(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"Бизнесийн итгэлийн индекс-2020" судалгааны үр дүнгийн танилцуулга

2021/06/07
  1. Эдийн засгийн нөхцөл байдал, чиг хандлага /Формат: *.pdf, Хэмжээ: 1,84 мб/
  2. Бизнес итгэлийн индекс-2020 судалгааны үр дүнгийн танилцуулга /Формат: *.pdf, Хэмжээ: 1,12 мб/

Бизнесийн орчны ерөнхий төлөв байдлыг үнэлэх, сайжруулах, түүний арга замыг тодорхойлох зорилго бүхий “Бизнесийн итгэлийн индекс-2020” судалгааны үр дүнг МҮХАҮТ танилцууллаа. Энэхүү судалгааг 2000 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулж, үр дүнг нь шийдвэр гаргагчдад хүргэж, төр засгийн бодлого, үйл ажиллагаанд тусгуулахад анхаарч ирсэн билээ. Эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалт, худалдаа, үйлчилгээ, барилга, дэд бүтэц гээд бүхий л салбар цар тахал, удаа дараагийн хөл хорио томоохон цохилтод өртөж, хямрал, хүндрэл улам гүнзгийрсэн энэ үед “Бизнесийн итгэлийн индекс-2020” судалгааг танилцуулж байна.

2020 оны бизнесийн орчны итгэлийн индекс -0.28 гарч, сүүлийн дөрвөн жилийн үзүүлэлтээс доогуур гарлаа. Тодруулбал, гадаад зах зээлийн таагүй байдал, экспортын өсөлт саарсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт хумигдсан, аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаа доголдсон, орлого, ашгийн хэмжээ буурсан нь дээрх үнэлгээнд нөлөөлжээ. “Бизнесийн итгэлийн индекс-2020” судалгааны дүн 2015 оны судалгааны дүнтэй ойролцоо түвшинд гарлаа. Эргэн сануулахад, 2015 эдийн засгийн өсөлт хумигдаж, бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтын орчин муудсан төдийгүй хямрал үүсээд байсан юм.

2020 онд бизнесийн итгэлийн үндсэн дөрвөн үзүүлэлт 2019 онтой харьцуулахад буурсан дүнтэй гарав. Тухайлбал, Барилга, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийн бизнесийн орчинд итгэх итгэл улсын дунджаас бага байлаа. Судалгаанд оролцсон барилга, худалдааны салбарын бизнес эрхлэгчид 2021 онд бизнесийн орчин илүү муудна гэсэн хүлээлттэй байна. Бизнесийн үйл ажиллагаанд санхүүгийн нөхцөл байдал, бараа бүтээгдэхүүний эрэлтийн бууралт хамгийн их сөрөг нөлөөтэй байна гэж оролцогчид үзжээ.

Бизнесийн итгэлийн индексийг бизнесийн орчин,бизнесийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, макро эдийн засгийн орчин гэсэн үндсэн 4 үзүүлэлтээр тооцож гаргадаг. Судалгааны аргачлалд энэ жилээс өөрчлөлт оруулж, олон улсын аргачлалын дагуу эдийн засгийн гол салбаруудаар тооцон гаргаж байна. “Бизнесийн итгэлийн индекс”-ийн судалгааг энэ оны гуравдугаар сард Улаанбаатар хот болон орон нутагт явуулж, 1400 гаруй аж ахуйн нэгжийг хамрууллаа. Судалгаанд оролцогчдыг бизнесийн үйл ажиллагааны чиглэлээр нь авч үзвэл, 15 хувь нь үйлдвэрлэл, 25 хувь нь худалдаа, 14 хувь нь барилга, 10 хувь нь хөдөө аж ахуй, 37 хувь нь үйлчилгээний салбар байна. Оролцсон аж ахуйн нэгжийн 76 хувь нь нэг тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой бол 95 гаруй хувь нь 200 хүртэлх ажилтантай байна.

Мөн энэ үеэр Эдийн засгийн нөхцөл байдал, чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Бизнес эрхлэгчдийн зүгээс татвар, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудлуудаар байр сууриа илэрхийлж байв. МҮХАҮТ-аас татвар, нийгмийн даатгал, хэвийн бус зээлийн хэмжээ, аж ахуйн нэгжүүдэд өршөөл үзүүлэх асуудлыг УИХ, Засгийн газарт тавих замаар эдийн засгийг дахин сэргээхэд анхаарч ажиллана гэж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин онцоллоо.