Шударга бизнес Монгол Улсын хөтөлбөр
-
Монгол Улс эдийн засгийн өсөлт, уналтын аль алиныг туулсан хэвээр байна. 2012 онд өндөр өсөлттэй байсан (12.3%) эдийн засаг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эдийн засгийн удаашралаас үүдэлтэй нүүрсний экспортын огцом бууралтаас шалтгаалан эдийн засгийн өсөлт төсөөлж байснаас доогуур байлаа. Түүхий эдийн үнийн уналт, авлига болон гадаадын шууд хөрөнгө оруулалтын бууралтаас үүдсэн 2014-2016 оны огцом уналтын дараагаар Монгол Улсын эдийн засаг 2017 онд харьцангуй эрүүл болсон юм. Нүүрсний экспорт нэмэгдсэний ачаар дотоодын нийт бүтээгдэхүүн 5.1 хувиар өсөж, гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэн бизнесийн хандлага сайжирчээ. Олон Улсын Валютын Сангийн Захирлуудын Зөвлөлийн Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөрийн гурван жилийн өргөтгөсөн хэлэлцээрийн дэмжлэгтэй хөтөлбөр хэрэгжиж эхлэв. Уг хөтөлбөрийн дагуу Монгол Улсын гүйцэтгэлийн нэг, хоёрдугаар шатны үнэлгээг хийж дуусгажээ. Эдийн засгийн өсөлтийн төлөв 2018 он болон дараачийн жилүүдэд эерэг байхаар байна. Гэвч сайжирч байгаа төлөв байдлын хажуугаар эдийн засгийн бүтцийн асуудал болон экспортын төрөлжилт хязгаарлагдмал хэвээр байна. Эдийн засаг нь олборлох үйлдвэрийн салбараас (дотоодын нийт бүтээгдэхүүнийн 20% орчим) хүчтэй хамааралтай байгаа нь түүхий эдийн үнэ эсвэл бусад гадаад шоконд өртөмтгий болгож байна.
2010 оноос хойш ажиглагдсан эдийн засгийн тэсрэлтийн жилүүдэд эдийн засаг өсөхтэй зэрэгцэн ядуурал буурчээ. Хэдий тийм боловч 2014-2016 онд уул уурхайн бус салбарын хөрөнгө оруулалт, хувийн хэрэглээ буурсны үр дүнд Монгол Улсын ядуурлын түвшин нэмэгдэж, эргээд 2012 оныхоо түвшинд очсон юм. Ирэх жилүүдэд ядуурлыг бууруулах гол хүчин зүйл нь 2017 оноос өсөх шинжтэй байгаа өрхийн орлого, санхүүгийн тогтвортой хөдөлмөр болон нийгмийн хамгааллын бодлогууд юм. Тогтвортой, нийтийг хамарсан өсөлтийг хангах мөн ядуурлыг бууруулахын тулд Монгол Улс засаглалаа бэхжүүлэх; төсвийн орлогыг үр ашигтай удирдах институцийн чадавхыг бий болгох; нөөцөө зардал, хөрөнгө оруулалт, хадгаламжид үр ашигтайгаар хуваарилах; байгаль орчны хамгаалал болон ирээдүй хойч үеийн өмч гэсэн ойлголтын хүрээнд хот суурин ба орон нутаг дахь иргэдээ ижил боломжоор хангах шаардлагатай байна.
Сүүлийн жилүүдэд популист улс төрчид, танил талаа албан тушаалд дэвшүүлэх зэрэг нь бизнест сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Улс төрийн намууд нь ихээхэн авлигажиж, бизнесийн шударга байдалд хор хөнөөл учруулж байна. Тиймээс мэдээлэгчийг хамгаалах тухай хууль болон улс төрийн намын санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байна.
Монгол Улсын шүүх тогтолцооны бие даасан байдал сул байгаа нь томоохон бэрхшээл болж байна. Хэд хэдэн том авлигын хэргүүдийг прокуророос хүчингүй болгосон байна. Дэлхийн Эдийн Засгийн Форумаас 2017 онд гаргасан Шүүхийн Бие Даасан Байдлын тайланд Монгол Улс 137 орноос 110-т жагссан нь өмнөх жилээс 9 байр ухарчээ. ТИ-Монгол албадан хэрэгжүүлэх арга хэмжээний ил тод байдлыг уриалж байгаа бөгөөд хуулийн албадан хэрэгжүүлэлтийн тухай ойлголт нь хүчтэй хэрэгсэл болж, сайн туршлагыг тогтооно гэж итгэж байна.
ТИ-Монгол сүүлийн 10 жилийн хугацаанд төрийн болон иргэний нийгмийн байгууллагын аль алинтай нь хамтран ажиллажээ. Хэдийгээр хүчин чармайлт гаргаж байгаа боловч олон асуудал, бэрхшээл байсаар байна. Авлигатай тэмцэхийн тулд бизнесийн салбартай мөн нягт хамтран ажиллах шаардлагатай байгааг ТИ-Монгол хүлээн зөвшөөрч байна. ТИ-Монгол нээлттэй, өрсөлдөхүйц, ил тод бизнесийн орчинг дэмжихийн тулд хувийн хэвшилтэй шууд хамтран ажиллаж, компанийн шударга байдлыг сайжруулан, нэгдэл үүсгэхийг зорьж байна.
Шударга Бизнес Монгол Улсын Хөтөлбөр бизнесийн шударга байдал, компанийн практиктай холбогдох эрх зүйн орчинд үнэлгээ хийх зорилготой. Монгол Улсад бизнесийн орчны бодит байдлыг ойлгож байж шударга байдлаар үйл ажиллагаа явуулах компаниудын хичээл зүтгэлийг дэмжихүйц шинэчлэлийн хөтөлбөрийг боловсруулах, зохих хэрэгсэл, механизмыг хөгжүүлэх боломжтой болно.
BICA нь бодит өөрчлөлт, сайжруулалтыг бий болгоход ашиглагдана гэж бид итгэж байна. BICA-аас гарсан үнэлгээ, зөвлөмж нь шинэчлэлийн хөтөлбөрийг боловсруулах суурь болж, ойрын жилүүдэд бодитой өөрчлөлтийг авчрах хүртэл холбогдох талууд хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Тиймээс бид хувийн болон төрийн салбарыг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Монгол Улс дахь бизнесийн орчныг шинэчлэхийн төлөө ажиллахыг дэмжиж байна.