МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин Япон улсын СЭНКО Групп Холдингийн Ерөнхийлөгч Ясуиса Фукудаг, төлөөлөгчдийн хамт хүлээн авч уулзлаа.
СЭНКО Групп Холдинг нь 107 жилийн түүхтэй, 65 гаруй мянган ажилтантай логистик, худалдаа, нийгмийн халамж, бизнес дэмжих, үйлдвэрлэл зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг компани юм. Тэд Монголд бизнес эхлүүлэх, хамтын ажиллагааг өрнүүлэх хүсэлтэйгээр удирдлагын түвшний төлөөллийн хамт хүрэлцэн ирсэн гэдгээ уулзалтын үеэр илэрхийллээ.
Япон улсын Сенко Групп Холдингийн Ерөнхийлөгч Ясуиса Фукуда найман жилийн өмнө Монголд айлчилж байсан бөгөөд Монгол чацаргана сонирхлыг нь их татаж, үүгээр эрүүл мэндэд ашиг тустай нэмэлт бүтэгдэхүүн компанидаа үйлдвэрлэдгээ дурдаад цаашид Монголын ноолуурыг Японд гаргах хүсэлтэй байгаагаа хэлсэн.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин “Монгол Улс нь ОХУ, БНХАУ гэсэн хоёр том эдийн засагтай хөршилдөг. Уул уурхайн бүтэгдэхүүн, сэргээгдэх эрчим хүч тэр дундаа нарны болон салхины эх үүсврийн нөөц ихтэй. Түүнчлэн эрс тэс уур амсгалтай тул Монголд ургадаг ургамалуудыг эмийн чиглэлээр ихээхэн ашиглагддаг” хэмээгээд Монгол Улс нөөц, бололцоо ихтэй улс гэдгийг онцоллоо.
Мөн тус уулзалтаар Япон улстай хамтарч ажиллах боломжит салбаруудыг хэлэлцэн хэрхэн экспорт, импортыг нэмэгдүүлэх тал дээр санал солилцож, цаашид хамтын ажиллагааг өрнүүлэхээр боллоо.