Төрийн болон орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой уул уурхайн компанийн худалдан авах үйл ажиллагааны ил тод байдал
-
Байгалийн баялаг ихтэй улсуудад төрийн өмчит компаниар дамжуулан
эрдэс баялгийн томоохон ордуудыг ашиглах явдал түгээмэл байна. Тэдгээр
компанийн үйл ажиллагаа нь улс орны нийгэм, эдийн засагт бүхэлд
нь нөлөөлж байдаг онцлогтой. Тиймээс ажиллагааных нь үр ашгийг
нэмэгдүүлэхийн тулд уг компаниудад засаглал, ил тод байдлын хувьд
харьцангуй өндөр шаардлага тавигддаг. Ялангуяа худалдан авалтын ил тод
байдлыг хангах нь өндөр үнийн дүнтэй, их хэмжээний худалдан авалт хийдэг
төрийн өмчит компаниудыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх ач
холбогдолтой юм.Уул уурхайн салбар дахь төрийн өмчит компаниудыг хамруулсан уг
судалгаагаар худалдан авалтын ил тод байдлыг хангахтай холбоотой хууль
эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийж, түүний хэрэгжилтийг төрийн болон
орон нутгийн өмчит компаниудын төлөөлөл болсон 9 компанийн хувьд
үнэлж, олон улсын жишиг туршлагад үндэслэсэн дүгнэлт зөвлөмж өгчээ.
Манай улс эрх зүйн орчны хувьд харьцангуй сайн буюу төсвийн байгууллага,
төрийн өмчит хуулийн этгээдийн санхүүгийн мэдээллийг Шилэн данс болон
Худалдан авалтын цахим системээр дамжуулан нийтэд мэдээлж хэвшсэн нь
олон улсад ч үнэлэгдэх сайн туршлагад тооцогдож байна. Гагцхүү хуулийн
хэрэгжилт, түүнд тавих хяналт сул байгаа бөгөөд ялангуяа Шилэн дансны
хуулийн хэрэгжилтэд хамаарах хуулийн этгээдийн ангилал оновчтой бус
байгаагаас ил тод байдлын шаардлага компаниудад жигд үйлчлэхгүй
байгаа юм. Ялангуяа уул уурхайн салбарт онцгойлон анхаарах нэг асуудал
бол орон нутгийн өмчит уул уурхайн компаниудын худалдан авалт, түүний
ил тод байдалд тавих хяналтыг сайжруулах явдал.