(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдаж буй хамгийн том бэрхшээл бол санхүүжилт, барьцаа хөрөнгө, зээлийн өндөр хүү, зээлийн хугацаатай холбоотой асуудал юм

2022/08/28 0

МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан: Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдаж буй хамгийн том бэрхшээл бол санхүүжилт, барьцаа хөрөнгө, зээлийн өндөр хүү, зээлийн хугацаатай холбоотой асуудал юм

Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн санал боловсруулж, холбогдох талуудад зөвлөмж хүргүүлэх зорилготой "Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь" үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо (IWFCI Mongolia), Азийн сан хамтран 2022 оны 8 дугаар сарын 29 буюу өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна. "Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь" үндэсний чуулганыг нээж МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ. Нээлтийн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд нар, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, өнөөдрийн энэхүү чуулганд нийслэл хот, 21 аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг төлөөлөн оролцож буй нийт оролцогчид та бүхэнд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын нийт гишүүдийн нэрийн өмнөөс энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилж байна.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин эдгээр өдрүүдэд АНУ-д албан томилолттой байх тул миний бие түүний өмнөөс өнөөдрийн энэхүү чуулганд мэндчилгээ дэвшүүлэх хүндтэй үүргийг хүлээж авсан билээ.

Ингээд Юуны өмнө бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, тэдгээрт тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, шийдвэрлэх арга зам, гарц, шийдлийг олон талын оролцоотой эрэлхийлэх, цаашид эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх асуудлыг чухлаар авч үзэж, өнөөдрийн энэхүү чуулганыг өөрийн ивээл дор зохион байгуулах боломжийг олгосон Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх таньд нийт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийнхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын зүгээс энэхүү үндэсний чуулганыг угтаж энэ оны 5 дугаар сард бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус, олон улсын нийт 30 гаруй байгууллагын 150 орчим төлөөллийг оролцуулсан “Эмэгтэйчүүд ба бизнес эрхлэлт” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан билээ.

Тус зөвлөлдөх уулзалтаас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дунд гол тулгамдаж буй дараах асуудлыг тодорхойлсон юм. Үүний Нэгдүгээрт, Хууль, эрх зүй, төсөв, татварын, Хоёрдугаарт, Санхүүжилтийн, Гуравдугаарт, Хөдөлмөр эрхлэлт, хүний нөөцийн, Дөрөвдүгээрт, Цахим хөгжил, мэдээлэл технологийн, Тавдугаарт, Дотоодын болон олон улсын төсөл хөтөлбөрийн, Зургаадугаарт, Эдийн засгийн оролцооны гэсэн нийтлэг 6 орчны орчны хүрээнд шийдвэрлэх шаардлагатай гэсэн үр дүн гарсан. Том, жижиг дунд, бичил, өрхийн бизнес тус бүрт, мөн бизнес эрхлэгчдийн маань газарзүйн байрлалаас шалтгаалан тулгамдаж буй асуудлууд нь харилцан адилгүй гэдгийг мөн бид ойлгох учиртай.

Тэгэхээр өнөөдрийн энэхүү үндэсний чуулган өмнөх зөвлөлдөх уулзалтын болон түүнээс хойш 4 сар орчим ажилласан ажлын хэсгийн хамтын ажиллагааны үр дүнд зохион байгуулж байгаа гэдгийг Та бүхэнд дуулгахад таатай байна.

НҮБ-аас дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг 2030 онд хангах, тэр дундаа өнөөдрөөс илүү хүртээмжтэй, ногоон эдийн засгийг цогцлоох, өнөөдрөөс илүү ээлтэй, хариуцлагатай нийгмийг бүтээхийн төлөө улс орнууд, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд дор бүрнээ үйл ажиллагаагаа чиглүүлэн хамтран ажиллаж байна. Тогтвортой хөгжлийн зорилтын 5-д “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах”, 8-д “Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгох”, 10-т “Тэгш бус байдлыг бууруулах” зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн нь өнөөдрийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх зорилтуудтай ихээхэн нийцэж буй юм.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр эрх зүйн орчин бүрдэж, хуулийн хэрэгжилтийг хангуулах байнгын ажиллагаатай Үндэсний хороотой болсон хэдий ч өнөөдөр Монгол Улсад хүйсээр ялгасан статистик тооцох тогтолцоо бүрдээгүй, тоон мэдээлэл, судалгаа дутмаг, тэр дундаа эдийн засаг дахь хүйсийн тэгш байдлыг хангах ажлын үр дүн сул хэвээр байна.

Үндэсний статистикийн хорооны 2021 оны аж ахуйн нэгжийн тооллогын дүнг авч үзвэл, бүртгэлтэй 147 мянга гаруй ААН-ээс 92.5 мянга буюу 63 орчим хувь нь эрэгтэй, 54 мянга буюу 37 хувь нь эмэгтэй удирдах ажилтантай, эмэгтэй удирдлагатай аж ахуйн нэгжүүдийн 44 орчим хувь нь худалдааны салбарт, 9 хувь нь боловсруулах үйлдвэрлэл, 13 хувь нь мэргэжлийн шинжлэх ухаан болон эрүүл мэндийн салбаруудад ажиллаж буй үзүүлэлттэй байна.

Олон улсад, 2021 оны Fortune 500 жагсаалтад багтдаг компаниудын 8% буюу 41 компани эмэгтэй гүйцэтгэх захиралтай байгаа бол Монгол Улсын хувьд Топ 100 аж ахуйн нэгжийн 24 нь эмэгтэй удирдлагатай байна.

Харин, ЖДҮ-ийн хувьд эмэгтэй удирдлагын тоо харьцангуй өндөр буюу 68 хувь, үүнээс нийт эмэгтэй удирдлагатай аж ахуйн нэгжүүдийн 87 хувь нь 10 хүртэл ажилтантай бичил бизнесүүд байна. Хувиараа бизнес эрхлэгч 199 мянган иргэн байгаагаас 42 хувь буюу 84 мянга нь эмэгтэйчүүд харин нийтийн хоол, худалдаа, үйлчилгээ, санхүү, боловсрол, эрүүл мэндийн салбарт албан бус хөдөлмөр эрхлэгчдийн 72 хувь нь эмэгтэйчүүд байна.

Цар тахлын үед төрийн зүгээс авч хэрэгжүүлсэн татварын хөнгөлөлт, мөнгөн тусламжтай холбогдох дэмжлэг туслалцааг жижиг болон бичил, албан бус бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хүртэж чадаагүй. Харин цар тахлын нөлөөг бууруулах, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, уур болон халаалтын хэрэглээний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тэглэх арга хэмжээ нь бүх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд бодит дэмжлэг болжээ.

ЖДҮ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийн зээлийн нийт үлдэгдлийн 36 хувь буюу 2 их наяд төгрөгийн зээл нь эмэгтэйчүүдэд ногдож, зээл олголтын хувьд 3 зээлдэгч тутмын нэг нь эмэгтэй бизнес эрхлэгч байна. Нэг зээлдэгчдэд ногдох зээлийн дундаж хэмжээ эрэгтэйчүүд 96 сая төгрөг бол эмэгтэйчүүдийнх 54 сая төгрөг байна. Нэг эмэгтэй бизнес эрхлэгч эрчүүдээс дунджаар 43 хувиар бага зээл авч байгаа буюу зээлийн эргэн төлөлт дээр эмэгтэйчүүд илүү хариуцлагатай хандаж буй дүр зураг банк санхүүгийн байгууллагуудаас хийсэн судалгааны үр дүнд гарсан байдаг.

Эмэгтэй бизнес эрхлэгчийн зан төлөвийн талаар хийсэн Харвардын Бизнесийн сургууль, Канзасын их сургуулийн судалгаанаас үзэхэд эмэгтэйчүүд илүү инновацилаг бизнес эхлүүлдэг, эмэгтэй захирлууд ёс зүй, хүндэтгэлтэй холбогдох үнэт зүйлст тулгуурлан үр дүнд чиглэсэн манлайлах хандлагатай байдаг гэжээ. Түүнчлэн эмэгтэй захиралтай компаниудад ашигт ажиллагаа өндөр, ажил хаялт бага байдаг бөгөөд бизнест хүндрэл учирсан үед эмэгтэй захирлууд эрчүүдээс илүү даван гарах чадвар өндөр байдаг байна. Mckinsey&Company-ийн 12 орны 1000 орчим компанид хийсэн судалгаагаар дундаас дээш түвшний удирдлагын багтаа жендерийн тэгш байдлыг хангасан компани 21 хувиар илүү ашигтай ажиллаж буй эерэг үзүүлэлт гарчээ.

МҮХАҮТ-ын “Бизнес итгэлийн индекс” судалгааны үр дүнгээс авч үзвэл эмэгтэй бизнес эрхлэгчид эрчүүдээс илүү өөдрөгөөр бизнесээ төлөвлөж ажилладаг, илүү урт бизнесийн насжилттай байдаг гэсэн эерэг үр дүнгүүд гарсаар байна.

Гэтэл, Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдаж буй хамгийн том бэрхшээл бол санхүүжилт, тэр дундаа барьцаа хөрөнгө, зээлийн өндөр хүү, зээлийн хугацаа зэрэг асуудлууд билээ. ҮСХ-оос гаргасан мэдээллээс үзэхэд сууц өмчлөлөөр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс хоёр дахин, хувийн аж ахуйн газрын хувьд 3-6 дахин, бусад үл хөдлөх хөрөнгийн хувьд 1.5 дахин их байна. Мөн эмэгтэйчүүдийн хөлсгүй ажилд зарцуулж буй цаг нь эрэгтэйчүүдээс даруй 2 дахин их, мөн ижил үнэлэмжтэй ажилд эмэгтэйчүүдийн авч буй цалин эрчүүдийнхээс даруй 17 хувиар бага байна.

Монголын өнөөгийн эдийн засагт жендерийн тэгш байдал хангагдаагүй, эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо сул байгааг олон үзүүлэлтүүд бидэнд батлан харуулж буй хэдий ч нөгөөтэйгүүр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжсэнээр эдийн засаг өөрөө хурдтай тэлдэг, дагаад нийгэм дэх олон асуудлууд шийдвэрлэгддэг гэдгийг олон улсын мэргэжлийн байгууллагын судалгаанууд батлан харуулсаар байна.

Үүнээс үзэхэд эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлж, бизнесийн орчинг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд үндэсний онцлог бүхий суурь асуудлуудыг сайтар авч үзэж, эрхзүйн орчин, төсөв, санхүүгийн орчин, бодлого хөтөлбөр, санхүүжилтийн хөтөлбөр, бүтээгдэхүүнүүдэд сайтар зөв тогтолцоог бүрдүүлэх нь нэн чухал гэж үзэж байна.

Мөн зөвхөн төрийн хэрэгжүүлэх чиг үүргээс гадна төрийн бус байгууллагууд, олон улсын төсөл хөтөлбөрүүдийг зөв чиглүүлэх, уялдааг хангах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, түүнчлэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид маань өөрсдөө зүтгэлтэй, санаачилгатай ажиллах нь богино хугацаанд үр дүнд хүрэх гол гарц билээ.

Иймд Тогтвортой хөгжлийн 17 дахь буюу хамгийн чухал зорилт болох “Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх”- ийн төлөө хамтран ажиллахыг өнөөдрийн энэхүү чуулганд оролцсон бүх оролцогчид, тэр дундаа Монголын нийт бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ уриалж байна.

Төгсгөлд нь өнөөдрийн энэхүү чухал, цаг үеэ олсон, Монголын нийгэм, эдийн засаг дахь эмэгтэйчүүд бидний асуудлыг хөгжлийн дараагийн шатанд гаргах чуулганыг хамтран зохион байгуулж байгаа Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Олон улсын эмэгтэй бизнес эрхлэгчдийн танхим, Азийн сан болон бусад байгууллагуудад гүн талархал илэрхийлье.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
2024/05/03
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
2024/05/03
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/05/03
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
2024/05/03
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/05/02
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ,  ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
2024/05/02
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
2024/05/02
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/05/02
"Органик Монгол хөтөлбөр"-ийн 2024 онд олгох зээлийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ
2024/05/02