(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монголын олон улсын арбитрын шийдвэрийн түүвэрлэсэн эмхэтгэл 2012-2019


Ангилал: Хууль эрх зүй
3654
62

Хэрэглэгчээр заавал нэвтэрч уншина уу

  • Эрхлэн хэвлүүлсэн: МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр
    Хэвлэлд бэлтгэсэн: Н.Батдорж,  Б.Золзаяа,  Б.Сондор,  Б.Хатантуул
    Дизайнер: О.Гомбо-Эрдэнэ

    ӨМНӨХ ҮГ

    Тэртээ 1930 онд БНМАУ-ын Засгийн газраас Арбитрын дүрмийг баталснаар Монгол Улсад арбитрын эрх зүйн зохицуулалтын суурь тавигдаж, улмаар 1940 онд Сайд нарын Зөвлөлийн дэргэд Улсын арбитрын хэлтэс байгуулагдсанаар арбитрын байгууллагын тогтолцоо үүсэж хөгжсөн түүхтэй.

    1960 оны 7 дугаар сарын 02-ны өдөр тухайн үеийн Намын төв хороо болон Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор өнөөгийн МҮХАҮТ /хуучин нэрээр “Гадаад худалдааны танхим”/-ын дэргэд Монголын Олон Улсын Арбитр /хуучин нэрээр “Гадаад худалдааны арбитрт”/-ыг байгуулсан билээ. Монголын Олон Улсын Арбитр нь олон улсын болон дотоодын иргэн, аж ахуйн нэгжийн хооронд үүссэн маргаан шийдвэрлэх байнгын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна.

    Энэ жил Монгол Улсад Арбитрын байгууллага үүсэж хөгжсөний 90 жил, Монголын Олон Улсын Арбитр үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэхүү түүхэн баярыг тохиолдуулан Монголын Олон Улсын Арбитр нь шийдвэрлэсэн хэргүүдийн түүврийг энэхүү эмхэтгэлээрээ толилуулж байна.

    МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитраас арбитрын шийдвэрүүдийг түүвэрлэн эмхэтгэл болгон 2006, 2012 онуудад тус тус хэвлэн гаргаж байсан бөгөөд энэ удаагийн 3 дахь хэвлэлтэд 2012-2019 оны хугацаанд шийдвэрлэсэн хэргүүдээс түүвэрлэн, 48 хэргийн шийдвэрийг багтаасан болно. Эдгээр шийдвэрт арбитраар шийдвэрлэгддэг олон улсын болон дотоодын иргэн, байгууллага хоорондын худалдах, худалдан авах, хамтран ажиллах, зээлийн ажил гүйцэтгэх, орон сууцны захиалгын, болон түрээсийн гэрээнээс үүссэн маргааныг шийдвэрлэсэн шийдвэрүүд багтсан.

    Арбитрын маргаан шийдвэрлэх ажиллагаа нь хувь хүн болон хуулийн этгээдийн хооронд үүссэн арбитрын хэлэлцээр бүхий маргааныг талуудын тохиролцсон журмаар, Монгол Улсын Арбитрын тухай хууль болон Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрэм төдийгүй гэрээний талуудын сонгосон хууль, дүрэмд заасны дагуу шийдвэрлэх үйл явц юм. Арбитрын ажиллагаа нь талууд тохиролцсон тохиолдолд нээлттэй явуулахаар журам тогтоосноос бусад тохиолдолд хаалттай явагддаг учраас шүүхийн шийдвэрийн нэгэн адил арбитрын шийдвэрийг олон нийтэд зарлах боломжгүй тул ийнхүү арбитрын ажиллагаа нь нээлттэй явагдсан зарим хэргүүдийн талуудын мэдээллийг нууцлан гаргаж байна. Энэхүү шийдвэрийн эмхэтгэл нь маргаан шийдвэрлэх ажиллагаа, олон улсын арбитрын ажиллагааны талаар сонирхон судалдаг эрдэмтэн судлаач, оюутнуудын хувьд судалгааны өндөр ач холбогдолтой эх сурвалж болно гэж найдаж байна. Түүнчлэн бизнес эрхлэгчид, хуульчид, арбитрын ажиллагаанд мэргэшин ажилладаг өмгөөлөгчид, судлаач нарт арбитрын ажиллагааны талаар болон маргаан шийдвэрлэж буй практикийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болох чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

    Арбитрын ажиллагаа нь талуудын тохиролцоонд үндэслэн явагддаг бөгөөд талууд хэрэглэх эрх зүйгээ сонгох, эсвэл талуудын хооронд тогтсон практикийг хэрэглэн шударга ёсонд нийцүүлэн шийдвэр гаргах зэргээр арбитрын ажиллагааны журмыг харилцан тохиролцдог онцлогтой.

    Иймд бизнес эрхлэгч, оюутан, судлаач хэн бүхэнд энэхүү эмхэтгэлд багтсан арбитрын шийдвэрүүдээс арбитрын ажиллагааны зарим онцлог давуу талыг судлах боломж олгох юм. Эмхэтгэлийг хэвлэхэд туслалцаа үзүүлсэн “Европын холбооны Монголын худалдааг дэмжих төсөл ТРАМ”-д гүн талархал илэрхийлье.

    Монголын Олон Улсын Арбитрын дарга С.Энхцэцэг

Монголын олон улсын арбитрын шийдвэрийн түүвэрлэсэн эмхэтгэл 2012-2019
Бусад ном