(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол Улс дахь авлигын эсрэг шинэтгэл


Боловсруулж, эмхэтгэсэн: OECD
2019
3416
9

Хэрэглэгчээр заавал нэвтэрч уншина уу

  • Монгол Улсад жижиг хэмжээний авлига аажмаар буурч байгаа боловч ерөнхийдөө авлига түгээмэл байна. Авлигын эсрэг хуулиуд болон үйл ажиллагааны төлөвлөгөө муу хэрэгжиж байна. Авлигатай тэмцэх газар (АТГ) нь бодлогын зохицуулалт болон урьдчилан сэргийлэх ажлаа хэрэгжүүлсээр ирсэн ба зарим талаараа ахиц дэвшил гаргасан хэдий ч бие даасан байдал болон нөөцийн хувьд мөн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зайлшгүй шаардлагатай төрийн байгууллагуудын дэмжлэг туслалцаагаар дутагдаж байлаа. Ужиг шинжтэй болсон өндөр түвшний авлигыг арилгахын тулд Монгол Улс ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Тухайлбал, хэд хэдэн өндөр албан тушаалтнууд шүүхээр шийтгэгдсэний зэрэгцээ олон тооны эрүүгийн хэрэг дээр мөрдөн байцаалт явагдаж байна.

    Авлигатай тэмцэх бодлого Монгол Улс Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг АТГ-аас зохион байгуулсан оролцогч талуудын өргөн хүрээтэй санал зөвшилцлөөр баталсан. Эрх баригчдын хувьд эдгээр бодлогын бичиг баримтуудыг баталсан явдлыг Монгол Улс дахь авлигын эсрэг тэмцлийн гол амжилтуудын нэг гэж үздэг. Олон тооны байгууллагад тодорхой чиг үүрэг хүлээлгэж өгсөн нь сайшаалтай боловч цаг хугацааны үзүүлэлт болон гүйцэтгэл, үр дүнг нь тодорхой хэмжиж болохоор шалгуур үзүүлэлтүүд хангалтгүй байгаатай холбоотой сул талууд нь хэрэгжилтэд нь сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм. Тодорхой чиг үүрэг хүлээсэн байгууллагууд нь түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд зохих ёсны хүчин чармайлт гаргахын зэрэгцээ төрийн байгууллагуудын бие даасан үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэхийн тулд АТГ-тай бүрэн хэмжээгээр хамтран ажиллаж чадна гэдгээ бодит үйл хэргээр илтгэн харуулах ёстой. Түүнчлэн Засгийн газрын зүгээс сонирхогч талуудын санаа зовоосон асуудлуудыг шийдвэрлэхдээ иргэний нийгмийн байгууллагуудыг идэвхтэй, системтэйгээр оролцуулахыг дэмжих нь зүйтэй. Монгол Улс нь Үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөөнд нэр нь тусгагдсан байгууллагуудын үйл ажиллагааны гүйцэтгэлийг хянах зориулалт бүхий цахим тогтолцоог бий болгоход багагүй хүчин чармайлт гаргажээ. Ийнхүү үр дүнг нь үнэлэхийн тулд цаашдаа үнэлгээний аргачлалыг тодорхойлох, хэмжиж болохуйц шалгуур үзүүлэлтийг ашиглах шаардлагатай. Мөн түүнчлэн салбар, хүрээн дэх авлигын эрсдэлийг бууруулахад чиглэсэн арга барилыг сайжруулах хэрэгтэй байна. Орон нутагт салбар, нэгжгүй байгаагаа нөхөхийн тулд АТГ-аас Иргэний хяналтын зөвлөл гэж нэрлэгддэг зөвлөлүүдийг байгуулсан бөгөөд эдгээр нь төв болон орон нутгийн түвшинд аль алинд нь ажилладаг. Тэдний үйл ажиллагааны хүрээнд хөтөлбөрийн хэрэгжилт, ил тод байдал, шударга байдал, санхүүгийн хариуцлагатай байдал хамаардаг. Энэхүү шийдэл нь үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хүн хүчний дутагдлыг шийдэх нэг гарц байж болох хэдий ч АТГ-ын орон нутаг дахь салбар, нэгжийг бүрэн хэмжээгээр орлож чадахгүй юм. Монгол Улсын хувьд эдгээр зөвлөлүүдийн үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байдлыг сахин хангаж, тэдний үйл ажиллагааны талаарх мэдээллийг цахим орчинд нээлттэй байлгах талаар анхаарах шаардлагатай. Судалгааны ажлууд өргөн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд зарим тохиолдолд Монгол Улс дахь бодлого боловсруулах ажилд судалгааны үр дүнг ашиглажээ. Энэхүү тайлангаар судалгааны чиглэлээр хийгдэж байгаа, ул суурьтай хэвшиж тогтсон үйл ажиллагааг сайшаан дүгнэхийн зэрэгцээ судалгааны үр нөлөөг дээшлүүлэхийн тулд өнгөрсөн хугацаанд бий болсон их хэмжээний судалгааны мэдээллийг бүрэн хэмжээгээр ашиглах, судалгаагаар тогтоогдсон илэрхий дүгнэлт, нотолгоонд дүн шинжилгээ хийж, стратегийн төлөвлөлт болон үнэлгээний үйл ажиллагаанд хамтатган ашиглахыг Монгол Улсад уриалж байна. Өндөр түвшний зохицуулалтын механизмыг хараахан бий болгоогүй байгаа боловч АТГ нь бодлогын зохицуулалтыг хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд төрийн байгууллага тус бүр дээр томилогдсон эрх бүхий албан тушаалтнуудтай хамтран ажиллаж байгаа практик туршлага зарим талаар хэвшиж тогтсон байна. Гэсэн хэдий ч бүхий л талуудын оролцоог хангасан бодлогын зохицуулалт хийхэд шаардагдах системчлэгдсэн, тогтсон бүтэц бүхий, байнгын тууштай үйл ажиллагаа бүрэлдэж тогтоогүй байна.

     Авлигын талаарх ойлголт, түүнийг үл тэвчих байдал нийгэмд нэмэгдэж байгаа хэдий ч итгэлцлийг нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх шинэчлэлийн үйл ажиллагаанд иргэдийг татан оролцуулахын тулд Монгол Улс илүү ихийг хийх ёстой. Энэ нь Засгийн газрын зүгээс авлигатай тэмцэх талаар шийдвэртэй алхам хийж, мөн олон нийтийн зүгээс тэрхүү хүчин чармайлтад итгэсэн цагт л зөвхөн хэрэгжих боломжтой болно. Монгол Улс авлигын талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, олон нийтэд сурталчлах ажлыг байнга зохион байгуулж ирсэн боловч олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх тэдгээр кампанит ажлын үр дүнд үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. Хамгийн нөлөө бүхий салбаруудад чиглүүлэн тодорхой утга агуулга бүхий кампанит ажлыг замын цагдаа, орон нутгийн засаг захиргааны байгууллага, эмнэлэг, эсхүл бусад салбар, хүрээнд оршиж байгаа авлигатай тэмцэх гэх мэт бусад урьдчилан сэргийлэх болон таслан зогсоох арга хэмжээтэй зэрэгцүүлэн явуулахыг Монгол Улсад зөвлөж байна. Дараагийн шатны соён гэгээрүүлэх ажлыг төлөвлөхийн тулд иймэрхүү кампанит ажлуудын үр нөлөөг тухай бүр үнэлж дүгнэж байхыг мөн зөвлөж байна.

    АТГ-ын ажлын үр дүн сайжирч байгаад талархал илэрхийлье. Үүний зэрэгцээ Монгол Улсын АТГ-ын өдөр тутмын үйл ажиллагаанд янз бүрийн бэрхшээл тулгарч байгааг харамсалтай нь цохон тэмдэглэхээс аргагүй байна. Тухайлбал нөлөө бүхий бүлэглэл, хүчнүүдээс үүдэлтэй улс төрийн дарамт шахалт, төрийн байгууллагуудын зүгээс тус байгууллагад шаардлагатай дэмжлэг үзүүлэхгүй байгаа байдлуудыг дурдаж болох юм. АТГ нь өөрийн бүрэн эрхэд хамаарах бүхий л чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд тус байгууллагын төсөв, ажиллагсдын тоо, ажилтнуудын цалин нэмэгдсэн хэдий ч орон нутгийн салбар, нэгж байгуулагдаагүй байна. АТГ-ын бие даасан байдалд заналхийлсэн халдлага, дайралтууд болон түүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого одоо ч үргэлжилсээр байгаа нь Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагаанд ноцтой саад учруулж байна. АТГ-ын үйл ажиллагааг зүй бус нөлөөллөөс ангид байлгах, тус газрын даргын бүрэн эрхийн хугацаа зэрэг байгууллагын бие даасан байдлын баталгааг хатуу чанд сахин мөрдүүлэхийг Монгол Улсад уриалж байна. Мөн түүнчлэн АТГ-ын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий Олон нийтийн хяналтын зөвлөлийн гишүүдийг бодитой бөгөөд ил тод байдлаар сонгох, тэдний үйл ажиллагааны хариуцлагатай байдлыг хангахыг зөвлөж байна. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа Энэхүү тайланд хамрагдаж байгаа хугацаанд Монгол Улсын хувьд мэргэшсэн төрийн албаар дутагдсан гэх асуудал гарсангүй. Гол хүндрэл бэрхшээл болох төрийн албаны хэтэрхий улс төржсөн байдал, улс төрийн намын харьяалалд үндэслэсэн хүний нөөцийн бүрдүүлэлт, төрийн албаны томилгоотой холбоотой авлига, хээл хахууль, улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөх бүрт төрийн албан хаагчдын тоо нэмэгддэг байдал нь өөрчлөгдөхгүй байна. Монгол Улс төрийн албаны шинэ хуулийг баталж түүнтэй холбоотой бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулсан. Энэхүү шинэчлэлийг бодит байдлаар хэрэгжүүлэхэд Төрийн албаны зөвлөлийн хүчирхэг манлайлал, ажил хэрэг явуулах өндөр чадавхи зайлшгүй шаардлагатай бөгөөд мөн уг зөвлөлд Засгийн газрын зүгээс улс төрийн дэмжлэг үзүүлэх ёстой. Төрийн албаны зөвлөл нь улс төрийн нөлөөнөөс ангид бөгөөд чиг үүргээ үр дүнтэй явуулах чадвартай байх нь чухал юм. Монгол Улс мэргэшсэн төрийн албаны тогтвортой байдлыг хангаж, төрийн албаны цалин хөлсний өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ил тод, шударга цалин хөлс гэдэгт найдаж байна. Төрийн албанд судалгаа, нотолгоонд суурилсан шинэчлэл хийж, үр ашигтай менежмент бий болгохын тулд хүний нөөцийн удирдлагын мэдээллийн системийг бий болгох хэрэгтэй. Монгол Улсад өндөр түвшний авлига газар авсан байна. Монголын жирийн ард иргэдийн зүгээс эсэргүүцлээ илэрхийлэн олноороо жагсах шалтгаан болсон «ЖДҮ-ийн хэрэг”, “60 тэрбумын хэрэг” зэрэг сүүлийн үеийн авлигын дуулианууд нь энэхүү асуудлын цар хүрээг илтгэн харуулж байна. Нөхцөл байдал ийм байхад улс төрийн албан тушаалтнуудын шударга ёсны хэм хэмжээг тогтоосон дүрэм, журмын хэрэгжилт сул хэвээр байна. Дээд түвшний улс төрийн албан тушаалтнуудад чиглэсэн, шударга ёсны хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актуудыг идэвхтэй, системтэй, тууштай байдлаар хэрэгжүүлэх, тэдгээр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг бодитой байдлаар баталгаажуулах, улс төрийн албан тушаалтны ёс зүйн дүрмийг батлах, түүнийг практик амьдрал дээр сахин биелүүлэх талаар улс төрийн албан тушаалтнуудад сургалт явуулах, зөвлөгөө өгөх, удирдамжаар хангахыг Монгол Улсад зөвлөж байна.

     Хөрөнгө, орлогын мэдүүлгийн тогтолцоо бүрэлдэн бий болсон бөгөөд төрийн албан хаагчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ тогтмол мэдүүлж, улмаар тэдгээр мэдүүлгийг цахимаар хэвлэн нийтэлж байна. Мэдүүлгийг хянах механизм нь төвөгтэй бөгөөд нэгдсэн тогтолцоогүй хэвээр байгаа нь мэдүүлгийн баталгаажуулалт болон хэрэгжилтийн үр нөлөөг сааруулж болзошгүй юм. Хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд үнэлгээ хийх үндсэн байгууллагад (АТГ) мэдүүлгийн баталгаажуулалтын үр дүнтэй байдлыг хангахад шаардагдах хангалттай хэмжээний хүн хүч, санхүүгийн нөөц, техник хэрэгсэл (чухал шаардлагатай төрийн мэдээллийн санд нэвтрэх, санамсаргүй түүвэрлэлт гэх мэт) хүрэлцэхгүй байна. Хөрөнгө, орлогоо мэдүүлэхтэй холбоотой гарсан зөрчлүүдэд зарим нэг шийтгэл оногдуулж байгаа боловч тэдгээр нь анхааруулга, сургамж болох хэмжээнд байж чадахгүй байна. Монгол Улс албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн баталгаажуулалтыг системчлэгдсэн, тогтсон байдлаар, бодитойгоор зохион байгуулах, энэ хүрээнд мөн өндөр түвшний албан тушаалтнуудад анхаарал хандуулах, тодорхой зөрчлүүдийг хянан шалгах, мэдүүлгүүдийг нээлттэй мэдээллийн хэлбэрээр хэвлэн нийтлэх, холбогдох зөрчилд хүлээлгэж байгаа хариуцлагыг үр нөлөөтэй байдлыг хангах талаар зохих хүчин чармайлт гаргах нь зүйтэй. Өмнөх үнэлгээний дараа тэндээс өгсөн зөвлөмжийн дагуу ашиг сонирхлын зөрчлийн зохицуулалтдаа холбогдох шинэчлэлт өөрчлөлтийг Монгол Улс хийгээгүй байна. Харин эсрэгээрээ ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдалд төрийн албаны томилгоо хийх боломжийг бүрдүүлсэн ухралт бий болжээ. Энэ байдлыг засах, практикт хэрэгжүүлэх боломжтой хэм хэмжээг тогтоохын тулд холбогдох хуульд шаардлагатай өөрчлөлт хийх нь зүйтэй. Мэдээлэл, өгөгдөлд үндэслэн хангалттай түвшний хяналт-шинжилгээ хийх замаар хатуу чанд байдлаар хэрэгжүүлэх шаардлагатай. Хэдийгээр энэ чиглэлээр тодорхой сургалтууд хийгдсэн нь сайшаалтай боловч төрийн байгууллагууд, төрийн албан хаагчдад системтэй удирдамж, зөвлөгөө, сургалт явуулах ажлыг цаашид үргэлжлүүлэх зохион байгуулах хэрэгтэй. Авлигын талаар мэдээлэх явдлыг үүрэг болгосон зохицуулалт хэвээр байгаа боловч шүгэл үлээгчийг хамгаалах хамгаалалтыг бий болгоогүй байна. Иргэдийн зүгээс авлигын талаар АТГ-т шууд утсаар, шуудангаар, өөрийн биеэр болон цахим шуудангаар мэдээлж болохоор байна. Гэхдээ мэдээлэгчийг хамгаалах тогтолцоо байхгүй бол мэдээлэл хүлээн авах эдгээр хэлбэр төдийлөн үр дүнтэй байдаггүй. Сонирхогч талуудтай хамтран ажиллах, шүгэл үлээгчийг хамгаалахын тулд зүй зохистой эрх зүйн орчин бүрдүүлэх, тухайлбал шүгэл үлээгчийн мэдээллийг хүлээн авах, хянан үзэх, тухайн мэдээллийн мөрөөр холбогдох арга хэмжээ авах үйл ажиллагааны журам, мөн мэдээллийг урамшуулах шаардлагатай. Монгол Улс мөн сургалт зохион байгуулах, хамгаалалтын механизмын талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, мэдээлэх явдлыг дэмжих ёстой. Ерөнхийдөө хууль зүйн баталгаа байгаа хэдий ч шүүгчдийн хараат бус байдал хангагдаагүй байна. Шүүгчид болон шүүх засаглалд хамаарах байгууллагын албан тушаалтнуудын томилгоо гэх мэт шүүхтэй холбоотой чухал шийдвэрүүдийг гаргахад улс төрийн нам, улс төрчид хутгалдан оролцож, уг асуудалд нөлөө бүхий байр суурь эзэлж байна. Энэхүү тайлангаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүдийг томилохоос бусад тохиолдолд шийдвэр гаргах үйл явцад улс төрийн байгууллагыг оролцуулахгүй байх, үүний зэрэгцээ Ерөнхийлөгчийн үүрэг, оролцоог бэлэгдлийн хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг зөвлөж байна. Хэдийгээр хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүд нь шүүхийн даргын үүрэг ролийг хязгаарласан хэдий ч хэргийг хуваарилахтай холбоотой тэдний эрх мэдэл хэвээр байна. Түүнчлэн, шүүхийн танхимын шүүгчид нь тухайн танхимын үйл ажиллагаанд хяналт тавих эрх мэдэлтэй байдаг. Тиймээс захиргааны албан тушаалд томилогдсон шүүгчдийн давуу эрх мэдлийг халахыг Монгол Улсад зөвлөж байна. Шүүх засаглалын санхүүжилт ихээхэн багассан ба үүний улмаас шүүгчдийн орон тооны 30 орчим хувийг нөхөн бүрдүүлэхгүй, албаар хоосон байлгаж байна. Шүүхийн санхүүжилтийг зохистой хэмжээнд хүргэхийг Монгол Улсад зөвлөж байна. Шүүгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд алдаа дутагдалтай тал байгааг тайланд онцлон тэмдэглэж, шүүгчдийг томилохдоо тэдний туршлага, чадварт үндэслэж байх баталгаатай нөхцөл бүрдүүлэхийг уриалж байна. Шүүгчдэд ёс суртахуун, авлигатай тэмцэх болон шударга ёсны талаарх сургалтыг эрчимтэй хийх зайлшгүй шаардлагатай. 

    Прокурорын байгууллагын гадаад хараат бус байдал болон байгууллага доторх прокуроруудын бие даасан байдлыг хангах нь Монгол Улсын прокурорын байгууллагын хувьд хамгийн бэрхшээлтэй асуудал юм. Прокурорын байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөх асуудал дахь улс төрийн байгууллагуудын оролцоо, тус байгууллагын үйл ажиллагаатай холбоотой дүрэм журмыг батлахтай холбоотой Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь прокурорын байгууллагын үйл ажиллагаанд улс төрийн нөлөөллийн ноцтой эрсдэл учруулж байна. Холбогдох хууль тогтоомжид оруулсан 2017 оны нэмэлт өөрчлөлтийн үр дүнд прокурорын байгууллага дахь шатлан захирах тогтолцоо өргөжиж, төвлөрөл нэмэгдсэн явдлыг энэхүү тайланд онцлон шүүмжилж байна. Дээд шатны прокуророосдоод шатны прокурорт хяналт тавьж, зааварчлага өгөх эрхийг ул үндэстэйгээр хязгаарлах, хууль бус үүрэг даалгавар, заавраас хамгаалуулах механизмыг бүрдүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байна. Тус тайланд сахилгын асуудал хариуцсан тусдаа байгууллага байгуулах, прокурорын удирдлагын бие даасан тогтолцоог бий болгох асуудлыг анхааран авч үзэхийг зөвлөж байна. Монгол Улсад прокуроруудыг ажилд авах, дэвшүүлэхдээ чадахуйн зарчмыг мөрдөхгүй байгаад анхааран үзэж, мэргэжлийн өндөр ур чадвар, шударга байдал нь прокурорыг томилох, дэвшүүлэхэд баримтлах гол зарчим болгож мөрдүүлэх шаардлагатай. Хууль тогтоомжид авлигын эсрэг үнэлгээ хийх ажил практик дээр явагддаггүй бөгөөд хүчин төгөлдөр журмууд нь хангалтгүй байна. Мэдээллийн хүртээмжтэй байдлын эрх зүйн орчин нь тайлант хугацаанд өөрчлөгдөөгүй бөгөөд практик туршлага сайжирсан гэх нотолгоо алга. Төрийн байгууллагуудад энэ үүргийг тодорхой заагаагүй бөгөөд Омбудсмэний үйл ажиллагаа явагддаггүй. Бусдыг гутаан доромжилсон үйлдлийг гэмт хэрэгт тооцохоо болсон боловч захиргааны хариуцлага хүлээлгэсээр байна. Түүнчлэн провайдэр компаниудад албан бус зааварчилгаа өгөх замаар онлайн контентыг хянаж байгаа нь мөн л анхаарч үзэх асуудал юм.

    Нөгөөтэйгүүр Монгол Улс ОҮИТБС ба НЗТ-ийн оролцоондоо ахиц дэвшил гаргаж байгааг тайланд сайшаан тэмдэглэхийн хамт эдгээр болон бусад ил тод байдлын санаачлагын хүрээнд хийж байгаа ажлынхаа үр дүнг нэмэгдүүлэхийг уриалж байна. Монгол Улс цахим-худалдан авалтын цогц системийг нэвтрүүлж байгаа нь сайшаалтай байна. Төрийн байгууллагын маш олон тооны ажилтнууд болон гэрээлэгчид, ханган нийлүүлэгчид цахим худалдан авалтын системийг хэрхэн ашиглах талаар сургалтад хамрагджээ. Гэсэн хэдий ч санаа зовох асуудал бол төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн үйлчлэлийг өргөжүүлээгүй бөгөөд харин ч үүний оронд хуулийн үйлчлэлээс улам олон төрийн байгууллагуудыг хассан байна. Цаашилбал, бүрэн хэмжээний өрсөлдөөн явагдаагүй шалгаруулалтын үндсэн дээр шийдвэрлэгдэж хийгдсэн гэрээний тоо болон үнийн дүн ихээхэн өссөн байна. Төрийн худалдан авалтын хуулийн үйлчлэлд төрийн бүх байгууллагуудыг (Хөгжлийн банк гэх мэт) хамруулах, хязгаарлагдмал тендер шалгаруулалт, ялангуяа шууд гэрээ байгуулах хэлбэрийг багасгах, цахим худалдан авалтын платформын худалдан авалтын бүх үйл ажиллагаа болон дэлгэрэнгүй, машин уншиж болохуйц тайланг багтаасан үйл ажиллагааг цаашид улам боловсронгуй болгохыг Монгол Улсад зөвлөж байна. Монгол Улс бизнесийн орчин, өрсөлдөх чадварын олон улсын зэрэглэлд доогуур байр суурь эзэлсэн хэвээр байна. Засгийн газраас бизнесийн шударга байдалд чиглэсэн арга хэмжээнд ач холбогдол өгөхгүй байгаа ба хувийн хэвшилд комплианс болон ёс зүйг дэмжин дэлгэрүүлэхэд чиглэсэн хүчин чармайлт хязгаарлагдмал байдалтай байна. Бизнесийн холбоод, ТББ-ууд болон бусад оролцогч талууд сургалт зохион байгуулах, анзаарга, анхаарал нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулах, компаниудын зүгээс өөрийн гэсэн бодлогыг боловсруулахад тус нэмэр болохуйц янз бүрийн арга хэрэгсэл болон стандарт бодлогуудыг боловсруулах замаар бизнесийн шударга байдлыг өргөжүүлэх идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Засгийн газраас компаниудыг дотоод хяналт, ёс зүйн бодлого хөгжүүлэхийг нь урамшуулан дэмжсэн зүйл хийгээгүй бөгөөд ийм нөлөө үзүүлэхүйц мөнгөн урамшуулал бий болгоогүй байна. Төрийн сангуудын ил тод, хариуцлагатай байдал туйлын учир дутагдалтай байгаа нь сэтгэл түгшээж байна. Бизнес эрхлэгчдээс авлигын талаар мэдээлэх суваг байхгүйгээс, мөн шүгэл үлээгчийн хамгаалалт байхгүй, авлигатай тэмцэж байгаа Засгийн газрын хүчин чармайлтад итгэх итгэл бага байдаг тул компаниуд мэдээлэх хүсэлгүй байдаг. Тайланд бизнесийн шударга байдлын талаар хэд хэдэн зөвлөмжийг тусгав. Тухайлбал төрийн сангуудын үйл ажиллагаан дахь авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн өмчит МОНГОЛ УЛСЫН 4 ДҮГЭЭР ШАТНЫ МОНИТОРИНГ © 2019 ОН 11 компаниудын засаглал ба авлигатай тэмцэх хөтөлбөрүүд, ашиг хүртэгч эздийг ил болгох, хувийн хэвшил болон бусад салбарт мэдээлэл өгөх сувгийг бий болгох зэрэг асуудлыг хөндөв

Монгол Улс дахь авлигын эсрэг шинэтгэл
Бусад ном