулаад МҮХАҮТ нэг төлөөлөл нь болоод ажиллаж байна.

Хил нэвтрэх дундаж хугацаа гэж байдаг юм. Манай улсын хувьд, Дэлхийн Банкны судалгаагаар 160 гаруй цаг зарцуулдаг гэсэн тооцоо байдаг. Энэ бол асар удаан байна аа гэсэн үг.

Хил нэвтрэх дундаж хугацаа гэж байдаг юм. Манай улсын хувьд, Дэлхийн Банкны судалгаагаар 160 гаруй цаг зарцуулдаг гэсэн тооцоо байдаг. Энэ бол асар удаан байна аа гэсэн үг.

Мөн Оросын Холбооны Улсаас дамжин тээвэр өнгөрүүлэхэд  түвэгтэй асуудал бас их.  Монгол Улсаар дамжин тээвэр өнгөрөхөд  бичиг цаас шаардана, зарим нөхцөлд цаг хугацаа алдах гэх мэт саад тотгор маш их.

Тэгэхээр худалдааг хэн хаана, хамгийн хурдан, богино хугацаанд хийж байна, төдийчинээ иргэд, бизнест илүү ашигтай, илүү боломж олгоно гэсэн үг.

-Дэмчигийн Оюунчимэг: Ковид-19 улмаас эдийн засаг онцгой  өөрчлөлттэй, нэмээд ирэх жил улсын төсвөөс ЖДҮ эрхлэгчдэд ганц ч төгрөг төсөвлөгдөөгүй байгаа эгзэгтэй энэ үед худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлсэнээр ялангуяа ЖДҮ эрхлэгчдэд ямар үр өгөөжтэй байх вэ?

-Отгондаваагийн Амартүвшин: Энэ худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдсэнээр, импортын хувьд харьцангуй бага цаг хугацаа шаардаж байгаа. Дээрээс нь бүтээгдэхүүн дээжлэх, мэргэжлийн хяналтын байгууллагатай холбоотой маш олон санал гомдол байдаг.

Үүнийг бид, Худалдааг Хөнгөвчлөх Үндэсний Хороогоор дамжуулаад нэг цэгийн үйлчилгээ  рүү нэн даруй нэвтрэх ёстой гэж яриад нилээд хугацаа өнгөрч байна. Энд гааль, мэргэжлийн хяналт, аж ахуйн нэгжүүдийг төлөөлж танхим оролцдог.

Нэг цонхны үйлчилгээнд нэвтэрсэнээр, ЖДҮ эрхлэгчдийн хувьд цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэсэн маш чухал алхам болно. Экспортод гарч байгаа бүтээгдэхүүн дээр  худалдааг  хөнгөвчлөхийн тулд тарифын бус саадууд маш их байдаг.

Тэгэхээр энэ тарифын бус саадуудыг Дэлхийн Худалдааны Байгууллагын гишүүн орны хувьд, бид гомдол санал гаргах, жигдрүүлэх, ижил түвшинд аваачих, шударга өрсөлдөөн бий болгоход анхаарч ажиллах  нөхцөл байдал бүрдээд байгаа юм.

Яг одоогийн байдлаар хил гааль томоохон компанид хялбар, шуурхай байдаг байх. Зөвхөн том компани гэлтгүй нийтэд ижил тэгш үйлчлэх,олон газар очоод байхгүй, нэг цэгээс, нэг дороос бүх материалаа бүрдүүлдэг, магадгүй цаашдаа цахим болгох хэрэгцээ шаардлага ч бидэнд тулж ирнэ.

Өнөөдөр Улаанбаатар хотын ачааллыг бодоод үзсэн ч, хэд хэдэн байгууллагаас очиж зөвшөөрлөө авах, бүтээгдэхүүнээ дээжлүүлэх зэрэг хүндрэл гардаг бол үүнийг дээр миний хэлсэнчлэн, нэг цэгийн үйлчилгээгээр зохицуулахад тун зохимжтой. 

Ер нь худалдаанд хугацаа  бага байх тусмаа л эргэлт ихэснэ.Тэгж байж бусад зардал буурна шүү дээ. Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдэн орсоноор, судалгаанаас үзэхэд, импорт болон экспортын аливаа зардал 13 орчим хувиар буурна гэж байгаа.

Энэ өгөөж буцаад бизнес. эрхлэгчдэд  хэмнэлт болж очно. Ер нь Гүржийн туршлага их ярьдаг шүү дээ бид. Тээврийн машин хоёроос гурван долоо хоногийн хугацаанд хил нэвтэрдэг байсан бол өнөөдөр хоёр цагийн дотор нэвтэрч байгаа.

Бүх үйл ажиллагаа нь бүрэн цахимжсан. Бид өнөөдөр  үүнийг л хийхийг зорьж байна, Өгөөжийг нь маш олон жижиг дунд үйлдвэрлэгчид хүртэнэ.

-Дэмчигийн Оюунчимэг: Монгол улс маш олон конвенцид нэгдэн орсон улс. Бид энэ хэрээрээ худалдааг хэрхэн хөнгөвчилж, хялбаршуулж чадаж байгаа бол?  

-Отгондаваагийн Амартүвшин: Үүнийг  судалгаа л өөрөө илэрхийлнэ шүү дээ. Бид  хил давах худалдааны үзүүлэлтээр өнөөдөр дэлхийн 200 гаруй улс орноос 143-д байна. Маш сул байна л гэсэн үг. Бид эдгээр гэрээ хэлцэлийнхээ дагуу дүрэм журмаа нийцүүлж ажиллаж чадахгүй байна.

143  гэдэг бол хил гааль, мэргэжлийн хяналтын ч юм уу,  эрх бүхий  төрийн байгууллагуудын ачаалал их байна, эсвэл хүнд суртал их байна, аль эсвэл үйл ажиллагаа нь хэн нэг хүнээс маш хамааралтай байгааг харуулж байна.

Тухайн цэг дээр ажиллаж байгаа  нэг байцаагчаас ч юм уу. Тийм учраас энэ бүгдийг шийдэх хамгийн шуурхай шийдэл бол ерөөсөө цахимжуулах асуудал. Мэдээллийг бүрэн цахимжуулах. Иргэн өөрөө мэдүүлгээ цахимаар бөглөдөг болно гэсэн үг.

Түүнийг нь эрх бүхий бүх байгууллагууд нэг дор татаж харах боломж бүрдэнэ. Шийдлийг нь цахимаар мэдээлнэ. Тэгэхээр, бид улс орнуудын стандартыг хүлээн зөвшөөрөх, маш олон зүйлийг  үйл ажиллагаандаа шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай болж байгаа юм.

Өнгөрсөн онд Олон Улсын Санхүүжилтийн Корпорациас хил давах үзүүлэлтээр хэтэрхий их цаг зарж байна гэсэн судалгаа бий. Импортоос экспорт нь 2 дахин их цаг хугацаа зарж байна гэж гарсан. Ерөнхийдөө Алтанбулагаар орж ирэх, Замын Үүдээр орж ирэх хугацааг тус тусад нь хэмжсэн байгаа шүү дээ. Дунджаар гурван өдөр хагас гэсэн үзүүлэлт байсан. Энэ бол худалдаанд их хугацаа.

Энэ бүхний  уялдааг сайжруулахын тулд хүссэн хүсээгүй цахимжилтыг нэвтрүүлэх, давхардалт давхацлыг арилгах ёстой. Энэ бүгдийг шийдэж чадах юм бол хүнд суртал буурна. Хүнд суртал буурна гэдэг чинь  нэвтрэх хурд сайжирна гэсэн үг. Нэмээд хэлэхэд, яг энэ цаг үетэй зэрэгцэж, гол гол боомтын хүчин чадал сайжруулах, цахимжуулах олон олон шийдлүүд  хийгдэж байгааг дуулгая. Тэгэхээр хамгийн ойрын үед, монгол төрийн зорилго бол худалдааг бүх талаар асар их дэмжих ёстой.

Тэгж байж гэмээнэ, эдийн засгийн эргэлт сайжирна. Бодлогын дорвитой хэд хэдэн асуудлыг эхлүүлээд явж байгаа.

-Дэмчигийн ОюунчимэгХудалдааг хөнгөвчлөх хэлэлцээр бүрэн хэрэгжсэнээр ямар үр дагавар гарах бол?

-Отгондаваагийн Амартүвшин: Яг өнөөдрийн нөхцөл байдал хэнд, ямар  ашигтай байгаа вэ? гэдэг асуултаас эхлэх байх. Зарим нэг, "зарим" гэж онцолж хэлэхийг хүсэж байна. Төрийн албан хаагчийн хүнд суртал,  магадгүй ашиг сонирхолтой албан хаагчийн хувьд "МУУ" үр дагавартай байж магад.

Хоёрдугаарт, нөгөө л  авилга.  Цаг хугацааг түргэсгэхийн тулд ашиг сонирхол үүсч байгаа зөрчил байхгүй болно. Мэдээж, брокерын зууч хийж байгаа байгууллагын хувьд орлого буурах эрсдэл бий болно гэж харж байна.

Гэхдээ цөөн нэвтрэлтээс ашиг олох биш, худалдааг хөнгөвчилснөөр зардал мөнгө буурна, илүү эргэлт сайжирна гэдэг чинь үйлдэл, давтамж ихэснэ гэсэн үг шүү дээ.

Том зургаар харах юм бол давтамж ихэснэ гэдэг чинь тухайн аж ахуйн нэгжийн орлого нэмэгдэнэ. Ер нь манай эдийн засаг маш жижигхэн. 13 орчим тэрбум доллар. Бид бол үндсэндээ худалдаа зонхилсон улс. Цаашдаа суурь эдийн засгийн бүтцээ зөв болгоод, худалдааг илүү хөнгөвчлөх, тэр дундаа Европ Азийг холбосон төв логистикийн зангилаа болж хувирах нь хамгийн чухал. Бид Монголыг бүрэн нэвтрэх хугацааг хэд дахин бууруулж чадна нэвтрэлт сайжирна.Энэ өөрөө сая таны хэлсэнчлэн, бүх  талд  өгөөжөө өгч чадна. Би тэгэхээр эндээс, ялангуяа ардчилсан худалдааны либералчлалаас ямар нэгэн сул талыг олж харахгүй байгаа юм.

-Дэмчигийн Оюунчимэг: ДХБ-н Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдээд 3 жил болж байна. Биелэлт 25% байгаа. 2025 он гэхэд Монгол Улсын засгийн газар ДХБ-д өгсөн үүрэг амлалтаа 100 % биелүүлсэн байх ёстой. Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн биелэлтийг тодорхой түвшинд ахиулахад  МҮХАҮТ хэрхэн тусалж чадах вэ? 

-Отгондаваагийн Амартүвшин: Ер нь энд нэг зүйлийг хэлэхийг хүсэж байна. Худалдаа эдийн засгийг дагнасан яам улс оронд зайлшгүй байх ёстой. Өнөөдөр дэлхийн 200 гаруй улс орноос 10 гаруй нь л ийм яамгүй. Манайд худалдааны бодлого хоёр гурван яам дамнасан, хуваагдсан нөхцөл байдалтай байна шүү дээ.

Дээр нь бид арилжааны хуульгүй явж байгаа цөөхөн улсын нэг. Нэгэнт нөхцөл байдлын хувьд ийм байгаа үед аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, бодлогын өмгөөлөл үзүүлэх, зохион байгуулахын тулд бид төр засгийг илүү шахах ёстой. 

2025 он гэхэд бид энэ хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлсэн байх ёстой. Өмнөх засгийн үед хамтын ажиллагаа өндөр түвшинд байсан. Нэг цэгийн үйлчилгээ, цахимжуулах ажил дээр идэвхитэй ажиллаад явж байна. 

Сонгууль, сонгуулийн дараах засгийн газрын бүрэлдхүүн арга барилаа олоод гурав дөрвөн  сар өнгөрч байна. Энэ асуудлыг шаардаж ажиллах, шахаж ажиллах гол чиг үүрэг танхим дээр төвлөрч байна.  

Нэгэнт бид  олон улсын  хэлэлцээрт орсоны хувьд зайлшгүй биелүүлэх үүрэгтэй. Тэгж байж бид бусад эрх үүргээ шаардах боломж үүснэ. Өнөөдөр биелэлт 25% гэдэг бол хангалтгүй. Ажлууд явж байгаа. Гэвч удаан байна.

Гааль дээр уртаас урт дараалал хүлээж, дуусашгүй их бичиг цаас бүрдүүлэгтээ баяртай гэж хэлээрэй! Харин Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээр та тавтай морилно уу!

-Дэмчигийн Оюунчимэг: Тэгвэл МҮХАҮТ гишүүн байгууллагууд ямар хувь нэмэр оруулаасай гэж харж байна?

-Отгондаваагийн Амартүвшин: Ер нь худалдаа гэдэг чинь ганцхан  танхимын гишүүн байгууллага гэлтгүй нийт бизнес эрхлэгчдэд шууд хамаарах ойлголт. Бид худалдааг хөнгөвчлөхтэй холбоотой бүх мэдээллээ танхимын вэбсайт дээр байрлуулсан байгаа. Хил гааль дээр гарсан ямар нэгэн санал гомдол, магадгүй төрийн байгууллагуудын хүнд суртал, бусад зөрчигдсөн эрх ашгийг бидэнд шууд мэдээлбэл тун сайн.

Энэ мэдээллийг бид нэгтгээд, багцлаад зарчмын хувьд яаж зөв болгох вэ гэдэг дээр засаж залруулах боломж байна гэдэг дээр анхаарч ажиллана. Ийм санал гомдол, хүсэлтээ танхимын вэбээр дамжуулаад бидэнтэй шууд хамтран ажиллаасай гэж хүсэж байна. Танхим зөвхөн гишүүн гэлтгүй монголын бүх бизнес байгууллагад  нээлттэй.           

Бид хамтдаа үүнийг даван туулна. Компаниуд хил дээр гарч байгаа процессыг ганцаараа шийдэх гэж оролдох нь буруу. Мэргэжлийн байгууллагадаа  хандах нь системээр нь асуудлыг харж, засч чадна. Ингэх юм бол үр өгөөж нь бүгдэд жигд, шударга, ардчилсан ил тод байх боломжийг бүрдүүлэх учиртай.

-Дэмчигийн Оюунчимэг: Монгол Улс худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлж байгаа бусад орны жишгээр Худалдааг Хөнгөвчлөх Үндэсний Хороог байгуулсан. Танайх нэг гишүүн байгууллага нь. Хороогоор дамжуулж, худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг дэмжиж, түргэсгэхийн тулд бодлогын хувьд засгийн газарт ямөр зөвлөмж хүргүүлэх вэ?

Үнэхээр магадгүй, төрийн байгууллагын ачаалал цаг зав нь болохгүй байгаа бол Танхим үүнийг өөрөө санаачлаад эхлүүлэх, олон зүйлийг ярьж байна. Худалдааг хөнгөвчлөх Европын Холбооны ТРАМ төсөл гэж байгаа.

-Отгондаваагийн Амартүвшин: Үндсэндээ, Гадаад Хэргийн сайдаар ахлуулсан Үндэсний Хороо гэж байгаа. Мэргэжлийн Хяналтын Газар, Гааль, аж ахуйн нэгж, хувийн хэвшлээ төлөөлж Танхим ордог. Одоо хийгдэх гээд хүлээгдэж байгаа цахим платформууд байгаа. Үүнийг яаралтай ашиглалтанд оруулая. Яаралтай ашиглалтанд орсноор төвлөрлүүд бүгд нэг цэг дээр ирнэ.Энэ ажлыг бид урагшлуулахыг байнга,  идэвхитэй сануулж, шаардаж ажиллаж байна. Иймд Үндэсний Хороог яаралтай хуралдуулах хэрэгтэй. Одоо бол бид ахин дахин яриад байх шаардлагагүй. Танилцах шаардлагагүй. Цаг хугацаа бага байна.Эхэлсэн ажлуудаа яаралтай дуусгая. 

Үнэхээр магадгүй, төрийн байгууллагын ачаалал цаг зав нь болохгүй байгаа бол Танхим үүнийг өөрөө санаачлаад эхлүүлэх, олон зүйлийг ярьж байна. Худалдааг хөнгөвчлөх Европын Холбооны ТРАМ төсөл гэж байгаа. Бид энэ төсөл дээр хил гаалийн ачааллыг бууруулах, гаалийн ерөнхий системийг нэвтрүүлэх гээд олон ажил дээр санаачлагатай ажиллаж байгаа. Танхим үүнийг өөр дээрээ авснаар бид хувийн хэвшилдээ үйлчилгээ үзүүлдэг байгууллага учраас ямар нэгэн хүнд суртал, үл ойлголцол үүсэхгүй. Ажил урагшилна.

Энэ бүгдийг л одоо төр засагт сануулах, яаралтай  ажиллуулахын тулд магадгүй зарим чиг үүргийг Танхим авч ажиллах санал санаачлага байнга гаргасаар байгаа.


Энэ ярилцлага нь, ”ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр--Монголд" медиа нөлөөллийн ажлын нэг хэсэг болно. Медиа нөлөөллийн ажлыг Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Монголын Худалдааг Дэмжих Төсөл (ТРАМ)  ивээн тэтгэв. ТРАМ төслийн үндсэн зорилго нь уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжихэд  хувь нэмрээ оруулахад оршино. Төслийг  Монголын Гадаад Харилцааны Яам болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран хэрэгжүүлж байна. Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээрийн талаар илүү их мэдээлэл хүсвэл энд дарж үзнэ үү. 

Мульти-- медиа нөлөөллийн ажлын загвар зохиож, хэрэгжүүлэгч Maxima Media www.maxima.mn

Сүүлд нэмэгдсэн мэдээ
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2024/04/26
С.Баясгалан: Та орлогоо нэмэгдүүлье, илүүг суръя гэдэг хандлагагүй бол бусад нь хичээгээд ч нэмэргүй
С.Баясгалан: Та орлогоо нэмэгдүүлье, илүүг суръя гэдэг хандлагагүй бол бусад нь хичээгээд ч нэмэргүй
2024/04/26
“Монголын хөдөө аж ахуйн салбар дахь экспорт, хөрөнгө оруулалтын боломжууд” вебинар болно
“Монголын хөдөө аж ахуйн салбар дахь экспорт, хөрөнгө оруулалтын боломжууд” вебинар болно
2024/04/26
Рио Тинто Группийн төлөөлөгчид МҮХАҮТ-д зочиллоо
Рио Тинто Группийн төлөөлөгчид МҮХАҮТ-д зочиллоо
2024/04/26
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА
2024/04/25
Монгол-Австрийн форумаар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол-Австрийн форумаар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/04/25
Монгол-Вьетнамын бизнес уулзалт боллоо
Монгол-Вьетнамын бизнес уулзалт боллоо
2024/04/24
Монгол – Австрийн бизнес форум болно
Монгол – Австрийн бизнес форум болно
2024/04/23
“Бизнесийн ёс зүй, компанийн нийгмийн хариуцлага
“Бизнесийн ёс зүй, компанийн нийгмийн хариуцлага" сэдвээр бизнес семинар, хүний нөөцийн ярилцлагыг зохион байгуулахаар боллоо
2024/04/22
Хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/04/22
МҮХАҮТ, МОНГОЛЫН САВ БАГЛАА БООДОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН  НЭГДСЭН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО
МҮХАҮТ, МОНГОЛЫН САВ БАГЛАА БООДОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН НЭГДСЭН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО
2024/04/22
Газар тариалан, ган төмөрлөг, эмийн ургамлын чиглэлээр Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахыг хүслээ
Газар тариалан, ган төмөрлөг, эмийн ургамлын чиглэлээр Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахыг хүслээ
2024/04/22
“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх нь” уулзалт боллоо
“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх нь” уулзалт боллоо
2024/04/22
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2024/04/19
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
2024/04/18
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
2024/04/18
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
2024/04/17
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
2024/04/16
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2024/04/15
Залуу энтрепренерүүдийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо
Залуу энтрепренерүүдийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо
2024/04/15